Хэвлэх DOC Татаж авах
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 47

ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.1, 11.5.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалтын “ногоон түвшин” (халдвар илрээгүй)-д байгаа аймаг, сум, тосгон, багт байршилтай цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээл, сургалтын үйл ажиллагааг ариутгал халдваргүйжүүлэлт хийсний үндсэн дээр халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

2. Теле болон цахим хичээлээр олгож буй мэдлэг, чадварын түвшинг тогтоосны үндсэн дээр сурлагын хоцрогдлыг арилгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

3. Эрсдэлгүй ногоон бүсэд танхимын хичээл, сургалтын үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэхтэй холбогдуулан төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрыг зохих журам, зааврын дагуу ариутгаж халдваргүйжүүлэхэд нэн шаардлагатай ариутгалын бодис, багаж, хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэ тогтоолын 2, 3-т заасан арга хэмжээнд шаардагдах зардлыг тооцож, холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны батлагдсан төсвийн багцын хүрээнд  зохицуулалт хийж, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Халдварын өндөр эрсдэлтэй зарим аймаг, нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг, сургуулийн хичээлийн болон дотуур байрыг мэргэжлийн байгууллагатай хамтран ариутгаж халдваргүйжүүлэх зардалд зориулан 512,260,200 (таван зуун арван хоёр сая хоёр зуун жаран мянга хоёр зуу) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                          Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд                                Л.ЭНХ-АМГАЛАН

Сангийн сайд                                                                  Б.ЖАВХЛАН