Хэвлэх DOC Татаж авах
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-3-ны өдрийн 9-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ/ЗГ-ын 2016-8-3-ны өдрийн 9-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ 


2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 67



Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Аймгийн удирдлагыг Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга байхаар тогтоосугай.


2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:


-Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс; (Энэ хэсэгт 2011-10-19-ний 296-р тогтоолоор өөрчлөлт орсон)


-Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг; (Энэ хэсэгт 2011-10-19-ний 296-р тогтоолоор өөрчлөлт орсон)


-Хууль зүйн хэлтэс /архивын тасагтай/;


-Хөгжлийн бодлогын хэлтэс;


-Нийгмийн хөгжлийн хэлтэс;


-Санхүү, төрийн сангийн хэлтэс;


-Цэргийн штаб.


3. Орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрыг 41 хүртэл, Архангай, Булган, Дорноговь, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг 37 хүртэл, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрыг 29 хүртэл орон тоотой байхаар тогтоосугай.


4. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дор дурдсан хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосугай:


-Байгаль орчин, аялал жуулчлалын газар;

-Биеийн тамир, спортын газар;

-Боловсрол, соёлын газар;

-Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар;

-Гаалийн алба;

-Мэргэжлийн хяналтын газар;

-Нийгмийн даатгалын хэлтэс;

-Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс;

-Онцгой байдлын хэлтэс (газар);

-Санхүүгийн хяналт, аудитын алба;

-Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс;

-Статистикийн хэлтэс;

-Татварын хэлтэс;

-Тээвэр, авто замын газар; /ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 55-р тогтоолоор хассан/

-Ус, цаг уур, орчны шинжилгээний алба;

-Хөдөлмөрийн хэлтэс;

-Худалдан авах ажиллагааны алба;

-Хүнс, хөдөө аж ахуйн газар;

-Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс;

-Цагдаагийн хэлтэс (газар);

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба;

-Шүүхийн шинжилгээний алба;

-Эрүүл мэндийн газар (Зоонозын өвчин судлалын төвтэй)./ЗГ-ын 2015-1-12-ны өдрийн 8 дугаар тогтоолоор 4 дүгээр заалтыг өөрчлөн найруулсан/

 

5. Хуульд заасан эрх хэмжээний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг, Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах газар, хэлтэс, албадын чиг үүргийг тодорхойлон хүргүүлж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорт даалгасугай.


6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181 дүгээр тогтоол, “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоол, “Төрийн архивын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


7. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын орон тоог 15-40 байхаар тогтоож, орон тооны энэ хязгаарт багтаан тухайн аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, цар хүрээг харгалзан аймаг бүрээр ялгавартай тогтоон бүтэц, чиг үүргийг баталж мөрдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгасугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 55-р тогтоолоор нэмсэн/

 


      Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                                 С.БАЯР


      Монгол Улсын сайд, 


     Засгийн газрын Хэрэг 


      эрхлэх газрын дарга                                                                                                                Б.ДОЛГОР