Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ ӨР БАРАГДУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАНКНЫ ӨР БАРАГДУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2002 оны 6 дугаар сарын 3-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 109



Банкны өр барагдуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Татан буугдсан, дампуурсан банк болон Банкны өр барагдуулах газраас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн зээлийн өрийг төлүүлэхээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу гарсан шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг 2002 оны П улиралд багтаан Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газарт шилжүүлж, тэдгээрийн дагуу барагдуулах зээлийн төлбөр тооцоо хийх, мэдээ судалгаа гаргах, барагдуулсан зээлийн өрийг улсын төсөвт төвлөрүүлэх журам тогтоож мөрдүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.


2. Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага дээр алга болсон шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг нөхөн гаргуулах талаар арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.


3. Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгах нь:


а/шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 117 зээлдэгчийн 1.615.145.924,98 (нэг тэрбум зургаан зуун арван таван сая нэг зуун дөчин таван мянга есөн зуун хорин дөрвөн төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийн зээлийн өрийг Банкны өр барагдуулах газрын тайлан тэнцлээс хасч тооцсугай;


б/нас барсан 147 зээлдэгчид холбогдох 629.717.588,59 (зургаан зуун хорин есөн сая долоон зуун арван долоон мянга таван зуун наян найман төгрөг тавин есөн мөнгө) төгрөгийн зээлийн өр, татан буугдсан болон дампуурсан банкнаас Банкны өр барагдуулах газарт үндсэн зээлийн материалгүй жагсаалтаар шилжиж ирсэн 59 зээлдэгчийн 259.474.955,0 (хоёр зуун тавин есөн сая дөрвөн зуун далан дөрвөн мянга есөн зуун тавин таван) төгрөгийн зээлийн өрийг хуулийн байгууллагад тавьж шийдвэрлүүлсүгэй.


4. Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийн 836.4 (найман зуун гучин зургаан сая дөрвөн зуун мянган) сая төгрөгийн, Багахангайн Махны үйлдвэрийн 1.4 (нэг тэрбум дөрвөн зуун сая) тэрбум төгрөгийн, Хөтөлийн "Ган" үйлдвэрийн 13.1 (арван гурван сая нэг зуун мянган) сая төгрөгийн зээлийн өрийг Банкны өр барагдуулах газрын тайлан тэнцлээс хасч, тухайн аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэн тайлан тэнцэлд нь тусгах замаар шийдвэрлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд үүрэг болгосугай.


5. Банкны өр барагдуулах газрын авлагын дансанд бүртгэлтэй 2.4 (хоёр тэрбум дөрвөн зуун сая) тэрбум төгрөгийн үнэ бүхий Ардын банкны барилгыг Банкны өр барагдуулах газрын тайлан тэнцлээс хасч Нийслэлийн өмчийн газарт холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ), Нийслэлийн Засаг дарга М.Энхболдод зөвшөөрсүгэй.


6. "Чингис хаан" зочид буудлын цогцолборын барилгатай холбоотой захиргаадалтын зээлийн өрийг хувьцаагаар солих асуудлыг судалж шийдвэрлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.


7. Банкны өр барагдуулах газрыг 2002 оны П улиралд багтаан төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН