Хэвлэх DOC Татаж авах
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 218



“Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2007 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Засгийн газарт өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн багцдаа тусган хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгасугай.


2. Улсын байгууллагын халаалтын нам даралтын зуухыг цахилгаан болон хийн халаагуурт шилжүүлэх, төвлөрсөн халаалтын шугамд холбох, шөнийн цагт хямдруулсан үнэтэй цахилгаанаар гэр хорооллын айл өрхүүдийг хангах арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, түүхий нүүрсээр ажилладаг халаалтын нам даралтын зуухны хэрэглээг 2008 оноос эхлэн зогсоохыг Монгол Улсын сайд У.Хүрэлсүхэд тус тус даалгасугай.


3. Нийтийн тээврийн болон хотын дотор эрчимтэй ашиглагддаг бусад тээврийн хэрэгслийг хийн түлшинд үе шаттай шилжүүлэх, цахилгаан болон хийн хөдөлгүүрт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, автомашинаас ялгарах хорт утааг шүүх төхөөрөмж суурилуулах зэрэг ажлыг зохион байгуулахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр, цахилгаан болон хийн хөдөлгүүртэй, түүнчлэн утаа шүүх төхөөрөмж суурилуулсан автомашинд экотэмдэг олгох зэрэг хорт бохирдлыг багасгахад чиглэсэн урамшууллын арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, импортын нефть, нефтийн бүтээгдэхүүний шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг 2008 онд багтаан шинэчлэх арга хэмжээ авахыг Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадоржид тус тус даалгасугай.


4. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын хэрэгцээнд бага багтаамжийн хөдөлгүүр бүхий суудлын автомашин ашиглуулах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.


5. Улсын Их Хурлын 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаар тогтоолд заасан шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг холбогдох байгууллагын албан хаагчдын оролцоотой байгуулан ажиллуулж хуулийн төслүүдийг 2007 оны 11 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр нарт тус тус даалгасугай.


6. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг үндэслэн шаардлагатай хөрөнгийг хянан жил бүрийн улсын төсөвт тусгахын зэрэгцээ хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын тусламж, хөнгөлөлттэй зээлийг ашиглахыг Сангийн сайд Н.Баяртсайханд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Байгаль орчны сайд И.ЭРДЭНЭБААТАР