A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2003 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 254

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Мянганы зам" төслийн хүрээнд Архангай аймгийн Тариат сумын Гичгэний гүүрээс Завхан аймгийн Завханмандал сумын Алтангадас толгойн чиглэлд 405 км зам, гүүрийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх, үүнээс 5 км замыг буцалтгүй тусламжаар барихаар ажиллаж байгаа Монгол-Хятадын хамтарсан "Зам Интернэшнл" ХХК-д БНХАУ-аас 155 ажилтныг 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд, БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлээр Төмөртийн-Овооны цайрын ордыг түшиглэн уулын баяжуулах үйлдвэр байгуулах Монгол-Хятадын хамтарсан "Цайртминерал" ХХК-д БНХАУ-аас 945 ажилтан, мэргэжилтнийг үе шаттайгаар 2004 оны 1 дүгээр сарын 1-нээс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу тус тус олгохыг Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайд Ш.Батбаярт даалгасугай.

2. "Зам Интернэшнл", "Цайртминерал" ХХК-ийг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР