Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1994 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь тайван жагсаал, цуглаан хийх иргэдийн Үндсэн хуулийн эрх чөлөөг баталгаажуулах, жагсаал цуглаан хийх журмыг тогтоох, уул арга хэмжээний үед нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хэвлэх

2 дугаар зүйл. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль тогтоомж

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Хэвлэх

З дугаар зүйл. Жагсаал, цуглаан

1. Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм,эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ.

2. Иргэд хот суурингийн гудамж талбайгаар зохион байгуулалттайгаар жагсан явж,энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлж байгааг жагсаал гэнэ.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Жагсаал, цуглаан зохион байгуулах эрх

1. Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2. Хууль Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглаанд оролцох эрхтэй.

Хэвлэх

5 дугаар зүйл. Хууль үйлчлэх хүрээ

Энэ хууль дараахь арга хэмжээ зохион байгуулахад үйлчлэхгүй:

1/ төрийн ёслолын болон төрийн эрх бүхий байгууллагаас зохион байгуулж байгаа жагсаал, цуглаан ;

2/ иргэд, байгууллага энэ хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудалтай холбогдолгүй сэдвээр зохион байгуулж байгаа спорт, урлаг, уран сайхан, баяр наадмын болон тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээ;

3/ төрийн болон улс төрийн нам, төрийн бус байгууллагаас иргэд, сонгогчид, гишүүд, дэмжигчидтэй хийх хурал, уулзалт;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4/ аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн ажиллагсдаас тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбогдолтой асуудлаар зохион байгуулж байгаа хурал, цуглаан, тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээ.

Хэвлэх

6 дугаар зүйл. Жагсаал, цуглаан хийх эрхийн баталгаа

1. Хууль тогтоомжийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулсан буюу түүнд оролцсоны төлөө хэнийг ч мөрдөн мөшгих,эрх чөлөөг нь хязгаарлах, аливаа хэлбэрээр гадуурхахыг хориглоно.

 2. Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд жагсаал, цуглаан хийхэд зориуд саад учруулах, түүнчлэн хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааныг тараахыг хориглоно.

Хэвлэх

 7 дугаар зүйл. Жагсаал, цуглаан хийхийг хориглох газар

1. Дараахь байгууллага оршин байгаа газар энэ хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар жагсаал, цуглаан хийхийг хориглоно:

1/ нисэх онгоцны буудал, төмөр замын бүх өртөө, буудал, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал;

2/ цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар;

3/ радио телевизийн нэвтрүүлэг явуулдаг байгууллага, аймаг, нийслэл дэх төв холбооны газар;

4/ олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах;

5/ эмнэлгийн байгууллага;

6/Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт.

/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

2. Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан хийхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

 8 дугаар зүйл. Жагсаал, цуглаан болон өлсгөлөн

 зохион байгуулахыг хориглох

1. Дараахь зорилгоор жагсаал, цуглаан хийхийг хориглоно:

1/ дайн сурталчлах, үндэстэн ястны хооронд хагарал гаргах буюу үндэс угсаа,хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах, аллага, хядлага, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах;

2/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох.

2. Энэ хуулиар хориглоогүй зорилгоор анх зохион байгуулагдсан жагсаал, цуглааны явцад түүний зорилго өөрчлөгдөж энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан агуулга, шинжтэй болбол уг жагсаал, цуглааныг цаашид үргэлжлүүлэхийг хориглоно.

З. Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны  байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4. Онц болон дайны байдал зарласан шалтгааныг эсэргүүцэх, гамшгийн хор уршгийг арилгах зорилгоор зохион байгуулах цуглаанд энэ зүйлийн З дахь хэсгийн заалт үл хамаарна.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5. Зохих журмын дагуу бүртгэгдсэн жагсаал, цуглаан хийх газарт мөн цаг хугацаанд түүний эсрэг агуулга, зорилготой өөр жагсаал, цуглаан давхардуулан хийхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

6. Гудамж, талбайд өлсгөлөн зарлахыг хөндлөнгөөс зориуд зохион байгуулахыг хүний амь нас, эрүүл мэндийг үл хайхарсан хүмүүнлэг бус үйлдэл гэж үзэж хориглоно.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Жагсаал, цуглаан хийх журам

1. Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ.

/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2. Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана.

З. Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4. Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ зүйлийн З дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх эрхтэй.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

5. Засаг дарга энэ зүйлийн З дахь хэсэгт заасан хугацааны дотор хариу мэдэгдээгүй бол зохион байгуулагч нь мэдэгдэлд дурдсан газарт, түүнд заасан хугацааны дотор жагсаал, цуглааныг зохион байгуулах эрхтэй.

6. Засаг даргад бүртгүүлсний дараа жагсаал, цуглаан хийх талаар зарлан мэдэгдэнэ. Энэхүү заалт энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу жагсаал, цуглаан зохион байгуулахад үл хамаарна.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Хэвлэх

10 дугаар зүйл. Жагсаал, цуглаан хийх тухай

мэдэгдлийг хянах

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

1. Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион

байгуулагчид бичгээр мэдэгдэнэ:

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

1/ шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

 2/ энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол;

3/ энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол.

2. Жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хүлээн авсан зохион байгуулагч түүнийг хуульд нийцэхгүй байна гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын З өдрийн дотор шүүхэд гаргана.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

З. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдлыг шүүгч ажлын 6 өдрийн дотор багтаан хянан шийдвэрлэнэ.

4. Шүүгч жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосон бол зохион байгуулагч нь шүүгчийн захирамжийг хүлээн авсны дараа энэ тухай тухайн Засаг даргад урьдчилан мэдэгдэж жагсаал, цуглаан хийх цаг, хугацааг тохиролцож төлөвлөсөн арга хэмжээгээ зохион байгуулж болно.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Хэвлэх

11 дүгээр зүйл. Жагсаал, цуглааныг зохион байгуулагч түүний үүрэг

1. Жагсаал, цуглааныг санаачлагч улс төрийн нам, төрийн бус байгууллага уг арга хэмжээнээс үүсэх үр дагаврыг биечлэн хариуцах үүрэг бүхий зохион байгуулагчийг албан ёсоор томилж, энэ тухай итгэмжлэлийг жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд хавсаргана.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2. Жагсаал, цуглааныг санаачлагч иргэнийг уг жагсаал, цуглааныг зохион байгуулагч гэж үзнэ.

З. Жагсаал, цуглааныг зохион байгуулагч дараахь үүрэг хүлээнэ:

1/ жагсаал, цуглаан хийх газарт нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах;

2/ хот, суурин газрын нийтийн аж ахуй, зүлэг, таримал, бусдын өмч хөрөнгөд хохирол учруулахгүй байх, жагсаал, цуглааны дараа гудамж, талбайг цэвэрлэж хэвийн байдалд оруулах;

3/ халуун, хүйтэн зэвсэг, хорт болон тэсэрч дэлбэрэх бодис, орчин тойрондоо болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц аливаа зүйл, амьтан авч явж болохгүйг жагсаал, цуглаанд оролцогчдод урьдчилан анхааруулж тийм тохиолдол илэрвэл холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэж шаардлагатай арга хэмжээ авахуулах;

4/ жагсаал, цуглааны явцад аливаа хэлбэрээр хүч үл хэрэглэх, төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлохгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэ заалт зөрчигдөхөд хүрвэл нэн даруй таслан зогсоох буюу холбогдох

байгууллагад мэдэгдэх;

5/ согтууруулах ундаа, мансууруулах буюу хорт бодис хэрэглэсэн болон сэтгэцийн өвчтэй хүмүүсийг жагсаал, цуглаанд оролцуулахгүй байх, жагсаал, цуглааны явцад согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх;

/Энэ заалтад Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 01 тоот тогтоолоор өөрчлөлт орсон/.

6/ жагсаал, цуглааны үеэр гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаах, аливаа байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулах, дотоод хэрэгт нь оролцоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэхүү шаардлагыг чандлан сахиулах;

7/ жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, шахалт дарамт үзүүлэх болон бусад хэлбэрээр албадахгүй байх.

8/Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх.

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

4. Жагсаал, цуглааныг зохион байгуулагч энэ зүйлийн З дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

Хэвлэх

12 дугаар зүйл. Жагсаал, цуглаанд оролцогчийн үүрэг

1. Жагсаал, цуглаанд оролцогч дараахь үүрэг хүлээнэ:

1/ хууль тогтоомж, нийгмийн хэв журмыг чанд сахин биелүүлж, аливаа хэлбэрээр хүч хэрэглэхгүй байх, зохион байгуулагчийн зүй ёсны шаардлагыг ёсчлон биелүүлэх;

2/ халуун, хүйтэн зэвсэг, хорт болон тэсэрч дэлбэрэх бодис, орчин тойрондоо болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц аливаа зүйл, амьтан авч явахгүй байх;

3/ согтууруулах ундаа, мансууруулах болон хорт бодис хэрэглэхгүй байх;

4/ сэтгэцийн өвчтэй хүнийг дагуулж явахгүй байх;

/Энэ заалтад Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 01 тоот тогтоолоор өөрчлөлт орсон/.

5/ төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байх, жагсаал, цуглааны үеэр хэлсэн үг, нийтэд тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг бүрэн хариуцах, жагсаал, цуглааныг хувь хүний нэр төр, алдар хүнийг гутаан доромжлох зорилгод ашиглахгүй байх;

6/ жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, шахалт дарамт үзүүлэх болон бусад хэлбэрээр албадахгүй байх.

2. Жагсаал, цуглаанд оролцогч энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

Хэвлэх

1З дугаар зүйл. Жагсаал, цуглаан, түүнд оролцогчдыг хамгаалах

1. Нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий байгууллага нь энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааны үед хэв журам хамгаалж, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах үүрэгтэй.

 2. Жагсаал, цуглааны явцад хэв журам хамгаалах нэмэгдэл арга хэмжээ шаардлагатай бол зохион байгуулагч нь энэ тухай хүсэлтээ цагдаагийн байгууллагад гаргана.

З. Жагсаал, цуглаан зохион байгуулагч болон оролцогчид нь хэв журам, хууль ёсыг сахих талаар цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

4.Жагсаал, цуглаанд оролцож байгаа авто хөсгийн хөдөлгөөнийг тусгайлан зохицуулна.

/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

14 дүгээр зүйл. Жагсаал, цуглааныг албадан тараах

1. Дараахь тохиолдолд Засаг дарга жагсаал, цуглааныг албадан тараах шийдвэр гаргана:

1/ энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан бол;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

 2/ бүртгүүлсэн боловч жагсаал, цуглаан хийх газрыг дур мэдэн өөрчилж, энэ хуулийн 7 дугаар зүйлд хориглосон газарт жагсаал, цуглаан хийж байгаа буюу хийхээр завдсан бол;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3/ энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан байгууллага жагсаал, цуглааныг зохион байгуулсан бол;

4/ жагсаал, цуглааны явцад түүний анхны зорилго өөрчлөгдөж, энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан агуулга, шинжтэй болсон, эсхүл онц болон дайны байдал зарласан буюу гамшиг болон аюул тохиолдсон үед мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад зорилгоор жагсаал, цуглаан хийж байгаа бол;

/Энэ заалтад  2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5/ жагсаал, цуглааныг зохион байгуулагч буюу түүнд оролцогчид энэ хуулийн 11 дүгээр зүйлийн З,12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ үл биелүүлснээс нийгмийн хэв журам алдагдаж, эмх замбараагүй байдал бий болсон буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол.

2. Жагсаал, цуглаан хийхийг бүртгэсэн, эсхүл харьяалах нутаг дэвсгэр дээр нь бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулагдаж байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд бий болсон нөхцөл байдлыг жагсаал, цуглаан зохион байгуулагчид мэдэгдэж, 2 цагийн дотор түүнийг тараахыг бичгээр шаардана.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

З. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлага авсан зохион байгуулагч жагсаал, цуглааныг сайн дураар тараахаас татгалзсан буюу татгалзаагүй боловч уг үйл ажиллагааг дурдсан хугацаа өнгөрсний дараа цаашид үргэлжлүүлбэл жагсаал, цуглааныг цагдаагийн байгууллага хуульд заасан арга, хэрэгслээр албадан тараана. Уул жагсаал, цуглааныг албадан тараахад цагдаагийн байгууллагын хүч, хэрэгсэл хүрэлцэхгүй бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын туслалцаа авна.

/Энэ хэсэгт 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

15 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ 

Хэвлэх