Хэвлэх DOC Татаж авах
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГЫН ДҮНД ҮНДЭСЛЭН ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГЫН ДҮНД ҮНДЭСЛЭН ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 242



Аж ахуйн нэгж, байгууллагын 2006 оны тооллогын явцад улсын бүртгэлд бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс үйл ажиллагаагаа зогсоосон, хаяг, байршил нь тодорхойгүй, үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгж олноор илэрсэн байдлыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Улсын хэмжээнд баримтлах кодын нэгдсэн системийг бүрдүүлэх, олон улсад нийтлэг мөрдөхөөр зөвлөмж болгосон ангиллуудад үндэслэн боловсруулсан үндэсний ангилал, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжид ашиглагдаж байгаа код, аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийн дугаарыг 2007 оны I улирлаас эхлэн улсын хэмжээнд нэгдсэн байдлаар мөрдүүлэх арга хэмжээг Үндэсний статистикийн газар, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газартай хамтран авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд н.Баяртсайханд үүрэг болгосугай.


2. Хуулийн этгээдийн бүртгэлийг улсын хэмжээнд нэгдсэн системд оруулах асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаярт даалгасугай.


3. Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын үр дүнгийн тайланг хэвлэн хэрэглэгчдэд тараахад шаардагдах 8.0 /найман/ сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.


4. Үндэсний статистикийн газар /П.БЯМБАЦЭРЭН/-т зөвлөх нь:


а/ улсын хэмжээнд тооллого, судалгаа явуулах ажлыг мэргэжлийн байгууллагын зүгээс нийтлэг аргачлалаар хангаж, үр дүнд нь хяналт тавих механизмыг бий болгон 2007 оны 1 дүгээр сараас эхлэн мөрдүүлсүгэй;


б/ аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын үр дүнгээр дэлгэрэнгүй тайлан бэлтгэж, хэрэглэгчдэд тараах ажлыг энэ оны 10 дугаар сард багтаан зохион байгуулсугай;


в/ аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын дүнд үндэслэн бизнес регистрийн нэгдсэн санг шинэчлэх, аж ахуйн нэгж, байгууллагын талаархи мэдээллээр хэрэглэгчдийг хангаж ажиллах бие даасан нэгжийг 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр Үндэсний статистикийн газарт байгуулан ажиллуулж холбогдох зардлыг нь төсөвт тусгах.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД   Монгол  Улсын  сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын  дарга                     С.БАТБОЛД