Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН  БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 117

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН

БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2017 оны 07/2017 хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх /БНбД 22-01-21/ барилгын норм, дүрмийг нэгдүгээр хавсралтаар баталж, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зураг төсөл зохиох ажилд мөрдүүлсүгэй.

2.Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй барилга байгууламжийн зураг төслийг тус норм дүрэмд тохируулан өөрчлөхийг захиалагч, зураг төсөл зохиогч, салбарын аж ахуйн нэгж байгууллагуудад тус тус даалгасугай.

3.Баталсан барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдөж эхлэх хугацаанаас өмнө хэвлэн олшруулж холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэх, сургалт зохион байгуулан мөрдүүлэх, сурталчлах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т, тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т тус тус даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаар тушаалаар батлагдсан “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх” /БНбД 22-01-01*/2006/ барилгын норм ба дүрмийг, мөн 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 106 тушаалаар батлагдсан нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                     Б.МӨНХБААТАР