Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨРИЙГ БАРАГДУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨРИЙГ БАРАГДУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ


1999 оны 12 дугаар сарын 1-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 203



Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1, 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Банкны зээлийн хугацаа хэтэрсэн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлэх, нэгтгэн зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол банктай зөвшилцсөний үндсэн дээр хамтран байгуулж ажиллахыг Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Ганболдод үүрэг болгосугай..


2.Монгол банктай зөвшилцөн, арилжааны банктай гэрээ байгуулсны үндсэн дээр банкны зээлийн хугацаа хэтэрсэн өрийг барагдуулах арга хэмжээний хүрээнд төлөгдсөн хөрөнгийн 10 хүртэлх хувийг Монгол банк дахь тусгай дансанд төвлөрүүлж, шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, техник хангамжийг сайжруулах, боловсон хүчнийг давтан бэлтгэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх арга хэмжээнд зарцуулж байхыг Сангийн сайд Я.Очирсүх, Хууль зүйн сайд Д.Ганболд нарт зөвшөөрсүгэй.


3.Банкны зээлийн хугацаа хэтэрсэн өрийг барагдуулах албаны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрхэн өөрчлөн зохион байгуулах тухай саналаа энэ оны 12 дугаар сарын 15-ны дотор танилцуулахыг Сангийн сайд Я.Очирсүх, Хууль зүйн сайд Д.Ганболд нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Сангийн сайд бөгөөд Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.ОЧИРСҮХ