A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2006 оны 7 дугаар                                                                                                                                                                                                                                          Улаанбаатар

сарын 3-ны өдөр                                                                                                             Дугаар 37                                                                                                                      хот

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН

ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид “хуулийн” гэх/ зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, Төрийн албаны зөвлөлөөс нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гаргасан, түүнчлэн нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон аливаа захиргааны акттай холбоотой маргааныг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.

Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, мөн уг албанд нэр дэвшигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн иргэн гомдлоо Төрийн албаны зөвлөлөөр, эсхүл Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эсэхээ өөрөө сонгоно.

2.Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д заасан “...давж гомдол гаргах...” гэдэг нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Хугацаа сэргээхтэй холбогдсон гомдлыг шүүхэд гаргана” гэсэн заалтад хамаарна.

3.Хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “...хөөн хэлэлцэх хугацаа...” нь мөн зүйлийн 6.1-д заасан “холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоног” гэсэн хугацаагаар тодорхойлогдоно. Энэ хугацаанд гомдлоо хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гаргаж чадаагүй иргэн, хуулийн этгээд, байгууллага нь зөвхөн “хөөн хэлэлцэх хугацаа”-г сэргээлгэхээр урьдчилан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтанд хандана.

Мөн зүйл, хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүх зөвхөн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхтэй холбогдсон гомдол нь үндэслэлтэй эсэхийг хянаж, шүүгч захирамж гаргана.

Хуулийн 12 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхэд шууд гаргах нэхэмжлэлийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаанд нь гаргаж чадаагүй бол иргэн, хуулийн этгээд, байгууллага нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай гомдлоо шүүхэд гаргах бөгөөд шүүх уг гомдлыг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

4.Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай” гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцож болно.

5.Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан “…нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн” гэдэгт эрх, үүрэг тодорхой хэмжээгээр бий болгон уламжлагдан хэрэглэгдэж байгаа, нийтээр дагаж мөрдөн дадал хэвшил болсон зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтан зөрчсөн байхыг ойлгоно.

6.Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно.

Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж үзнэ.

Мөн зүйлийн 9.1.9-д заасан ”...өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэдэгт хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.8-д тодорхойлон зааснаас бусад хэлбэрээр хууль зөрчсөн байхыг ойлгоно.

7.Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана” гэдэгт иргэн, хуулийн этгээд, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа “анхны” захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг ойлгоно.

Тухайн захиргааны актыг иргэн, хуулийн этгээд, байгууллагаас гаргасан гомдлын дагуу дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан урьдчилан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд тэдгээрийн оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийг гаргаж болохгүй.

Харин “эс үйлдэхүй”-тэй холбоотой нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргавал зохих захиргааны байгууллага, албан тушаалтны оршин байгаа газрын, “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” талаарх нэхэмжлэлийг нэхэмжлэгч нь өөрийн оршин байгаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын захиргааны хэргийн шүүхэд тус тус гаргана.

8.Хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан “...холбоо, сан зэрэг нэгтгэл...”-д Иргэний хуулийн 36 дугаар зүйлд заасан “ Хоршоо, сан, холбоо” хамаарахгүй.

9.Хуулийн 23 дугаар зүйлд заасан “Хамтран хариуцагч” гэдэгт нэхэмжлэлийн нэг буюу хэд хэдэн шаардлагад холбогдож байгаа, бие даан үйл ажиллагаа явуулдаг, тус тусдаа захиргааны акт гаргасан хоёр буюу түүнээс дээш захиргааны байгууллага, албан тушаалтныг хэлнэ.

Хуулийн 6-10 дугаар зүйлд зааснаар доод шатны захиргааны байгууллага, албан тушаалтны актыг сонирхогч этгээдийн гомдлоор урьдчилан шийдвэрлэх журмаар хянаж шийдвэрлэсэн дээд шатны байгууллага, албан тушаалтан хамтран хариуцагч болохгүй. Харин доод ба дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан нь бие дааж үйл ажиллагаа явуулсан, тодорхой үр дагавар бий болгосон захиргааны акт гаргасныхаа хувьд хамтран хариуцагч байж болно.

Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан “...бие даан оролцох эрхтэй” гэдгийг хамтран хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэлийн шаардлагад тайлбар өгөх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх, шүүхийн шийдвэрт гомдол гаргах зэрэг эрхтэй гэж ойлгоно.

10.Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.7-д заасан эрхийг төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд л төлөөлөгч эдлэнэ. Түүнчлэн мөн зүйл, хэсэгт заасан төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэхдээ төлөөлөгч нь түүний зөвшөөрлийг заавал авсан байвал зохино.

11.Хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т заасан “… хуульд заасан журмыг зөрчиж авсан нотлох баримт…” гэдгийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2002 оны 263 дугаар тогтоолын 11 дэх заалтын дагуу ойлгоно.

Мөн зүйлийн 31.8-д заасан “…хуулиар зөвшөөрөгдөөгүй баримт…” гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т тодорхойлон зааснаас бусад баримт сэлтийг хэлнэ.

Хуулиар зөвшөөрөгдөөгүй нотлох баримтыг шүүх шаардан гаргуулж болохгүй бөгөөд хэргийн оролцогчдоос уг баримтыг бүрдүүлж ирүүлсэн тохиолдолд шүүгч захирамж гарган тэдгээрийг нотлох баримтаас хасна.

12.Хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д зааснаар “… шинээр нотлох баримт зайлшгүй шаардагдвал …” шүүх хуралдааныг зөвхөн нэг удаа хойшлуулна. Шүүх хуралдааныг хойшлуулахдаа хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хугацааг баримтлана.

13.Хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулахаар шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд орохгүй.

Шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж, шүүх нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа тоологдоно.

14.Хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан “… шүүгчээс тогтоосон хугацаа…” гэдгийг хуулиар тогтоосон 14 хоногоос дээш хугацаа тогтоохыг ойлгоно.

15.Хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасан захиргааны шийтгэлийг тухайн захиргааны хэргийг хянан шийдвэрлэж байгаа захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн шийтгэврээр ногдуулна.

16.Хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3-т заасан “…бусад этгээд…” гэдэгт тухайн хэргийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болохоор байгаа, захиргааны хэргийн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлагатайгаар оролцуулах нь зүйтэй гэж үзсэн гуравдагч этгээдийг хэлнэ.

17.Хуулийн 41, 42, 43 дугаар зүйлд заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг заавал шалган тогтоож байвал зохино.

18.Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасан “маргаан бүхий захиргааны акт” гэдэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон захиргааны актыг хэлнэ.

Мөн зүйл, хэсгийн “…акт хууль бус болох...” гэдэгт мөн хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас бусад байдлаар хуулийг зөрчсөнөөс иргэн, хуулийн этгээд, байгуулагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байхыг ойлгоно.

19.Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-т заасан “ ...акт нь илт хүчин төгөлдөр бус болох...” гэдэгт мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэлүүд хамаарах бөгөөд илт хүчин төгөлдөр бус захиргааны актын улмаас бусдын нийтлэг эрх зөрчигдсөн байхыг хэлнэ.

20.Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасан “...хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх” ажиллагааг хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд шүүх маргаан бүхий захиргааны актын хэрэгжилтийг түдгэлзүүлэх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтнаас шинээр гаргасан захиргааны актад хуульд заасан ердийн журмаар гомдол гаргаж болно.

21.Хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасан “захиргааны хэргийн шүүх шийдвэрээ биелүүлэх арга, журмыг гаргасан шийдвэртээ тодорхойлно” гэдэгт захиргааны хэргийн шүүхийн шийдвэр /шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийдвэр, магадлал/-ийн зөвхөн тогтоох хэсгийн заалтыг хэн, хэзээ, яаж биелүүлэх болон биелэлтийг нь хэрхэн тооцох талаар шийдвэрийн тогтоох хэсэгт тодорхой тусгахыг ойлгоно.

 

 

 

                                                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                                                                                        ШҮҮГЧ                                      Д.ПУНЦАГ