Хэвлэх DOC Татаж авах
БАЯНДЭЛГЭР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙ АЛБАН ТАТВАРЫН  ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН

БАЯНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр                                                                                                                  Дугаар 08                                                                                                                               Баяндэлгэр уул

 

МАЛЫН ТОО ТОЛГОЙ АЛБАН ТАТВАРЫН

ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай сумын Засаг дарга З.Дэлгэрцэцэгийн мэдээлэл, өргөн мэдүүлсэн төсөл, түүнд Хурлын эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг адуунд 1500 төгрөг, тэмээнд 1300 төгрөг, үхэрт 1300 төгрөг, хонинд 300 төгрөг, ямаанд 600 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2. Малчны амьжиргааг дэмжих зорилгоор албан татварыг 0 төгрөгөөр тогтоох малчны малын тоо толгойг үхэр 5, адуу 5, хонь 80, ямаа 20 хүртэл байхаар тогтоосугай.

3. Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг 2021 оны 7 дугаар сарын 1-нээс хойш, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

4. “Малын тоо толгойн албан татварын тухай” хууль, энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын 2021 оны төсөвт тусган батлуулах, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга /З.Дэлгэрцэцэг/-д даалгасугай.

5. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

6. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

7. Энэ тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ё.Батхуяг/-д даалгасугай.

 

ДАРГА            Ц.ЭНХТҮВШИН