Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

 

2009 оны 3 дугаар                                                                                                                                                                                                                                             Улаанбаатар

сарын 31-ний өдөр                                                                                                           Дугаар 08                                                                                                                          хот

 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ,

ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ,

ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /цаашид хуулийн гэх/-ийн зарим зүйл, заалтыг дор дурьдсанаар тайлбарласугай.

1.Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5-д заасан “…байнга оршин суугч…” гэж Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11-д зааснаар тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тодорхой хаягт бүртгэлтэй иргэнийг хэлнэ.

2.Мөн зүйлийн 9.5-д заасан “…эсхүл уг дүүргийн нутаг дэвсгэр дэх байгууллага, аж ахуйн нэгжид ажил хөдөлмөр эрхлэгч байна” гэдгийг төлөөлөгч нь сонгогдсон Хурлын харъяа дүүрэгт байнга оршин суугч биш боловч түүний ажлын байр нь тухайн Хурлын харъяа дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байхыг ойлгоно.

3.Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5-д заасан “байнга оршин суугч” –ийг иргэний үнэмлэхээр;

уг дүүргийн нутаг дэвсгэр дэх байгууллага, аж ахуйн нэгж “-ийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан бүртгэх эрх бүхий байгууллагын албан ёсны баримтаар;

“тухайн байгууллага, аж ахуйн нэгжид ажил хөдөлмөр эрхлэгч“-ийг ажлын газрын үнэмлэх болон нийгмийн даатгалын дэвтэр зэргээр тус тус тодорхойлно.

4.Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5-д заасны дагуу явуулсан санал хураалтаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн санал аваагүй нэр дэвшигчийг Хурлын даргад дахин нэр дэвшүүлэхгүй.

5.Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно” гэж зохицуулснаас гадна хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “…Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг … сонгох”, 23 дугаар зүйлийн 23.5-д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан … Хурлын тэргүүлэгчдийг … сонгох”, 23 дугаар зүйлийн 23.13-т “…анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг…” шийдвэрлэх талаар тус тус заасан тул Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Хурлын даргыг болон Тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар заавал хэлэлцэж дуусгана.

Харин анхдугаар хуралдаанаас тодорхой шалтгааны улмаас бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөөгүй Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулах, түүнчлэн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан үндэслэлээр Хурлын төлөөлөгч /Хурлын дарга, тэргүүлэгч/-ийн бүрэн эрх дуусгавар болсон нөхцөлд нөхөн сонгогдсон Хурлын төлөөлөгч /Хурлын дарга, тэргүүлэгч/-ийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, сонгох болон хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан, Засаг дарга огцорсон тохиолдолд Засаг даргад шинээр нэр дэвшүүлэх зэрэг нь бусад хуралдааны хэлэлцэх асуудалд хамаарна.

6.Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “…хүсэлт”-ийг бичгээр гаргана.

7.Мөн зүйлийн 13.1.4, хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан “шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол” гэдгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлд заасны дагуу ойлгоно.

8.Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “…тухайн орон нутгаас шилжсэн…” гэдэгт Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар байнга оршин суугаа засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд бүрмөсөн шилжихийг ойлгох бөгөөд энэ нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-т зааснаар зохих журмын дагуу хийгдсэн бүртгэлээр баталгаажсан байна.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түр буюу 180 хоногоос доош хугацаагаар шилжин суурьшсаныг тухайн орон нутгаас шилжсэн гэж

үзэхгүй.

9.Хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 23 дугаар зүйлийн 23.7, 27 дугаар зүйлийн 27.3-т заасан “Хурлын нийт төлөөлөгч…” гэж иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас бүрэн эрх нь баталгаажсан нийт сонгогдогчдыг хэлнэ.

Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар бүрэн эрх нь дуусгавар болж, нөхөн сонгууль явагдаагүй тохиолдолд эрх нь дуусгавар болсон тухайн төлөөлөгчийг Хурлын нийт төлөөлөгчдийн тоонд оруулан тооцохгүй.

10.Хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д заасан “…хүндэтгэн үзэх шалтгаан…” гэдэгт эрүүл мэндийн байдал, албан томилолтоор явсан, ар гэрт нь гачигдал гарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон зэрэг хувь хүнээс өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлыг ойлгоно.

Хурлын дарга хуулийн дээрх зүйлд заасныг зөрчин хуралдааныг орхин гарч, хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй нь хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

Энэ тохиолдолд хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон аль нэг төлөөлөгч хуралдааныг удирдаж үргэлжлүүлнэ.

11.Хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.3, 26.5.4, 26.6.1, 26.6.2-т заасан “… шүүхийн шийдвэр” гэснийг “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай“ Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 сарын 31-ний өдрийн 16 дугаар тогтоолын 11-д зааснаар ойлгоно.

12.Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 26 дугаар зүйлийн 26.7, 30 дугаар зүйлийн 30.1.2, 30.1.10, 30.1.11, 31 дүгээр зүйлийн 31.1.2, 31.1.8, 33 дугаар зүйлийн 33.4, 36 дугаар зүйлийн 36.2-т заасан “зөвшилцөх” гэдгийг “Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 1996 оны 6 сарын 28-ны өдрийн 216 дугаар тогтоолд заасны дагуу ойлгож хэрэглэнэ.

13.Хуулийн 15 дугаар зүйлийн 15.5, 23 дугаар зүйлийн 23.4, 23.13, 26 дугаар зүйлийн 26.4, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 32 дугаар зүйлийн 32.3, 32.4, 32.6-д заасан хугацааг Иргэний хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмыг баримтлан тоолно.

 

 

 

                                                                                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          С.БАТДЭЛГЭР

 

                                                                                                                         ШҮҮГЧ                          Л.АТАРЦЭЦЭГ