Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банк Банкны тухай хуулийн 4.2 болон 36.1-д заасан шаардлагыг хэрэгжүүлэх хугацаа, үнэт цаасаа нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, хувьцааны үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын тандан судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг баталж 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөрт багтаан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлнэ.

2 дугаар зүйл.Банкнаас ирүүлсэн төлөвлөгөө нь хэрэгжих боломж хязгаарлагдмал, үндэслэлгүй, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан журмын шаардлага хангаагүй бол Санхүүгийн зохицуулах хорооны саналыг үндэслэн Монголбанк шаардсанаар банк төлөвлөгөөг өөрчилнө.

3 дугаар зүйл.Банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг энэ хуульд нийцүүлэн өөрчлөх, энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах хянах түр журмыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран батална.

4 дүгээр зүйл.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан банк 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор холбогдох хуулийн дагуу компанийн хэлбэрээ өөрчилсөн байна.

5 дугаар зүйл.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан банк Банкны тухай хуулийн 36.1-д заасан шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хангасан байна.

6 дугаар зүйл.Монголбанк энэ хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй банкинд энэ зүйлд заасан арга хэмжээг авахдаа тухайн зөрчил, дутагдал, үүссэн нөхцөл байдал, шаардлагад тохирсон арга хэмжээг авах зарчмыг баримтална.

6.1.Монголбанк энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй банкинд дараах арга хэмжээг авна:

            6.1.1.Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээг;

            6.1.2.Банкны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөлт удирдлагын арга хэмжээг;

6.1.3.энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан хугацаанд Банкны тухай хуулийн 36.1-д заасан шаардлагыг хангаагүй хэсэгт хамаарах хувьцаа, хувьцаанд хамаарах хэсгийг өөрийн хөрөнгөөс хасаж тооцох;

6.1.4.хууль тогтоомжид заасан бусад арга хэмжээ.

6.2.Монголбанк энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй банкны хувьцаа эзэмшигчид дараах арга хэмжээг авна:

6.2.1.нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцаа эзэмшигчдийн хурлын саналын эрхийг түдгэлзүүлэх;

6.2.2.хязгаарлалт хангаагүй хэсэгт хамаарах хувьцаа, хувьцаанд хамаарах хэсэгт ногдол ашиг олгохгүй;

6.2.3.хязгаарлалт хангаагүй хэсэгт хамаарах хувьцаа, хувьцаанд хамаарах хэсгийг албадан худалдахыг шаардах;

6.2.4.компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх эрхийг түдгэлзүүлэх;

6.2.5.Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн бусад эрхийг түдгэлзүүлэх;

6.2.6.хууль тогтоомжид заасан бусад арга хэмжээ.

Хэвлэх

7 дугаар зүйл.2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр банк байгуулах тусгай зөвшөөрөлтэй, Засгийн газраас үүсгэн байгуулсан банкийг энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан хугацаанд банкны хэлбэрийг өөрчлөх арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлнэ.

8 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 24.1.5 дахь заалт, 29.1, 31.2, 33.1 дэх хэсэгт Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар оруулсан өөрчлөлтийг 2022  оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөнө.

9 дүгээр зүйл.Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

           
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР