Хэвлэх DOC Татаж авах
АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 251



Автотээврийн тухай хуулийн 61.1.4 болон 171.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг автотээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан дараахь арга хэмжээг авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай:


а) автотээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санг Замын цагдаагийн газраас Автотээврийн газарт электрон хэлбэрээр болон хувилж шилжүүлэх ажлыг 2009 оны 9 дүгээр сард багтаан хийж дуусгах;


б) эрх бүхий байгууллагаас гүйцэтгэх ажлын зориулалтаар ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох асуудал болон түүнтэй холбоотой бүртгэл, мэдээллийн санг Замын цагдаагийн газарт хэвээр үлдээх;


в) цагдаагийн байгууллагад автотээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой бүх мэдээллийг тухай бүр өндөр хурдны сүлжээгээр өгч, 24 цагийн турш шаардлагатай бусад мэдээллээр тасралтгүй, шуурхай хангаж байх зохион байгуулалтын арга хэмжээ авах.


2. Дараахь арга хэмжээг хэрэгжүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай:


а) автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох болон бүртгэл, мэдээллийн сангийн чиглэлээр Замын цагдаагийн газарт ажиллаж байгаа 8 ажилтныг орон тоо, цалингийн сангийн хамт Автотээврийн газарт шилжүүлэх;


б) Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийн хүрээнд Автотээврийн газар, Замын цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрыг өндөр хурдны сүлжээгээр холбож, автотээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай болох ажлыг 2010 онд багтаан зохион байгуулах.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                С.БАЯР


Хууль зүй,дотоод 


  хэргийн сайд                                                                           Ц.НЯМДОРЖ


Зам,тээвэр,барилга,хот 


   байгуулалтын сайд                                                               Х.БАТТУЛГА