A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БАЙГАЛИЙН БОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН ГАМШИГ, ҮЙЛВЭРЛЭЛИЙН ТОМООХОН ОСЛЫН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАЙГАЛИЙН БОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН ГАМШИГ, ҮЙЛВЭРЛЭЛИЙН ТОМООХОН ОСЛЫН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1992 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 86

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн томоохон осол тохиолдсон үед хүний амь нас аврах, өмч хөрөнгө хамгаалах, учирсан хохирлыг арилгах ажил гүйцэтгэх үүрэг бүхий иргэний хамгаалалтын цэргийн ба мэргэжлийн ангиуд, байгалийн гамшигтай тэмцэх албаны материаллаг баазыг бэхжүүлж, шаардлагатай багаж хэрэгслээр хангах, бие бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулах арга хэмжээ авахыг Улсын иргэний хамгаалалтын төв штаб, аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд, энэ ажилд шаардагдах шүхэр, хамгаалах хэрэгсэл, багаж, машин механизм, тоног төхөөрөмжийг захиалгын дагуу 1992-1995 онд гадаад орнуудаас олж нийлүүлэх арга хэмжээ авч, хөрөнгийн эх үүсвэр, сургалтын зардлыг тухай бүр шийдвэрлэж өгч байхыг Худалдаа, үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн яам, Сангийн яаманд тус тус даалгасугай.

(Хүчингүй болгосон Засгийн газрын 1994 оны 185 дугаар тогтоолоор)

2.Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн томоохон осол тохиолдсон үед хүний амь нас аврах, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, өмч хөрөнгө хамгаалах, учирсан хохирлын хор уршгийг арилгах явдлыг цэргийн нэгтгэл, анги, салбарын нэг үндсэн үүрэг болгож, 1992/1993 оны хичээлийн жилээс эхлэн тэдгээрийн бие бүрэлдэхүүний сургалтын хөтөлбөрт энэ талаар Улсын иргэний хамгаалалтын төв штабтай хамтран тусгаж мөрдүүлэхийг Батлан хамгаалах яам, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт даалгасугай.

3.Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн томоохон ослын үед хэрэглэх шатахууны нөөцийг Улсын байнгын онцгой комиссоос тогтоосон хуваарийн дагуу бий болгох арга хэмжээг 1992 онл багтаан авахыг "Нефть импорт" концернд даалгасугай.

(Хүчингүй болгосон Засгийн газрын 1994 оны 185 дугаар тогтоолоор)

4.Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн томоохон ослын үед зайлшгүй шаардлагаар Батлан хамгаалах нийгэмлэгээс авч хэрэглэсэн шүхэр, шүхрийн хэрэгслийн төлбөрийг гүйцэтгэлээр нь тооцож байхыг Улсын иргэний хамгаалалтын төв штаб, Сангийн яаманд зөвшөөрсүгэй.

5.Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн томоохон ослоос хүний амь нас аврах, өмч хөрөнгө хамгаалах, учирсан хор уршгийг арилгах, ажил гүйцэтгэж байгаа хүмүүст олгох зардал, урамшлыг дор дурдсанаар тогтоосугай:

а/нислэг, дадлагад оролцох шүхэрчин-гал сөнөөгчид, зааварлагч, нисэн ажиглагчид, нислэг, дадлагын үед зайлшгүй байлцах эмч, жолооч, холбоочин, бусад хүмүүсийг иргэний агаарын хөлгийн багийн гишүүдэд нислэгийн өмнө олгодог хоолны үнийн жишгээр тооцож өдөрт нэг удаа хооллож байх;

б/байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн томоохон ослын хор уршгийг арилгахаар голомтын талбарт ажиллаж байгаа хүн бүрийн хоногийн хоолны зардлыг цэргийн албан хаагчдын хоногийн хоолны хээрийн нормын үнийн жишгээр тооцож байх;

в/байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн томоохон ослын голомтын талбарт ажиллах, учирсан хор уршгийг арилгахаар дайчлагдсан болон барилга байгууламжийн нурангид дарагдсан, усанд живсэн, хүчтэй үйлчилгээтэй химийн хортой бодисоор хордсон хүмүүсийг аврах, эрж олох, эмнэлгийн яаралтай тусламж газар дээр нь үзүүлэх ажил гүйцэтгэсэн хүмүүст Сангийн яам, Улсын иргэний хамгаалалтын төв штабаас тогтоосон хэмжээ, журмаар урамшил олгож байх;

г/ой, хээрийн түймэр унтраахаар шүхрээр болон нисдэг тэрэгнээс десантаар, дадлага, сургууль хийхээр шүхрээр болон нисдэг тэрэгнээс буулгах төхөөрөмжөөр буусан буулт тутамд шүхэрчин-гал сөнөөгч бүрт тэдний хөдөлмөрийн үндсэн хөлсний 12 хүртэл хувиар тооцон урамшил олгож байх;

д/ой, хээрийн түймэр, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг, үйлдвэрлэлийн томоохон ослын үед үүрэг гүйцэтгэхээр ниссэн нисэн ажиглагч нарт иргэний агаарын хөлгийн хоёрдугаар нисэгчийн хөдөлмөрийн хөлсний жишгийг баримтлан үүрэг гүйцэтгэж ниссэн цагаар нь тогтоож урамшил олгож байх.

6.Энэ тогтоолын 5 дугаар зүйлд дурдсан зардал, урамшлыг тооцох, тэдгээрийг төсөвт тусгах журмыг 1992 оны 6 дугаар сард багтаан Улсын иргэний хамгаалалтын төв штабтай хамтран гаргаж мөрдүүлэхийг Сангийн яаманд даалгасугай.

7.Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн томоохон ослын хор уршгийг арилгах ажилд дайчлагдсан хүмүүсийг хоол хүнс, шаардагдах уналга, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах арга хэмжээг шуурхай авч байхыг орон нутгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа, байнгын онцгой комисст даалгасугай.

8.Ой, хээрийн түймрийн эзэн, шалтгааныг тогтоох, хэрэг бүртгэх ажлыг гал түймэртэй тэмцэх албандаа хариуцуулахыг аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад даалгасугай.

9.Сайд нарын Зөвлөлийн 1985 оны 297 дугаар тогтоолоор баталсан "Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай дүрэм"-ийн 29 дүгээр зүйлийн "500 хүртэл" гэснийг "10000 хүртэл" гэж өөрчилсүгэй.

(9-р зүйлийг Засгийн газрын 1994 оны 185 дугаар тогтоолоор хүчингүй болгосон)

Монгол Улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН

Батлан хамгаалахын сайд Ш.ЖАДАМБАА