Хэвлэх DOC Татаж авах
БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1995 оны 8 дугаар сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 151



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Байгаль орчны яам /З.БАТЖАРГАЛ/-д даалгах нь:


а/байгаль орчны тухай хуулиудад байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас батлан мөрдүүлэхээр заасан эрх зүйн баримт бичгийг 1995 оны 10 дугаар сард багтаан гаргах арга хэмжээ авсугай;


б/байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон байгаль орчинд хяналт тавих үүрэг бүхий орон нутгийн албадын тогтолцооны талаар энэ онд багтаан нийслэл, холбогдох аймагтай хамтран тухайн орон нутгийн байгаль, нутаг дэвсгэрийн онцлогтой уялдуулан санал боловсруулж Засгийн газарт оруулсугай;


в/ой, ан амьтан, ургамлын нөөцийн хайгуул, зохион байгуулалтыг 1996 оноос эхлэн холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд нийт нутаг дэвсгэрийг давтан хамарч байхаар мэргэжлийн албадын хүчийг зохион байгуулан хийж, санхүүжилтийн эх үүсвэрийг зохицуулж байсугай;


г/модны үрийн улсын нөөцийн сан бий болгох, үрийн шинжилгээний чанарыг сайжруулах, ойг тарьж ургуулах дэвшилттэй технологийг шуурхай нэвтрүүлэх замаар 1998 онд багтаан жилд ойжуулах талбайн хэмжээг 10 мянгаас доошгүй га-д хүргэх арга хэмжээ авсугай.


2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:


а/нутаг дэвсгэрийнхээ байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх хийгээд агаар ус, хөрсний бохирдлыг багасгах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ажлыг 1996 оноос эхлэн зохион байгуулсугай;


б/мод тарих, ургамал, ан амьтныг нутагшуулах, өсгөн үржүүлэх, байгалийн баялаг, хөрс ургамлыг сэргээх ажилд олон нийтийг өргөнөөр татан оролцуулах арга хэмжээ авч энэ чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж байсугай.


3.Газар, түүний хэвлий, ус, ой, ан амьтан, ургамлын нөөцийг тогтоож үнэлгээ өгөх, байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг улс, орон нутгийн захиалга, төслийн үндсэн дээр гүйцэтгүүлж холбогдох зардлыг шинжлэх ухаан, технологийн сан, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ авч байхыг Шинжлэх ухаан, боловсролын яам /С.ТӨМӨРОЧИР/, Байгаль орчны яам /З.БАТЖАРГАЛ/, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


4.Нийслэл болон томоохон хот, суурин газрын агаар бохирдуулагч бодисыг шүүх төхөөрөмж тавих, хаягдал ус цэвэршүүлэх барилга байгууламж барих, засварлах, шинэчлэн тоноглох, түлш бага зардаг, гүйцэд шаталттай зуух, шахмал түлш хэрэглэх хүрээг өргөтгөх, нар, салхи, усны эрчим хүч ашиглах дэвшилт технологи нэвтрүүлэх замаар байгалийн нөөц баялгийг хамгаалах, хот, суурин газрын агаарын бохирдлыг багасгах арга хэмжээг 1996 оноос дэс дараатайгаар авч хэрэгжүүлэхийг Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Эрчим хүч, геологи, уул уурхайн яам /Б.ЖИГЖИД/, Байгаль орчны яам /З.БАТЖАРГАЛ/, Нийслэлийн Засаг дарга /Ц.БААСАНЖАВ/, аймгуудын Засаг дарга нарт даалгасугай.


5.Нийслэл болон аймгийн төвийн агаар бохирдуулагч суурин болон хөдөлгөөнт эх үүсвэр, тээврийн хэрэгсэлд 1996 онд багтаан үзлэг явуулж тэдгээрийн агаар бохирдуулалтын түвшинг тогтоох үндсэн дээр цаашид агаарын бохирдлыг багасах талаар системтэй арга хэмжээ авахыг Байгаль орчны яам/ З.БАТЖАРГАЛ/, Дэд бүтцийн хөгжлийн яам /Р.САНДАЛХАН/, Эрчим хүч, геологи, уул уурхайн яам /Б.ЖИГЖИД/, Худалдаа, үйлдвэрийн яам /Ц.ЦОГТ/, Цагдаагийн ерөнхий газар /Б.ПҮРЭВ/, холбогдох бусад яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


6.Төв, суурин газарт оршин суугчдын унд, ахуйн хэрэгцээний усны чанар, найрлагыг сайжруулах, цэнгэгжүүлэх, зөөлөрүүлэх, малчдыг хэрэглээний шаардлагад нь нийцсэн усаар хангах асуудлыг дэс дараатайгаар шийдвэрлэхийг Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Хүнс, хөдөө аж ахуйн яам /Ц.ӨӨЛД/, Байгаль орчны яам /З.БАТЖАРГАЛ/, Эрүүл мэндийн яам /П.НЯМДАВАА/, Дэд бүтцийн хөгжлийн яам /Р.САНДАЛХАН/, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


7.Байгаль орчны хяналт шинжилгээний болон байгалийн гамшигт үзэгдлийн мэдээллийн сүлжээг өргөтгөж боловсронгуй болгох, автоматжуулах, ажиглалт, мэдээллийн иж бүрэн тогтолцоо бүрдүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчны яам /З.БАТЖАРГАЛ/, Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/-т даалгасугай.


8.Нийслэлийн томоохон үйлдвэрүүд байрладаг дэвсгэр нутгийн үйлдвэрлэлийн болон унд, ахуйн хэрэглээний усны түгээгүүрийн шугам сүлжээг тусгаарлан салгах төслийг 1996 онд багтаан боловсруулж дэс дараатай хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга /Ц.БААСАНЖАВ/, Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/-т даалгасугай.


9.Байгаль орчны тухай хуулиуд батлагдсан болон энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дор дурдсан тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай:


а/"Ундны усны ариун цэврийн дүрэм батлах тухай" 1966 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 429 дүгээр тогтоол;


б/"Уст цэгийн элэгдэл хорогдлын шимтгэлийн тухай" 1974 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 120 дугаар тогтоол;


в/"Усны хуулийг биелүүлэх заавар батлах тухай" 1974 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 423 дугаар тогтоол;


г/"Ойн хуулийг биелүүлэх заавар батлах тухай" 1974 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 468 дугаар тогтоол;


д/"Ан агналтыг журамлахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай" 1979 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоол.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Байгаль орчны сайд З.БАТЖАРГАЛ