A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 126

Улаанбаатар хот

ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг сайжруулах ажлын хүрээнд дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай:

1) Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн үе шат, бүрэлдэхүүн хэсгүүдийг шинэчлэн тогтоохтой холбогдуулан 2008 оны 5 дугаар сард багтаан зохих хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах;

2) 2009-2011 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн төлөвлөлттэй уялдуулах асуудлыг судлах;

3) Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг сайжруулах ажлын хүрээнд Төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр хөтөлбөрт суурилсан дунд хугацааны төсөв зохиох үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг 2008 оны 5 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулах;

4) Хөтөлбөрт суурилсан дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг нэвтрүүлэхтэй холбогдуулан үндэсний боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх сургалтыг Төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр зохион байгуулах.

2. Монгол Улсын дунд хугацааны буюу 2009-2011 оны төсвийн төслийг Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт, тухайн салбарын мастер төлөвлөгөөнд тодорхойлсон зорилго, үр дүнг хангахад чиглүүлэн бүтээгдэхүүн, хөтөлбөрт суурилсан төлөвлөлтийн зарчмаар боловсруулах арга хэмжээ авч ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай.

3. Салбарын бодлого, төсвийг харилцан уялдаатай төлөвлөх, хуваарилагдсан төсөвтэйгээ уялдуулан салбарын бодлогын зорилтыг биелүүлэх, хүрэх үр дүнгийн төлөө хүлээх хариуцлагыг өндөржүүлэн ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН