A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 5 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 171

Улаанбаатар хот

ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1. Даланзадгадын дулааны цахилгаан станцын ажиллагаа доголдсоны улмаас Өмнөговь аймгийн төв болон зарим сумдын хэрэглэгчдийг эрчим хүчээр байнга тасалдуулан хязгаарлалт хийж байгаатай холбогдуулан тус станцын зарим тоноглолд өргөтгөл, засвар хийж үйл ажиллагааг нь богино хугацаанд сэргээхэд шаардагдах хөрөнгийг төсвийн багцдаа зохицуулалт хийх замаар шийдвэрлэх арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

2. Даланзадгадын дулааны цахилгаан станцын ажиллагааг сэргээх, тоног төхөөрөмжийн өргөтгөл, их засварын ажлыг иж бүрэн хийх, 2008-2009 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад шаардагдах 1605,0 (нэг тэрбум зургаан зуун таван сая) төгрөгийг Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах замаар шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.

3. Өмнөговь аймгийн төв болон зарим сумдын эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Тавантолгой-Даланзадгадын 110 кВ-ын, Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн орд газрын 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинээр барих ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхийг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

4. Даланзадгадын дулааны цахилгаан станцад "Улаанбаатарын IV цахилгаан станц" Төрийн өмчит хувьцаат компанийн мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй менежментийн багийг ажиллуулах тухай Түлш, эрчим хүчний яамны саналыг дэмжиж цаашид дулааны цахилгаан станцын байнгын хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор тодорхой зохион байгуулалтын арга хэмжээ авч боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, техник-технологийг сайжруулах, их болон урсгал засварыг хугацаанд нь хийж 2008-2009 оны өвөлжилтийн бэлтгэл хангаж ажиллахыг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга С.Эрдэнэбат, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН

Түлш, эрчим хүчний сайд Ч.ХҮРЭЛБААТАР