A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ИРГЭНИЙ ХУУЛЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ТӨЛБӨР ТООЦОО, БАНКНЫ ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1996 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 197

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХУУЛЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ТӨЛБӨР ТООЦОО, БАНКНЫ ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Монгол улсын Иргэний хууль, Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Иргэний хууль, Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.

Нэг. Мөнгөн хадгаламжийн тухай

1.Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Мөнгөн хадгаламжийн гэрээг бичгээр хийнэ" гэсэн заалтыг Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хадгалагчаас хадгалуулагчид мөнгөн хадгаламжийн дэвтэр, сертификат болон бусад хэлбэрийн баримт бичиг олгохыг ойлгоно. Хадгалагчаас олгосон энэхүү баримт бичиг нь ямар ч хэлбэртэй байсан түүнд хадгалуулах мөнгөн хөрөнгийн дүн, хугацаа, хүү тооцох журам, гэрээг цуцлах нөхцөл, хугацаатай мөнгөн хадгаламжийг хугацаанаас нь өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлахад хүүг өөрчлөх нөхцөл, гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгээгүйн /төлөөгүйн/ төлөө талуудын хүлээх хариуцлагын талаар заавал тусгасан байна. Энэ шаардлага нь Мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "сертификат зэрэг үнэт цаас" гэдэгт нэгэн адил хамаарна.

2.Иргэний хуулийн 365 дугаар зүйл 4 дэх хэсгийн "гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч хадгалуулсан мөнгөө буцааж авах шаардлага тавиагүй бол уг гэрээг цаашид тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцно" гэсэн заалтыг мөнгөн хадгаламжийн дэвтэр, түүнтэй адилтгах хэлбэрээр байгуулсан гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч хадгалуулсан мөнгөө буцаан авах буюу гэрээг дахин сунгах шаардлага тавиагүй бол уг мөнгөн хадгаламжийг хугацаагүй мөнгөн хадгаламжинд тооцож хүүг хугацаагүй мөнгөн хадгаламжийн адил хэмжээгээр бодно гэж ойлгож хэрэгжүүлнэ. Харин Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, 8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт тус тус тодорхойлсон сертификат зэрэг үнэт цаасны хэлбэрээр байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний нөхцөл болгон тусгайлан тохиролцоогүй бөгөөд түүний хугацаа дууссан бол уг гэрээг сунгагдсанд тооцохгүй ба түүний хугацаа дууссанаас хойш хүү бодож олгохгүй.

3.Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтын "мөнгөн хадгаламжийн хүү, хугацааг нийтэд зарлах" гэдгийг хадгалагчаас хугацаатай мөнгөн хадгаламжийн хугацаа, хүүгийн хувь, хүү бодож олгох нэгж хугацаа, хугацаагүй хадгаламжийн хүүгийн хувь, түүнийг бодож олгох нэгж хугацаа, сертификат зэрэг үнэт цаасны хэлбэртэй мөнгөн хадгаламжийн хугацаа, хүүгийн хувийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийтэд зарлахыг ойлгоно.

4.Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "Хэрэв мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан бол… уг гэрээний хугацааг тодорхой хугацаагаар сунгаж болно" гэдгийг хадгалагч, хадгалуулагчийн хооронд мөнгөн хадгаламжийн гэрээг анх байгуулахдаа гэрээгээр тогтоосон хугацаа дууссан тохиолдолд түүнийг ямар журмаар, ямар хугацаагаар сунгахыг гэрээний нөхцөл болгон заасан байхыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд гэрээ түүнд заасан нөхцөл, хугацаагаар шууд сунгагдсанд тооцогдоно. Харин хадгалагч, хадгалуулагч хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ нь сунгах журам, хугацааг заагаагүй бол гэрээний хугацаа дуусахад түүнийг дахин сунгавал мөнгөн хадгаламжийн гэрээг шинэчлэн байгуулсанд тооцох бөгөөд тухайн үед мөрдөгдөж буй хүүг мөрдөж эхэлнэ.

5.Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн "хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас нь өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлахад хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан мөнгөн хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулж болно" гэдгийг хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд хадгаламжийн хүүг бууруулах заалтыг анх байгуулсан гэрээнд заавал тусгасан байх шаардлагатай. Ийнхүү тусгасан бол хүүг тэр хувиар, тусгаагүй бол анхны гэрээнд заасан хэмжээгээр тооцон олгоно гэж ойлгоно.

6.Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "хугацаатай мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээ нь хадгаламжийн гэрээнд заасан хугацааг дуустал хэвээр байна" гэдгийг мөнгөн хадгаламжийн гэрээгээр мөнгө хадгалж буй хадгалагч мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгаламжийн хүүгийн хэмжээ эрх бүхий байгууллага зохих журмын дагуу нийтлэгээр нэмсэн, багасгасан хийгээд мөнгөний хуваарьт өөрчлөлт орсон, зайлшгүй тохиолдолд гүйлгээ хийсэн зэрэг шалтгаанаар гэрээгээр тохирсон хугацаа дуусахаас өмнө өөрөө өөрчлөн тогтоох эрхгүй гэж ойлгоно.

7.Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "…энэ тухай нийтэд мэдэгдсэнээс хойш нэг сарын дараа тодорхой бус хугацаагаар байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан хүүгийн хэмжээ өөрчлөгдсөнд тооцно" гэсэн заалтыг хугацаагүй мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг өөрчлөх тухай хадгалагч банкны төв байгууллагын шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийтэд мэдээлсэн өдрөөс нэг сарын дараа тодорхой бус хугацаагаар байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан хүү зарласан хэмжээгээр өөрчлөгдсөнд тооцно гэж ойлгоно.

8.Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын "хадгалагчаас үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол" гэсэн ойлголтод хадгалагч хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөөс түүний зөвшөөрөлгүй буюу төлбөрийн даалгаваргүйгээр гүйлгээ хийсэн, гэрээнд заасан нөхцлийн дагуу анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүргээ биелүүлээгүй, хүүгийн хэмжээг үнэн зөв бодож олгоогүй, хадгаламжийн нууцыг задруулснаас болон хадгалуулагч талтай бичгийн хэлбэрээр байгуулсан гэрээгээр тохиролцсон бусад үүргээ биелүүлээгүй зэргээс хадгалуулагчид учирсан хохирлыг хамааруулна. Хадгалуулагчид учирсан хохирол бодитой байх шаардлагатай бөгөөд түүнийг баримтаар нотолсон нөхцөлд учирсан хохирлыг арилгуулахаар банкны байгууллагад гомдол ба шаардлага гаргах болон шүүхэд мэдүүлэх эрх үүснэ. Энэ нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан "хохирол" гэдэгт нэгэн адил хамаарна. Харин хуульд заасны дагуу шүүх, арбитрын зэрэг байгууллагын шийдвэрээр гүйлгээ хийгдсэн бол хадгалагчийг үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.

9.Мөн хуулийн 9-р зүйлийн "хадгалагч дампуурах буюу татан буугдах тохиолдолд мөнгөн хадгаламж, түүний хүүг төлбөр тооцоо барагдуулах авлагаас тэргүүн ээлжинд олгоно" гэдгийг хадгалуулагчийн мөнгөн хадгаламж, түүний хүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 224-р зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан дарааллыг баримтлахгүйгээр мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасантай адилтган үзэж түүнтэй адил журмаар бусад өрөөс өмнө эхний ээлжинд олгохыг ойлгох бөгөөд түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 215 дугаар зүйлд зааснаар татан буулгах комисс буюу хэрэг гүйцэтгэгч хариуцан хэрэгжүүлнэ. Дампуурсан буюу татан буугдсан хадгалагчид холбогдох мөнгөн хадгаламж, түүний хүүг гаргуулах тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гүйцэтгэх хуудсыг татан буулгах комисс, хэрэг гүйцэтгэгчид шилжүүлэх бөгөөд тэдгээр нь гүйцэтгэх хуудас баримтыг хүлээн авмагц төлбөрийг тэргүүн ээлжинд гаргуулан төлбөр авагчид буюу гүйцэтгэх бичиг баримт өгсөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд шилжүүлнэ.

Хоёр.Төлбөр тооцооны талаар

10.Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх заалтын "хадгалуулагч нь мөнгөн хадгаламжийн орлого зарлагын гүйлгээг итгэмжлэгчээр дамжуулан хийлгэж болно" гэдэгт хадгалуулагчаас мөнгөн хадгаламжийнхаа орлого, зарлагын гүйлгээг өөрийн нэрийн өмнөөс хийх бүрэн эрхийг бусад этгээдэд Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу бичгийн хэлбэртэй итгэмжлэл олгон гүйлгээ хийхийг ойлгоно. Энэхүү итгэмжлэл нь Иргэний хуулийн 61, 63 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байвал зохино.

11.Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "…түүнтэй адилтгах баримт бичиг гэдэгт" Монгол Улсын иргэний паспортын нэгэн адил хүчинтэй төрсний гэрчилгээ, цэргийн албан хаагчийн хувийн үнэмлэх, түүнчлэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гадаад улсын харьяат мөн болохыг гэрчилсэн хууль ёсны баримт бичиг, уг хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад оршин суух үнэмлэх зэрэг баримт бичгийг хамааруулан ойлгоно.

12.Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь заалтын "… төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээд" гэдэгт хууль, байгууллагын дүрэм, хуулийн этгээдийг үүсгэн байгуулах гэрээгээр тухайн этгээдийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх олгосон албан тушаалтныг хэлнэ. Эрх бүхий этгээд зөвшөөрлөө төлбөр тооцооны журмын дагуу зохих бүрдүүлбэртэй бичгийн хэлбэртэй төлбөрийн даалгавар, нэхэмжлэл, аккердитив, чек, вексель, төлбөрийн карт болон хуулиар зөвшөөрөгдсөн төлбөр тооцооны бусад баримтаар өгнө.

Гурав.Зээлийн үйл ажиллагааны тухай

13. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "…зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгө, бусад эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх, зээлдэгч нь авсан мөнгө буюу ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүрэг тус тус хүлээнэ" гэсэн заалт нь арилжааны банкууд, барьцаалан зээлдэх газраас бусад аж ахуйн нэгж, байгууллага иргэдээс бусадтай байгуулсан зээлийн гэрээнд хамаарах бөгөөд тэдгээрийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд хүүгийн тухай нөхцөлийг тусгаж болохгүй, харин алданга төлүүлэх тухай тохиролцон тусгаж болно. Иймд энэ зээлийн гэрээ, түүний биелэлтийн талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэхдээ гагцхүү зээлдэгчийн авсан мөнгө буюу ижил төрөл, хэмжээний эд хөрөнгө, хууль, гэрээнд заасан бол зохих алдангыг гаргуулж зээлдүүлэгчид олгоно.

14.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "мөнгөн зээлийн гэрээгээр зээлдэгч нь мөнгөний ханшны өөрчлөлтийг харгалзахгүйгээр зээлдүүлэгчид анх авсан хэмжээний мөнгийг эргүүлэн өгнө" гэдгийг төгрөгийн гадаад валюттай харьцах ханшны өсөлт, бууралт болон мөнгөний хуваарьт өөрчлөлт оруулсан зэргээс төгрөгийн ханш өөрчлөгдсөн тохиолдолд хууль тогтоомжоор өөр журам тогтоогоогүй бол зээлдэгч нь зээлдүүлэгчээс авсан мөнгийг буцаан төлөхдөө анх авсан тоо, хэмжээгээр нь тооцох гэж ойлгон хэрэглэнэ.

15.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "зээлийн гэрээний үүргийг хангах арга, түүнийг хэрэгжүүлэх журмыг талууд тохиролцон тодорхойлно" гэсэн заалтыг зээлдэгч, зээлдүүлэгч нар байгуулсан гэрээндээ Иргэний хуулийн 180, 181, 183, 184 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудаас хэрэглэхээр харилцан тохиролцож, түүнийг хэрэгжүүлэх журмыг дээрх зүйлүүдийн заалтад нийцүүлэн тодорхойлохыг ойлгоно.

16.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн "…зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол зээлийн гэрээний зүйлийг авах…" гэдгийг зээлдэгч тодорхой хугацаатай гэрээгээр авсан мөнгө, эд хөрөнгийг хугацаандаа буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч өгсөн мөнгө буюу эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо хэмжээ, чанарт тохирсон зүйлийг зээлдэгчээс буцааж авах гэж ойлгоно. Харин зээлдүүлэгч нь хуулийн этгээд буюу иргэн бол эрх бүхий байгууллагаас аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн эрхийн бичиг, гэрчилгээ зэрэг баримт бичигт мөнгө зээлдүүлэх ажил, үйлчилгээ эрхлэхийг заагаагүй, хуулийн этгээдийг үүсгэн байгуулах тухай гэрээ, дүрмэнд тусгагдаагүй тохиолдолд тэдгээрийн байгуулсан зээлийн гэрээнээс үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ зээлийн хүү тооцож гаргуулахгүй.

17.Эд хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах харилцаа нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлээр бус, 217 дугаар зүйлээр зохицуулагдах ба уул зүйлд зааснаар хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдсан эд хөрөнгийн үнийг худалдаа хийсэн өдөр талуудын тохирсон үнээр тогтоох бөгөөд түүнээс хойш үнэ нэмэгдсэн ба буурсан хийгээд мөнгөний ханшны хэлбэлзэл зэрэг үндэслэлээр худалдагч болон худалдан авагч тал үнийг ихэсгэх ба багасгаж өөрчлөн тогтоох эрхгүй.

18.Иргэний хуулийн 368 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар "Гэрээ байгуулснаас хойш тодорхой хугацааны дараа зээлдэгчид мөнгийг шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд арилжааны банк энэ үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол зээлдэгч уг мөнгийг авахаар шаардах эрхтэй" гэдгийг зээлдүүлэгч мөнгийг гэрээнд заасан хугацаанд зээлдэгчийн дансанд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд зээлийн гэрээг зээлдэгчийн зээлийн дансанд мөнгийг оруулсан үеэс байгуулсанд тооцно.

19.Мөнгөн хадгаламж , төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй" гэдгийг зээлдэгч нь зээлээр авсан мөнгө буюу хүүг буцаан төлөх хугацаа хэтэрснээс шалтгаалан зээлдэгчийн төлбөл зохих үндсэн зээл, зээлийн хугацаанд оногдох хүүг төлөх үүрэг дуусгавар болохгүй гэж ойлгоно.

20.Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтын "Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож бодно" гэдгийг арилжааны банк нь зээлийн үндсэн хүүг бодохдоо зөвхөн гэрээнд заасан хугацаагаар тооцож бодно гэж ойлгож хэрэглэнэ.

21.Иргэний хуулийн 368 дугаар зүйл, Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь заалтын "үндсэн хүү" гэдэгт зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөрийг ойлгоно. Харин авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн хүү гэж үзнэ.

22.Мөн зүйл, хэсгийн "нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүй" гэдгийг зээлдэгч нь банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүйн хариуцлага болох, төлөгдөөгүй байгаа зээлд оногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр, гэрээнд заасан хүү төлөх нэгж хугацаагаар тооцож төлүүлэх нэмэгдүүлсэн хүүг ойлгоно.

23.Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх заалтын "Худалдах эрх зээлдүүлэгчид үүснэ" гэдгийг зээлийн гэрээнд заасан хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн болон хэсэгчлэн биелүүлээгүй бол зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлийн барьцаа болгосон эд хөрөнгийг гэрээ байгуулахдаа харилцан тохиролцсон үнээр буюу зах зээлийн тухайн үеийн үнээр бусдад худалдах эрх зээлдүүлэгчид үүсэхийг ойлгоно.

24.Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн "банк ба барьцаалан зээлдэх газраас барьцаатай зээл олгохыг хууль буюу түүнд нийцүүлэн талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээгээр зохицуулна" гэсэн заалтыг зээлдэгч банк болон барьцаалан зээлдэх газраас барьцаатай зээл олгох гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 45 дугаар бүлэг, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн холбогдох заалт, Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэг болон хүүтэй олгох зээлд холбогдох хууль тогтоомжийн бусад актын заалтад нийцүүлсэн байна гэж ойлгоно.

25.Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтын "хадгалуулагчийн дансны нууцыг хадгалах" гэдэг нь арилжааны банк харилцагчдын данс, хадгаламж, гүйлгээтэй холбогдох мэдээлэл, түүний тоо хэмжээ, гүйлгээний утгыг аливаа сонирхсон этгээдэд мэдээлэхгүй байхыг хэлнэ. Харин Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу банк харилцагчийн өөрийн нь зөвшөөрснөөр буюу гагцхүү шүүх, прокурор, мөрдөн байцаах байгууллагын хууль ёсны шаардлагын дагуу тэдгээрт зөвхөн тодорхойлолт өгч болно.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ А.ДОРЖГОТОВ
П.ЦЭЦГЭЭ