A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 278

Улаанбаатар хот

АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тос цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах зориулалт бүхий олборлолтын ил байгууламж барих, цоонгийг олборлолтод шилжүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэх "Петрочайна дачин тамсаг Монгол" ХХК-ийн 880, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд баяжуулах үйлдвэр барих, далд уурхайн 2 дугаар босоо амны цамхаг, цэвэршүүлээгүй усны хоолой, далд уурхайн 1 дүгээр босоо амны хөндлөн малталт, нэвтрэлт дээр ажиллах "Оюутолгой" төслийн 3250, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Өвөрбаянгийн ордын далд уурхай болон баяжуулах үйлдвэрийн суурь бүтэц, угсралтын ажлыг гүйцэтгэх "Баян эрч" ХХК-ийн 300 инженер техникийн болон мэргэжлийн гадаадын ажилтанд 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй.

2. Оюутолгойн ордыг ашиглах талаар Монгол Улсын Засгийн газар болон "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК, "Айвенхоу Майнз Лимитед", "Рио Тинто интернэшнл Холдинг Лимитед" компани хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан хувь хэмжээг баримтлан Монгол Улсын иргэдийг "Оюутолгой" төсөлд авч ажиллуулах арга хэмжээг хамтран зохион байгуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.

3. Энэхүү тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг хугацаанд нь багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ