Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 282



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан зураг төсөл нь бэлэн болоогүй барилга байгууламжийг улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд тусгахгүй байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.


2. Дарханы төмөрлөгийн болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн арматурын төмөр, цемент зэрэг бүтээгдэхүүнийг эхний ээлжинд дотоодын хэрэгцээг хангасны дараа экспортод гаргадаг байхаар журамлан ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадорж, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд үүрэг болгосугай.


3. Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэлд даалгах нь:


     а)барилга байгууламжийн угсралтын ажилд шаардагдах импортын материал, бүтээгдэхүүн, техник, тоног төхөөрөмж зэрэг төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг жил бүрийн 12 дугаар сард багтаан төсвийн ерөнхийлөн захирагч нартай тохирч, барилга угсралтын ажлын үед сааталгүй тээвэрлэх зорилгоор төмөр замын зүтгүүрийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажилласугай;


     б)хатуу хучилттай авто замын сүлжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан засвар арчлалтын ажлыг гүйцэтгэх удирдлага зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шаардлагатай жижиг оврын тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байсугай;


     в)Монгол Улсын авто замын сүлжээг ойрын жилүүдэд хурдацтай хөгжүүлэх зорилгоор авто зам, гүүрийн барилгын ажилд бага үнэтэй тэргүүний технологи ашиглах ажлыг 2009 оноос эхлүүлэн шаардагдах судалгаа тооцоог гаргаж бэлтгэл ажлыг хангасугай.


4. Дор дурдсан асуудлыг 2008 онд багтаан зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, холбогдох норм, дүрэм, журамд тусган боловсронгуй болгох арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл нарт даалгасугай:


     а)Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулалтаар баригдах бүх төрлийн барилга, авто зам, эрчим хүчний байгууламжийн зураг төслийг боловсруулах ажилд үндэсний мэргэжилтнийг голлох үүрэгтэйгээр оролцуулах, байгаль, цаг уурын нөхцөл, ард түмний уламжлалт ёс заншил, үндэсний архитектурын өвөрмөц онцлогийг уялдуулан тусгаж байх;


     б)барилга, авто зам, эрчим хүчний байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшөөрөл авах, баталгаажуулах, магадлал хийх үе шатны үйл ажиллагааг боловсронгуй болгох;


     в)барилга, авто зам, эрчим хүчний байгууламжийн төсөвт өртгийг тодорхойлох ерөнхий аргачлалыг боловсронгуй болгож томсгосон үнэлгээ, үнийн индексийг боловсруулж мөрдөх;


     г)барилга, авто зам, эрчим хүч, хот байгуулалтын салбарын инженер-техникийн ажилтны мэргэшил дээшлүүлэх тасралтгүй сургалтыг өргөжүүлж техникийн норматив, баримт бичиг боловсруулах ажилтай уялдуулан мэргэжлийн зэрэг олгож байх;


     д)барилга, авто зам, эрчим хүчний байгууламжийн норм, нормативын нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох, мэдээллийн сан байгуулах арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх;


     е)барилгын даацын хийц эдэлхүүний жинг багасгах сайн чанарын хөнгөн дүүргэгч гарган авах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, барилгын жинг хөнгөрүүлэх дэс дараатай арга хэмжээг хэрэгжүүлэх;


     ж)барилга, авто замын ажлын механикжуулалт болон барилгын машин, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны түвшинг дээшлүүлэх, барилгын машин механизмын тоо бүртгэл, барилгын ажлын механикжуулалтын түвшинг тодорхойлох статистик мэдээллийн систем бий болгох, барилга, авто замын үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа машин механизмын ашиглалтын норм, нормативыг өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулах, машин, тоног төхөөрөмж, нэмэлт тоноглолын үйлдвэрлэлийг шинээр бий болгох ажлыг зохион байгуулах;


     з)барилга, авто зам, эрчим хүчний байгууламжийн инженер, геологийн судалгаа-шинжилгээ, техник хэрэгсэл, лабораторийн багаж, тоног төхөөрөмжийн хүчин чадал, хэмжээг өргөтгөж, инженер-техникийн ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлж, үе шатны ажил бүрийг технологийн дагуу гүйцэтгэж хөрсний геологийн дүгнэлтийг чанарын шинэ шатанд гарган боловсруулж байх шаардлагыг гүйцэтгэгч байгууллагад тавьж ажиллах;


     и)барилга, авто зам, эрчим хүчний байгууламжийн үе шатны ажил бүртэй уялдуулан чанарын удирдлагын тогтолцооны стандартыг шинэчлэн мөрдүүлж хэвшүүлэх;


     к)барилга, авто замын салбарын барилга байгууламж барихад ашиглаж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалттай холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлыг судалж шийдвэрлүүлэх.


5. Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасугай:


     а)нийслэл болон аймаг, бүсийн тулгуур төв хот, сум суурин газрын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн бичил мужлалын зураг төслийг дэс дараатай боловсруулах, нийслэлийн нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг 2008 онд багтаан боловсруулж, мөрдүүлэх;


     б)аймаг, нийслэлд ажиллаж байгаа барилга, хот байгуулалтын албадын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд баталгаажуулан жигдрүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан барилга байгууламжийн иж бүрэн зураг төсөл, инженер геологийн дүгнэлт, дэвсгэр зураг, техникийн баримт бичгийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх аж ахуйн нэгжийн мэдлээс авч тус албанд шилжүүлж, архивлах;


     в)барилга, авто зам, эрчим хүчний байгууламжийг бүртгэж, паспортжуулах журмыг 2008 онд багтаан шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх.


6. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат нарт дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасугай:


     а)барилга, эрчим хүч, авто замын болон барилга, замын машин механизмын инженер-техникийн ажилтан, мэргэжлийн ажилчин бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Төрийн сан, тусламж, захиалгаар суралцах оюутан, сурагч, мэргэжлийн ажилчдын тоог нэмэгдүүлэх, мөн түргэвчилсэн болон давтан сургалтыг зохион байгуулах;


     б)барилга, авто зам, эрчим хүчний салбарын эрдэм шинжилгээний байгууллагын шинжилгээ судалгаа, туршилтын материаллаг баазыг бэхжүүлэх, тэнд ажиллагсдын цалин, хөлсийг шинжлэх ухааны байгууллагатай адилтгах асуудлыг судалж үзэх;


     в)шинжлэх ухаан, технологийн төслүүдийг хот суурин барьж байгуулах, барилга, авто зам, эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийн техник, технологийн түвшинг дээшлүүлэх, импортоор авдаг материал, түүхий эд, техник, сэлбэг хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэх, өөрийн орны эрдэс түүхий эдийг бүрэн боловсруулах, хөдөлмөр зарцуулалт ихтэй барилгын ажлыг механикжуулах, улмаар автоматжуулах, өндөр бүтээмжтэй техник, хэрэгслийг зохион бүтээх зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд чиглүүлэх.


7. Чанарын баталгаажуулалтын үйл ажиллагааг өмчийн олон хэлбэртэй болгон өргөтгөн бэхжүүлж, барилгын материалын үйлдвэрүүдийг нэгдсэн бүртгэлд авах, дотоодын болон импортын материал, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн тохирлын гэрчилгээтэй болгон чанарын баталгаажуулалтад бүрэн хамруулж, мэргэжлийн хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл нарт даалгасугай.


8. Барилга, авто зам, эрчим хүчний байгууламжийн ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах, ашиглаж, эзэмших үйл ажиллагааг орчин үеийн шаардлагад нийцүүлэн зохицуулах дүрэм, журмыг боловсруулж мөрдүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, Монгол Улсын сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд С.Отгонбаяр нарт даалгасугaй.


9. Барилга, хот байгуулалтын салбарын хөгжлийн үзэл баримтлал, бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дэвшилтэт технологи, шинэ материал, техник хэрэглэх, барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх, барилгын үнэ бүрдэлтийн тогтолцоог зах зээлийн харилцаанд шилжүүлэх, үйлдвэрлэл, төсвийн нормативыг цахим хэлбэрт оруулах зэргээр барилгын норм, дүрмийг шинэчлэх, боловсронгуй болгох, судалгаа, мэдээллээр хангах, төсөвчний сургалт явуулах зэрэг чиглэлээр барилгын салбарын эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт нарт даалгасугай.


10. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболдод үүрэг болгосугай.


          Монгол Улсын Ерөнхий сайд                                                                         М.ЭНХБОЛД


          Барилга,хот байгуулалтын сайд                                                                  Ж.НАРАНЦАЦРАЛТ