A

A

A

Бүлэг: 1979

МОГНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 25

Улаанбаатар хот

ГЕОДЕЗИЙН СОЛБИЦОЛ, ӨНДӨР ТУСГАГИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ БАТЛАХ ТУХАЙ

Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.2.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэж байгаа геодезийн байрлалын сүлжээний хэмжилт, боловсруулалтын ажилд олон улсын геодезийн "WGS-84" солбицлыг, өндрийн сүлжээнд Балтийн тэнгисийн тогтолцоог, том, дунд масштабын байр зүйн зураглалд дэлхийн хөндлөн меркаторын "UTM" тусгагийг хэрэглэж байхаар тогтсугай.

2. Монгол Улсын геодезийн байрлалын болон өндрийн сүлжээгээр тодорхойлогдсон цэгүүдийг "GPS"-ын технологи ашиглан шинэчилж, улсын триангуляцийн сүлжээний цэгүүдийн солбицлыг "WGS-84" тогтолцоонд тодорхойлох ажлыг 2012 онд багтаан дуусгах арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай.

3. Геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр 2009 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Зам,тээвэр,барилга,хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 267

Улаанбаатар хот

ГЕОДЕЗИЙН СОЛБИЦОЛ, ӨНДӨР, ТУСГАГИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.2.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэж байгаа геодезийн хэмжилт, зураглалын ажилд олон улсын геодезийн солбицлын ITRF2020 тогтолцоо, өндрийн сүлжээнд Балтийн тэнгисийн тогтолцоог, газрын зураглалд дэлхийн хөндлөн меркаторын "UTM" тусгагийг тус тус хэрэглэж байхаар тогтсугай.

2. Геодезийн солбицлын ITRF2020 тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, үе шаттайгаар зохион байгуулан ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (А.Энхманлай)-т үүрэг болгосугай.

3. Геодезийн солбицлын ITRF2020 тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд шаардагдах зардлыг 2023-2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл болон жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоог батлах тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР