Хэвлэх DOC Татаж авах
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР ОЙРЫН ХУГАЦААНД АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР ОЙРЫН ХУГАЦААНД АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2008 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 14



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Нүүрсийг дулааны аргаар боловсруулан коксон түлш үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлж, 2009 оны 8 дугаар сараас Улаанбаатар хотын гэр хорооллын хэрэгцээнд болон халаалтын зууханд коксон түлш нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.


2. Стандартын шаардлага хангасан, чанарын өндөр үзүүлэлттэй коксон түлшний үйлдвэрлэлийг төрөөс хөхиүлэн дэмжих, эдийн засаг, татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр эрх зүйн орчин бүрдүүлэх талаар санал боловсруулж зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нарт даалгасугай.


3. Түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзан коксон түлшийг хэрэглэгчдэд хүргэх, түгээх зорилгоор борлуулалтын сүлжээ цэг байгуулах, коксон түлшний хэрэглээний онцлог, давуу талыг таниулах, сурталчлах арга хэмжээ авч ажиллахыг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба, Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт нарт тус тус үүрэг болгосугай.


4. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх бүсчлэлийг тогтоож, их, бага тойруугийн нутаг дэвсгэр болон орон сууцны хороололд нүүрс түлэх, хог хаягдлыг ил шатаах явдлыг 2008 оны I улирлаас эхлэн таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга Т.Билэгтэд даалгасугай.


5. Зам, тээвэр аялал жуулчлалын сайд Р.Раш, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба нарт дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосугай:


а/нийтийн тээврийн хөгжлийн ойрын болон дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулан баталж, автотээврийн хэрэгслээс ялгарах хорт утаанд хэмжилт хийх явуулын станц ажиллуулах арга хэмжээ авах;


б/утаа их ялгаруулдаг автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон насжилтаас хамааруулан автотээврийн хэрэгслийн онцгой албан татварыг тогтоох зэрэг хөшүүргийн механизм хэрэглэхэд чиглэсэн эрх зүйн орчин бүрдүүлэх талаар санал боловсруулах.


6. “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай” Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 17 дугаар хавсралтад дор дурдсан агуулга бүхий 48 дахь заалтыг нэмсүгэй:


48. Агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороо -Түлш, эрчим хүчний сайд


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                           С.БАЯР


Түлш, эрчим хүчний сайд                                                                                  Ч.ХҮРЭЛБААТАР