Хэвлэх DOC Татаж авах
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 122

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх зорилгоор вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн Монгол Улсын иргэн бүрд 50,000 (тавин мянга) төгрөгийн мөнгөн урамшууллыг нэг удаа олгосугай. (Засгийн газрын 2021 оны 138 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.Мөнгөн урамшуулал олгох арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3.Энэ тогтоолын 1-д заасан арга хэмжээнд шаардагдах зардлыг 2021 оны төсөвт холбогдох зохицуулалт хийж, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                 Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Сангийн сайд                                                          Б.ЖАВХЛАН