A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АВТО ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТУХАЙ

2005 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 36

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Авто замын засвар, арчлалтын нэгтгэл "АЗЗАН" хувьцаат компанийг 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс дор дурдсаны дагуу хуваах зарчмаар тус тус өөрчлөн байгуулсугай:

а/ "АЗЗА Сэлэнгэ" ХХК, "АЗЗА Дорноговь" ХХК, "АЗЗА Дархан-Уул" ХХК, "ТТТ" ХХК, "АЗЗА Эрдэнэсант" ХХК болон "АЗЗАН" ХК-ийг нэгтгэн "Улаанбаатар АЗЗАН" төрийн өмчит хувьцаат компани /Энэ заалтыг 2006 оны 173 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/;

б/ "АЗЗА Хөвсгөл" ХХК, "АЗЗА Орхон" ХХК-ийг нэгтгэн "Булган АЗЗАН" төрийн өмчит хувьцаат компани /Энэ заалтыг 2006 оны 173 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/;

в/ "АЗЗА Архангай" ХХК, "АЗЗА Өвөрхангай" ХХК, "АЗЗА Хархорин" ХХК-ийг нэгтгэн "Хархорин АЗЗАН" төрийн өмчит хувьцаат компани /Энэ заалтыг 2006 оны 173 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/;

г/"Ховд АЗЗА", "Увс АЗЗА", "Говь-Алтай АЗЗА", "Завхан АЗЗА", "Төв АЗЗА" авто замын засвар, арчлалтын асуудал хариуцсан бие даасан төрийн өмчит хувьцаат компаниуд.

2. Өөрчлөн байгуулагдсан дээрх төрийн өмчит хувьцаат компаниудад шилжих хөрөнгө, өр, авлага, өөрийн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоож компаниудын дүрмийг баталж мөрдүүлэхийг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү, Төрийн өмчийн хороо (З.ЭНХБОЛД)-нд үүрэг болгосугай

3. Замын засвар, арчлалтын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, иргэдээр гүйцэтгүүлэх, зам, гүүрийг урт хугацааны гэрээгээр хариуцуулах, гэрээний томсгосон нэгжийн үнэ хэрэглэх зэргээр замын засвар, арчлалтыг чанартай, үр ашигтай явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү, Сангийн сайд Н.Алтанхуяг, Төрийн өмчийн хороо (З.ЭНХБОЛД)-нд тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Авто замын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 151, "Авто замын засвар, арчлалтын нэгтгэлийг компанийн хэлбэрт оруулан ажиллуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.БАТХҮҮ

/Энэ тогтоолд Засгийн газрын 2006 оны 173 дугаар тогтоолоор 1 дүгээр хэсгийн а-в заалт хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 220

Улаанбаатар хот

АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН КОМПАНИУДЫГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 18.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Авто замын засвар арчлалтын ажил эрхэлдэг энэ тогтоолын хавсралтад заасан төрийн өмчит 20 компанийг нийлүүлэн "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" төрийн өмчит хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулсугай.

2."Авто замын засвар арчлалтын нэгтгэл" төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтыг газрыг тогтоосугай.

3.Засгийн газрын гадаад зээллэгийн эх үүсвэрээр бий болсон хөрөнгө, түүнтэй холбоотой дамжуулан зээлийн өр төлбөрийг хавсралтад заасан компаниудтай тооцоо нийлж баталгаажуулах, энэхүү хөрөнгө, өр төлбөр болон бусад өр төлбөр, авлага, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг холбогдох хууль, журамд заасны дагуу "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК-ийн санхүүгийн тайланд шилжүүлэх арга хэмжээ авах, авлага, өр төлбөр, хөрөнгийг хүлээн авсантай холбогдуулан тооцоо нийлж баталгаажуулах, компанийн дүрэм, бүтцийг батлах, зардал бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын зохих арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл"-д өөрчлөлт оруулах талаар саналаа боловсруулж, танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Авто замын засвар, арчлалтын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолын 1 дэх заалт, "Зарим төрийн өмчит үйлдвэрийн газрыг төрийн өмчит хувьцаат компани болгон өөрчлөн байгуулах тухай" Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 170 дугаар тогтоол, "Авто замын засвар, арчлалтын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын тухай" Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 173 дугаар тогтоол, "Авто замын засвар, арчлалтын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай" Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 36 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН