Хэвлэх DOC Татаж авах
ХИЛИЙН БООМТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 121

ХИЛИЙН БООМТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.19, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор авто замын болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасугай. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 155, 177 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

2. Агаарын замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг     2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс үе шаттайгаар эхлүүлэх, коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсөн улсуудтай хуваарьт нислэгийг хийж эхлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгасугай.

3. Хилийн Цагааннуур, Боршоо авто замын боомтыг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт ажиллуулж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга) нарт даалгасугай. (Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 155 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

4. Хилийн Эрээнцав төмөр замын боомтыг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн байнгын ажиллагаанд шилжүүлж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын ачааны галт тэргийн хуваарийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга) нарт даалгасугай.

5. Коронавируст халдвар /КОВИД19/-ын эсрэг дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат шугамаар тохиролцож, Монгол, Оросын хилийн Алтанбулаг-Хиагт, Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг үе шаттайгаар сэргээн, эхний ээлжинд вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийг улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд зөвшөөрсүгэй.

6. Авто замын болон төмөр замын хилийн боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг сунгаж, зарим боомтын цагийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талд дипломат шугамаар мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн) нарт даалгасугай.

7. Зайлшгүй шаардлагаар улсын хил нэвтрэх иргэдийн асуудлыг тухай бүр шийдвэрлэж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд зөвшөөрсүгэй.

8. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолын 3 дахь заалт, “Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн       239 дүгээр тогтоолын 1 дэх заалт, “Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар тогтоолын 1 дэх заалтын “4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал” гэснийг “6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл” гэж тус тус өөрчилсүгэй.

9. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолын 2 дахь заалт, “Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 195 дугаар тогтоолын 1 дэх заалт, “Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар тогтоолын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ