A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1992 оны 2 дугаар сарын 22-ны өдөр                                                               Дугаар 28                                                                                                   Улаанбаатар хот

 

БАРИЛГА, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Зах зээлийн тогтолцооны үед барилгын байгууллагын амьдрах чадварыг сайжруулж, ажлын нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Барилга, хот байгуулалтын комисс, аймаг, хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргаанд даалгах нь:

а)барилгын материалын үйлдвэр,үйлдвэрлэлийн бааз, угсралтын байгууллагын нэгэнт бий болсон хүч чадлыг бүрэн ашиглах, гададын ижил төрлийн үйлдвэр, байгууллагуудтай хорших, хамтарсан үйлдвэр, аж ахуйн газар байгуулах зэргээр дотоод, гадаад зах зээл дээр чөлөөтэй гарч ажиллах эрх олгож, ажлын фронтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсугай;

б)орон нутгийн хямд төсөр материал ашиглан амины орон сууц барьж худалдах, пүүс, компаниуд, бусад байгууллагын захиалгаар барих барилгын хэмжээг нэмэгдүүлэх замаар барилгачдыг ажлын байраар хангах арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй.

2.Барилгын байгууллагууд захиалагчтайгаа тохирон барилга-угсралтын ажлын санхүүжилтийн хэлбэрээ тогтоодог байх, барилгын бэлтгэл ажилд зориулж захиалагчаас урьдчилгаа авах зэрэг зарчмыг үндэс болгон барилгын ажлын санхүүжилтийнг үлгэрчилсэн журам гаргаж мөрдүүлэхийг Сангийн яам, Үндэсний хөгжлийн яам, Барилга, хот, байгуулалтын комисст даалгасугай.

3.Барилгын салбарын өмч хувьчлах ажлыг түргэтгэхийн зэрэгцээ барилгын байгууллагуудыг хэт жижигрүүлж үйлдвэрлэлийн бааз, технологийн машин механизмыг хэрэглэгчээс нь салангид хувьчлах явдлыг цаашид гаргахгүй байх арга хэмжээ авахыг Засгийн газрын өмч хувьчлалын комисс, аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад даалгасугай.

4. /Засгийн газрын 1995 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Барилгын талаар авах зарим арга хэмжээний тухай 35 дугаар тогтоолоор 4 дүгээр зүйлийг хүчингүй болгосон/

5. /Засгийн газрын 1995 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Барилгын талаар авах зарим арга хэмжээний тухай 35 дугаар тогтоолоор 5 дугаар зүйлийг хүчингүй болгосон/

6.Хөрөнгө хүчний боломжгүйгээс ажлыг зогсоосон барилга байгууламжид урьд гүйцэтгэсэн ажлын төлбөрийг барагдуулах, зарим байгууламжийг хэрэгцээт газар,байгууллагад тохиролцооны үнээр худалдан борлуулах, дутагдах эх үүсвэрийг өмч хувьчлалын сангаас нөхөх арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж болон яам, тусгай газар, аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгасугай.

7. /Засгийн газрын 1995 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Барилгын талаар авах зарим арга хэмжээний тухай 35 дугаар тогтоолоор 7 дугаар зүйлийг хүчингүй болгосон/

8. /Засгийн газрын 1995 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Барилгын талаар авах зарим арга хэмжээний тухай 35 дугаар тогтоолоор 8 дугаар зүйлийг хүчингүй болгосон/

9. /Засгийн газрын 1995 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 27 дугаар тогтоол, 1995 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Барилгын талаар авах зарим арга хэмжээний тухай 35 дугаар тогтоолоор 9 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болгосон/

10.Улаанбаатар, Дундговь, Өвөрхангай аймгийн ханын материалын үйлдвэрийн техникийн шинэчлэлт, Улаанбаатарын тосон болон хуурай будгийн үйлдвэрийг энэ оны 7 дугаар сард, полимезр бетоны үйлдвэр,Ховд аймгийн цементийн үйлдвэрийг 1992 оны IҮ улиралд ашиглалтад оруулах арга хэмжэээ авахыг "Барилгын материал" концерн, холбогдох аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад; эдгээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийн гадаад төлбөрийн асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байхыг Худалдаа, үйлдвэрийн яаманд тус тус даалгасугай.

11.1992 оноос тоосго, цементийн жижиг үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг "Барилгын материал" концерн, Үндэсний хөгжлийн яаманд даалгасугай.

12.Харьяа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хэвийн ажиллагааг хангах,тэдэнд дотоод зах зээлд илүүдэлтэй барилгын материалыг экспортод гаргах эрх олгож,төрийн өмч болон үйлдвэрлэл технологийн сахилгад хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авч байхыг Дэд бүтцийн хөгжлийн яаманд даалгасугай. /Засгийн газрын 1995 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Барилгын талаар авах зарим арга хэмжээний тухай 35 дугаар тогтоолоор 12 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан/

13.Өөрийн орны хэрэгцээг бүрэн хангах, импортын материал хэмнэх зорилгоор эхний ээлжинд барьж байгуулах хавсралтад дурдсан жижиг үйлдвэрийг техник, технологийг өрсөлдүүлэн сонгох замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Худалдаа, үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын комисст даалгасугай.

14.Барилгын материалын эрдэс түүхий эдийн хайгуул судалгаа явуулах, тэдгээрийн дээжид хагас үйлдвэрлэлийн болон лабораторийн туршилт хийх, шинээр байгуулах үйлдвэрийн техник, технологийн сонголт хийх, техник-эдийн засгийн үндэслэл, урьдчилсан тооцоо гаргах ажлыг Барилга, хот байгуулалтын комисст, үүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж байхыг Үндэсний хөгжийн яаманд тус тус даалгасугай.

15.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1991 оны 12 дугаар тогтоолоор баталсан Барилга, хот байгуулалтын комиссын дүрэмд доорхи өөрчлөлтийг оруулсугай:

а)арван нэгдүгээр зүйлийн “г” заалтыг: “Гадаадын байгууллагаар зураг төсөл хийлгэхм, тэрчлэн барилгын байгууллага, пүүсийг манай улсад оруулж барилга бариулах, өргөтгөл, шинэчлэлт, засварын ажлыг гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэх,тэдний зураг, төсөл, барих барилга архитектур, барилгажилтын бодлоготой уялдуулан хяналт тавих, хамтарсан үйлдвэр, байгууллагын болон материалын жижиг дунд үйлдвэрүүдийн техник технологийн сонголт хийх;” гэж найруулах;

б)аравдугаар зүйлд: “м)барилгын байгууллагуудыг зах зээлийн харилцаанд шилжихэд нь арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллах” гэж нэмэх.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                                                Д.БЯМБАСҮРЭН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШАДАР САЙД                                    Ч.ПҮРЭВДОРЖ