Хэвлэх DOC Татаж авах
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ СУРАГЧДЫН ХООЛ ХҮНС,АХУЙН ХАНГАМЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ СУРАГЧДЫН ХООЛ ХҮНС,АХУЙН ХАНГАМЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1995 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 175



Боловсролын тухай Монгол Улсын хуулийн 36 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 1,2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдын хоол хүнс, зайлшгүй шаардлагатай ариун цэврийн барааны зардлыг дотуур байранд суух сурагчдын тоо, нэг суралцагчид ногдох зардлын нормативыг үндэслэн тооцож, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухайн жилийн үндсэн чиглэл, төсөвт тусгаж байхыг Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Шинжлэх ухаан, боловсролын яам /С.ТӨМӨР-ОЧИР/, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.


2.Дотуур байранд сууж байгаа сурагчийн дор дурдсан зардлыг Боловсролын тухай Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь дахь хэсэгт заасан эх үүсвэрт багтаан орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай:


а/бүтэн өнчин хүүхдийн хоол хүнс, хувцас, сурах бичиг, хичээлийн бусад хэрэглэл, зайлшгүй шаардлагатай ариун цэврийн барааны зардал;


б/амьдрал ядуу, нэн бага орлоготой өрхийн хүүхдийн хоол хүнсний болон сурах бичиг, хичээлийн бусад хэрэглэлийн зардал;


в/дотуур байрны үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай эрчим хүч, дулаан, тохижилт, үйлчилгээний болон бусад холбогдох зардал;


г/дотуур байрны дотоод тавилга, ор дэрний хэрэглэл авах, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагатай үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зардал.


3.Сум, дүүргийн Засаг дарга нарт даалгах нь:


а/ерөнхий боловсролын бага, дунд сургуулийн дотуур байрны сурагчдын хоол хүнсний зүйлийн бүрэлдэхүүнд орох хүнсний бүтээгдэхүүний тоо хэмжээг эрүүл мэндийн болон боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хүүхдийн физиологийн хэрэгцээг хангахад шаардагдах хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, илчлэгийн хэмжээ,тухайн орон нутгийн онцлог, дотуур байранд суух хугацаатай уялдуулан тогтоож, холбогдох зардлыг Боловсролын тухай Монгол Улсын хуулийн 36 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 2-т заасны дагуу эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулан авах, өрхийн орлого, амьжиргааны түвшинг нь харгалзан зарим эцэг, эх, асран хамгаалагчийг төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх зардлын асуудлыг 1995/1996 оны хичээлийн жилээс эхлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтайгаа зөвшилцөн шийдвэрлэж байсугай;


б/эцэг, эх, асран хамгаалагчаас сургуулийн дотуур байранд сууж байгаа хүүхдийнхээ хоол хүнсэнд зориулан сургуульд нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний гэрээ хэлцэл байгуулах ажлыг хариуцан зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажилласугай;


в/ерөнхий боловсролын сургуулийг туслах аж ахуйтай болгоход дэмжлэг үзүүлж, дотуур байрны сурагчдыг мах,сүү, цагаан идээ, төмс, хүнсний ногоогоор хангах ажлыг сайжруулах арга хэмжээг энэ оноос эхлэн дэс дараатайгаар авч хэрэгжүүлсүгэй;


г/сурагчдын дотуур байрны тохижилт, үйлчилгээ, хоол хүнсний хангалтыг сайжруулахад нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас дэмжин туслах хөдөлгөөн өрнүүлж ажиллах арга хэмжээ авсугай;


д/дотуур байранд сууж байгаа хүүхдийнхээ хоол хүнсний бүтээгдэхүүнийг хугацаанд нь нийлүүлээгүй,эсвэл нийлүүлэхээс зайлсхийсэн эцэг, эх, асран хамгаалагчаар уг үүргийг нөхөн гүйцэтгүүлэх арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу авч байсугай;


е/дотуур байрны халаалтад шаардагдах түлээ түлш бэлтгэх зэрэгт эцэг, эх, асран хамгаалагчийн туслалцаа авах ажлыг бүх талаар дэмжиж, туслах арга хэмжээ авч байсугай.


4."Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны тохижилт, үйлчилгээний болон дотуур байрны сурагчдыг хоол хүнсээр хангах нийтлэг журам"-ыг энэ оны 10 дугаар сард багтаан баталж 1995/1996 оны хичээлийн жилээс эхлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг Шинжлэх ухаан, боловсролын яам /С.ТӨМӨР-ОЧИР/, Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д даалгасугай.


5.Байгууллагынхаа ажилтан, ажилчдын дотуур байранд суудаг хүүхдийн хоол хүнс, байрны зардлыг санхүүжүүлэхэд зохих дэмжлэг туслалцаа үзүүлж байхыг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг нөхөрлөл, компани, хоршооны эрх баригчдад зөвлөсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Шинжлэх ухаан,боловсролын сайд С.ТӨМӨР-ОЧИР


Сангийн сайд Э.БЯМБАЖАВ