A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 348

Улаанбаатар хот

БАНК БАЙГУУЛАХ САНАЛЫН ТУХАЙ

Банк, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Зоос" банкин дахь төрийн зарим мөнгөн хөрөнгөөр төрийн өмчийн банк байгуулах тухай Монголбанк, Сангийн яамны саналыг зөвшөөрч, үүсгэн байгуулагчаар Сангийн яамыг томилсугай.

2. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай:

2.1. шинээр үүсгэн байгуулах төрийн өмчит банкны дүрмийг батлах;

2.2. Монголбанктай зөвшилцсөний үндсэн дээр шинээр үүсгэн байгуулах төрийн өмчит банкны дүрмийн санг бүрдүүлж, 2009 оны 11 дүгээр сард багтаан үйл ажиллагааг нь эхлүүлэх;

2.3. банк байгуулах хүсэлтийг Монголбанкинд гаргаж зөвшөөрөл авах;

2.4. шинээр үүсгэн байгуулах төрийн өмчит банкны гүйцэтгэх удирдлагыг томилж, тэдгээртэй гэрээ байгуулан, банкны орон тоо, төсвийг баталж мөрдүүлэх.

3. Банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг хийхэд шаардагдах 100.0 хүртэл тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд гаргах асуудлыг Улсын Их Хуралд тавьж шийдвэрлүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгаж, Монголбанк /Л.Пүрэвдорж/-нд зөвлөсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ