A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 325

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Тусгай зөвшөөрлийн)

"Бизнесийн орчны шинэтгэлийн жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор, Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Барилгын тухай хуулийн 5.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүчингүй болсонд тооцох аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн жагсаалтыг 1 дүгээр хавсралт, төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр хариуцуулан гүйцэтгүүлэх зөвшөөрлийн жагсаалтыг 2 дугаар хавсралт /ЗГ-ын 2013-12-21-ний 426-р тогтоолоор нэмэлт орсон/, барилга барих зөвшөөрөл, баталгаажуулалтад гарын үсэг зурах албан тушаалтны жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай./ЗГ-ын 2012-12-1-ний 151-р тогтоолоор 3-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/

2. Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан зөвшөөрөл олгох үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, яам, Засгийн газрын агентлагийн хариуцах зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэл баримтлан ажиллахыг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан өмнө нь Засгийн газрын тогтоол болон сайдын тушаал, Засаг даргын захирамжаар баталж мөрдүүлсэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнтэй холбоотой эрх зүйн актыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

4. Хуульд зааснаас бусад тохиолдолд аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрх олгох, дүгнэлт гаргах, бүртгэл явуулах, төлбөр, хураамж авах болон эдгээр асуудлаар эрх зүйн акт гаргахгүй байх, хуульд заасан зөвшөөрлийг нарийвчлан зохицуулах нэрийн дор нэр төрөл, тоо хэмжээг нь нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагад үүрэг болгож, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД