A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын олон улсын гэрээ
  • ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ /“Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай зээлийн гэрээ”/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 05 дугаар сарын 07-ны өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улс, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан хооронд 2010 оны 3 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан "Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай зээлийн гэрээ"-г Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД




Жинхэнэ эх: араб хэлээр

Зээлийн дугаар: …….

УНЬТ-МӨРӨНГИЙН ЧИГЛЭЛД

УНЬТ-ТАРИАЛАНГИЙН ХООРОНД АВТО ЗАМ БАРИХ ТӨСЛИЙГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛС,

АРАБЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН КУВЕЙТЫН САН

ХООРОНДЫН

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ

ОН, САР, ӨДӨР:…………………………

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ

Энэхүү Гэрээг нэг талаас Монгол Улсыг төлөөлөн Сангийн яам (цаашид "Зээлдэгч" гэнэ), нөгөө талаас Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан (цаашид "Сан" гэнэ)-гийн хооронд .........................................-ны өдөр байгуулав.

Зээлдэгч нь энэхүү Гэрээний 2 дугаар Хавсралтад тодорхойлсон Уньт-Мөрөнгийн чиглэлийн Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төсөл (цаашид "Төсөл" гэнэ)-ийг санхүүжүүлэхэд туслалцаа үзүүлэхийг Сангаас хүссэн;

Зээлдэгч нь төслийн хэрэгжилтийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам (цаашид "Яам" гэнэ)-ны Авто замын газар (цаашид "Газар" гэнэ)-т хариуцуулсан;

Сангийн зорилго нь Арабын болон хөгжиж буй бусад оронд эдийн засгаа хөгжүүлэхэд нь тусалж, хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нь шаардлагатай зээл олгоход оршино;

Зээлдэгчийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад энэхүү Төсөл ач холбогдол, ашиг тустай гэдэгт Сан итгэл төгс байгаа;

Дээрхи зүйлсийг харгалзан Сан нь энэхүү Гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу Зээлдэгчид зээл (цаашид "Зээл" гэнэ) олгохыг зөвшөөрсөн.

Иймд талууд дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов. Үүнд:

I ЗҮЙЛ

Зээл; зээлийн хүү ба бусад хураамж;

эргэн төлөлт; төлбөр хийх газар

1.01. Сан нь Төслийг санхүүжүүлэх зорилгоор Зээлдэгчид зургаан сая кувейт динар (6.000.000 КД)-тай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг энэхүү Гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу зээлдүүлэхийг зөвшөөрч байна.

1.02. Зээлдэгч нь Зээлийн үндсэн хөрөнгийн тухай бүр гарган авсан бөгөөд төлөгдөөгүй үнийн дүнд жилийн хоёр хувь (2%)-ийн хүү төлнө. Ийнхүү хөрөнгө гарган авсан өдрөөс тус тус хүү тооцогдож эхэлнэ.

1.03. Захиргааны зардал болон энэхүү Гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардалд зориулан Зээлийн тухай бүр ашигласан болон төлөгдөөгүй үнийн дүнд жилийн тэг аравны таван хувь (0.5%)-ийн нэмэлт хураамж төлнө.

1.04. Энэхүү Гэрээний 3.02-т заасны дагуу Сан нь Зээлдэгчийн хүсэлтээр эргэж буцаашгүй тусгай үүрэг хүлээх тохиолдолд Зээлдэгч тусгай үүргийн хураамжийг тухай бүр хүлээсэн тусгай үүргийн үндсэн дүнгийн тэг аравны таван хувьтай тэнцэх хэмжээгээр жил бүр төлнө.

1.05. Зээлийн хүү ба бусад хураамжийг хагас жилээс бага хугацааны хувьд тооцохдоо тус бүр 30 хоногтой арван хоёр сар бүхий 360 хоногтой жилийг баримтална.

1.06. Зээлдэгч нь Зээлийн үндсэн өрийг энэхүү Гэрээний 1 дүгээр Хавсралтад заасан Зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлнө.

1.07. Зээлийн хүү болон ба хураамжийг хагас жил тутам, жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны болон 7 дугаар сарын 15-ны өдрүүдэд төлнө.

1.08. Зээлдэгч нь Зээлийн бүх хуримтлагдсан хүү, хураамжийг төлж барагдуулмагц 45-аас доошгүй хоногийн өмнө Санд мэдэгдэж (a) Зээлийн эргэн төлөгдөөгүй үндсэн өрийг бүхэлд нь, эсхүл (b) нэг буюу түүнээс дээш төлөгдөх төлбөрийн үндсэн өрийг бүхэлд нь урьдчилан төлөх эрхтэй, чингэхдээ ийнхүү урьдчилсан төлбөр хийсний дараа урьдчилгаа төлбөрийн төлбөр хийх өдөр Зээлийн аливаа хэсэг төлөгдөөгүй үлдэж болохгүй.

1.09. Зээлийн үндсэн өр, хүү, бусад хураамжийг Кувейт Улсад буюу Сангаас үндэслэлтэйгээр заасан аливаа өөр газар төлнө.

II ЗҮЙЛ

Валютын тухай заалтууд

2.01. Энэхүү Гэрээний дагуу хийгдэх санхүүгийн гүйлгээний бүх төлбөр, тооцоог кувейт динараар хийнэ.

2.02. Сан нь энэхүү Гэрээний дагуу олгогдсон Зээлийн хүрээнд санхүүжүүлэх барааны зардлыг төлөхөд, эсхүл тухайн зардал гарсан валютаар зардлыг нөхөн олгоход шаардлагатай валютыг Зээлдэгчийн хүсэлтээр түүний төлөөлөгчийн хувьд худалдан авна. Аливаа ийм тохиолдолд тухайн Зээлээс гарган авсан гэж үзэх мөнгөн дүн нь гадаад валютын тохирох мөнгөн дүнг худалдан авахад шаардлагатай байгаа хэмжээний кувейт динартай тэнцүү байна.

2.03. Үндсэн өрийг эргүүлэн төлөх эсхүл Зээлд ногдох хүү, бусад хураамжийг төлөхдөө Сан нь тухайн төлбөрийг барагдуулахад шаардагдах кувейт динарыг тийнхүү худалдан авахад шаардлагатай мөнгөн дүнг Санд хүлээн зөвшөөрөгдөхүйц нэг буюу хэд хэдэн валютаар Зээлдэгч төлөхөд Зээлдэгчийн хүсэлтээр түүний төлөөлөгчийн хувьд худалдан авч болно.

Энэхүү Гэрээний дагуу Санд хийх аливаа төлбөрийг Сан кувейт динараар хүлээн авсан тохиолдолд л хийгдсэнд тооцно.

2.04. Энэхүү Гэрээний зорилгоор нэг валютын нөгөө валюттай харьцах ханшийг тодорхойлох шаардлага гарах бүрт уг ханшийг Сангаас үндэслэлтэйгээр тодорхойлно.

III ЗҮЙЛ

Зээлийн хөрөнгийг гарган авах, ашиглах

3.01. Зээлдэгч нь энэхүү Гэрээний заалтуудын дагуу Төслийн зориулалтаар зарцуулсан буюу зарцуулах хөрөнгийг Зээлийн дүнгээс гарган авах эрхтэй байна.

Сангаас өөрөөр зөвшөөрөөгүй бол энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө гарсан зардал болон Зээлдэгчийн нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэгдсэн барааны дотоод өртгийг санхүүжүүлэх зорилгоор Зээлийн дүнгээс хөрөнгө гарган авахгүй.

3.02. Зээлийг цуцлах эсхүл Зээлдэгчийн Зээлийн хөрөнгө гарган авах эрхийг түдгэлзүүлэхийг үл харгалзан Сан нь энэхүү гэрээний хүрээнд санхүүжүүлэх барааны өртгийг Зээлдэгч буюу бусдад төлөх талаар эргэж буцаашгүй тусгай үүргийг Зээлдэгчийн хүсэлтээр болон Зээлдэгч ба Сангийн хооронд тохиролцсон нөхцөл, болзлын дагуу бичгээр хүлээж болно.

3.03. Зээлдэгч нь Зээлийн дүнгээс хөрөнгө гарган авах буюу 3.02-т заасны дагуу эргэж буцаашгүй тусгай үүрэг хүлээхийг Сангаас хүсэх тохиолдолд Зээлдэгч нь Сангийн үндэслэлтэйгээр хүссэн мэдэгдэл, гэрээ, бусад баримт бичиг бүхий өргөдлийг Сангийн үндэслэлтэйгээр хүссэн хэлбэрээр бичгээр гаргаж Санд ирүүлнэ. Зээлдэгч ба Сан өөрөөр тохиролцсоноос бусад тохиолдолд хөрөнгө гарган авах өргөдлийг Төслийн холбогдолтой зардлын зориулалтаар энэ зүйлд цаашид заасан шаардлагатай баримт бичгийн хамт нэн даруй гаргана.

3.04. Зээлдэгч нь өргөдөлд тусгасан хөрөнгийг гарган авахыг Сангаас зөвшөөрөхийн өмнө буюу хойно Сангийн үндэслэлтэй хүсэлтийн дагуу холбогдох баримт бичиг, бусад нотолгоог хөрөнгө гарган авах өргөдлийн хамт Санд гаргаж өгнө.

3.05. Хөрөнгө гарган авах өргөдөл болон дагалдах баримт бичиг, бусад нотолгоо нь хэлбэр ба агуулгын хувьд Сангийн шаардлагыг хангахуйц буюу Зээлдэгч нь өргөдөлд хүссэн Зээлийн хөрөнгийг гарган авах эрхтэй бөгөөд гарган авах Зээлийн хөрөнгийг зөвхөн энэхүү Гэрээнд заасан зорилгоор ашиглана гэж Сан үзэхэд хангалттай байх ёстой.

3.06. Зээлдэгч нь Зээлийн хөрөнгийг гагцхүү энэхүү Гэрээний 2 дугаар Хавсралтад тодорхойлсон Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барааны үндэслэлтэй өртгийг санхүүжүүлэхэд ашиглана. Зээлдэгч ба Сан нь Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх тодорхой бараа болон тэдгээрийг худалдан авах аргачлалыг тохиролцож тодорхойлох бөгөөд цаашид тохиролцох замаар өөрчлөлт оруулж болно.

3.07. Зээлдэгч нь Зээлийн хөрөнгөөс санхүүжүүлсэн бүх барааг гагцхүү Төслийг хэрэгжүүлэхэд ашиглах явдлыг хангана.

3.8. Сан нь Зээлийн хөрөнгөөс Зээлдэгчийн гарган авах эрх бүхий үнийн дүнг Зээлдэгчид эсхүл Зээлдэгчийн захиалгаар төлнө.

3.9. Зээлийн хөрөнгө гарган авах Зээлдэгчийн эрх 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эсхүл Зээлдэгч ба Сангийн хооронд тухай бүр тохиролцсон өдөр дуусгавар болно.

IV ЗҮЙЛ

Тодорхой үүрэг

4.01. Зээлдэгч нь Зээлийн хөрөнгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамаар дамжуулан төсөв хуваарилах замаар Авто замын газарт олгох зохицуулалтыг Сангийн шаардлагад нийцүүлэн хийнэ.

4.02. Зээлдэгч нь Төслийг хэрэгжүүлэх үүргийг Газар эсхүл түүний залгамжлагч өөр газарт Сантай тохиролцсоны үндсэн дээр хариуцуулна. Газар нь Сангийн шаардлага хангахуйц дүрэм, журмыг сахин ажиллаж, Төслийг үр ашигтай, зохих журмын дагуу хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх, удирдлага, захиргаатай байх явдлыг Зээлдэгч хангана.

Зээлдэгч нь Төслийн зорилтыг хэрэгжүүлэхэд саад учруулж болзошгүй байдлаар Газрын мөн чанар, бүтцэд нөлөөлөх ямарваа үйл ажиллагааг санал болгох тохиолдолд энэ талаар Санд мэдээлж, дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс өмнө энэ талаар Зээлдэгчтэй санал солилцох бүхий л боломжит боломжийг Санд олгоно.

4.03. (a) Зээлдэгч нь Төслийн янз бүрийн бүрэлдэхүүн хэсэгт хамаарах инженер, санхүү, захиргааны зохих практикийн дагуу Төслийг зохих ёсоор, үр ашигтайгаар хэрэгжүүлэх буюу хэрэгжүүлэх арга хэмжээг авна.

(b) Төслийг үр ашигтайгаар хэрэгжүүлэх үүднээс Зээлдэгч нь энэхүү Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш нэг сарын дотор эсхүл Сантай тохиролцсон өөр хугацаанд Төслийн гүйцэтгэл, хэрэгжилтийг хангах Төслийг хэрэгжүүлэх нэгж (ТХН)-ийг Газарт байгуулахад шаардлагатай бүх арга хэмжээг авна. Уг нэгж нь Сангийн шаардлагад нийцэхүйц туршлагатай, мэргэжлийн мэдлэг, чадвар бүхий инженерээр ахлуулж, Сангийн шаардлага хангахуйц зохих чадвар бүхий техникийн, нягтлан бодох бүртгэлийн болон захиргааны ажилтнуудаас бүрдэнэ.

4.04. Төслийг хэрэгжүүлэх явцад Зээлдэгч нь Сангийн шаардлагад нийцсэн нөхцөл, болзлын дагуу Сангийн хүлээн зөвшөөрөхүйц инженерийн зөвлөхүүдийг ажиллуулах буюу ажиллуулах арга хэмжээг авна.

4.05. Төслийг гүйцэтгэх зорилгоор Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх гэрээнүүдийг байгуулах, тэдгээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах шийдвэрийг Сангаар батлуулна.

4.06. Зээлдэгч нь Зээлийн хөрөнгөөс гадна Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад бүх нэмэлт санхүүжилтийг шаардлагатай даруйд нь бэлэн байлгах буюу бүрдүүлэх арга хэмжээ авах бөгөөд уг нэмэлт санхүүжилтийг бүрдүүлэх нөхцөл, болзол нь Санд хүлээн зөвшөөрөгдөхүйц байна.

4.07. Зээлдэгч нь Төслийн холбогдолтой судалгаа, төлөвлөгөө, зааварчилгаа, хэрэгжүүлэх хуваарийг бэлэн болсон даруйд, түүнчлэн тэдгээрт цаашид орсон аливаа томоохон өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг Сангийн тухай бүр хүссэн дэлгэрэнгүй байдлаар Санд гаргаж өгнө.

4.08. Зээлдэгч нь Төслийн тодорхойлолтод тусгагдсан бүх ажлыг Төслийг хэрэгжүүлэх ерөнхий хөтөлбөрийн дагуу заасан хугацаанд нь дуусгахад шаардлагатай бүх арга хэмжээг авна.

4.09. Зээлдэгч нь Төслийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны улмаас байгаль орчинд үүсч болзошгүй хор хохирлыг багасгахад шаардлагатай арга хэмжээг авна.

4.10. Зээлдэгч нь Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн барааг тодорхойлох, түүнийг Төсөлд хэрхэн ашигласныг тусгах, Төслийн явцыг (түүний дотор Төслийн өртгийг) тэмдэглэх, түүнчлэн Газрын үйл ажиллагаа болон санхүүгийн байдлыг тогтвортой мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн зохих практикийн дагуу тусгахад шаардлагатай бүртгэлийг хөтлөх буюу хөтлөх арга хэмжээг авна.

Түүнчлэн Зээлдэгч нь Сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг Зээлтэй холбогдсон зорилгоор айлчлах болон Төсөл, түүний удирдлага, бараа, холбогдох аливаа баримт бичиг, тэмдэглэлийг шалгах бүх боломжит боломжоор хангаж, Зээлийн хөрөнгийн зарцуулалт, Төсөл, бараа, Газрын үйл ажиллагаа болон санхүүгийн байдалтай холбогдуулан Сангийн үндэслэлтэйгээр хүссэн бүх мэдээллийг Санд гаргаж өгнө.

Төслийн явцын талаар Санд мэдээлэл өгч байх үүднээс Зээлдэгч нь Төслийн хэрэгжилтийг хөтөлбөртэй нь харьцуулсан Төслийн хэрэгжилтийн нарийвчилсан тогтмол тайланг энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс хойш сар тутам, мөн Төслийн эцсийн тайланг Төсөл хэрэгжиж дууссан өдрөөс хойш зургаан сарын дотор англи хэлээр гаргаж Санд өгөх бөгөөд уг эцсийн тайланд ялангуяа Төслийн бодит зардлыг урьдчилан тооцоолсон зардалтай харьцуулж тусгахаас гадна зардал хэтэрсэн болон Төслийг гүйцэтгэх явцад аливаа тодорхой хүндрэл гарсан шалтгааныг заасан байна. Уг тайланд Төслийн зориулалтаар авсан барааг ашигласан байдал, тавьсан зорилттой тулган гаргасан төслийн гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээ, үр дүнгийн талаархи мэдээллийг мөн агуулна.

4.11. Зээлдэгч нь Төслийг хэрэгжүүлэх буюу хэрэгжүүлэх арга хэмжээг авах бөгөөд Төслийн хүрээнд хамрагдаагүй боловч Төслийн үйл ажиллагааг зөв зохистой, үр ашигтай явуулахад шаардлагатай бүтэц, зохион байгуулалт, нөхцлийг инженер, санхүү, захиргааны зохих практикийн дагуу хэрэгжүүлэх буюу хэрэгжүүлэх арга хэмжээг авна.

4.12. Зээлдэгч нь хатуу хучилттай авто зам, гүүрийн сүлжээг инженерийн зохих практикийн дагуу зохих ёсоор арчлах буюу арчлах арга хэмжээ авах бөгөөд энэ зорилгоор шаардлагатай засвар арчилгааны ажлыг гүйцэтгэхэд хангалттай хөрөнгийг жил бүр хуваарилна.

4.13. Зээлдэгч нь Төслийн хүрээнд баригдсан зам, гүүрээр гарч буй тээврийн хэрэгслийн овор хэмжээ, тэнхлэгийн ачаа нь тэдгээр зам, гүүрний бүтцийн болон геометрийн стандартаас хэтрэхгүй байх явдлыг хангана. Түүнчлэн Зээлдэгч нь түүний авто замын сүлжээний бусад зам болон гүүрээр гарч буй тээврийн хэрэгслийн овор хэмжээ, тэнхлэгийн ачаа тухайн зам болон гүүрний бүтцийн стандарттай нийцэж байх явдлыг хангах зорилгоор тэдгээр зам, гүүрийг ашиглах явцад хяналт тавих бодлого боловсруулна.

4.14. Зээлдэгч нь Булган-Уньтын замын барилгын ажлыг Төслийн хуваарийн дагуу гүйцэтгэж дуусах явдлыг хангахад шаардлагатай арга хэмжээг авна.

4.15. Зээлдэгч ба Сан нь Төслийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллана. Энэ үүднээс тал тус бүр нөгөө талдаа Зээлийн ерөнхий байдлын талаар үндэслэлтэйгээр хүссэн мэдээллийг нь гаргаж өгнө.

Зээлдэгч ба Сан нь өөрсдийн төлөөлөгчөөр дамжуулан Зээлийн зорилттой холбоотой асуудлууд болон Зээлийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар тухай бүр санал солилцож байна. Зээлдэгч нь Зээлийн зорилтыг биелүүлэхэд эсхүл Зээлийн үйлчилгээнд саад болж байгаа буюу саад болохуйц аливаа нөхцөл байдал (Төслийн зардал төлөвлөснөөс үлэмж ихээр өсөх зэрэг)-ын талаар Санд нэн даруй мэдэгдэнэ.

4.16. Засгийн газрын өмч хөрөнгийг барьцаалах замаар тавьсан аливаа бусад гадаад өрийн төлбөрт энэхүү Зээлээс илүү тэргүүлэх ач холбогдол өгөхгүй байхыг Зээлдэгч ба Сан зорино. Энэ үүднээс, Сан өөрөөр зөвшөөрөөгүй тохиолдолд, Зээлдэгч нь дараахь үүрэг хүлээнэ: хэрэв гадаад өрийн баталгаа болгож өөрийн аливаа өмчийг барьцаанд тавьсан бол уг барьцаа нь Сангаас ямарваа зардал гаргахгүйгээр дээрх үндэслэлээр мөн адилаар Зээлийн үндсэн өр, хүү, бусад хураамжийн төлбөрийн баталгаа болно, мөн хэрэв аливаа ийм барьцаа үүсвэл энэ талаар шууд заалт оруулна, чингэхдээ энэ хэсгийн дээрх заалтууд доор заасан барьцааны хувьд үйлчлэхгүй. Үүнд:

(i) эд хөрөнгийг худалдан авах үед зөвхөн түүний худалдан авах үнийн баталгаа болгож тавьсан аливаа барьцаа;

(ii) өр анх үүссэн өдрөөс хойш нэг жилээс илүүгүй хугацаанд төлөгдөх ёстой бөгөөд арилжааны бараа, материалыг зарж олсон орлогоос төлөгдөх ёстой өрийн баталгаа болсон уг арилжааны бараанд тавьсан барьцаа;

(iii) банкны гүйлгээний ердийн явцад үүссэн бөгөөд өр үүссэн өдрөөс хойш нэг жилээс илүүгүй хугацаанд төлөгдөх ёстой өрийн баталгаа болсон аливаа барьцаа.

Энэ хэсэгт хэрэглэж буй "Зээлдэгчийн өмч хөрөнгө" гэсэн нэр томъёо нь Зээлдэгч буюу түүний засгийн газрын байгууллагын нэгжүүд, мөн Зээлдэгч буюу түүний засгийн газрын байгууллагын нэгжүүдийн харъяа байгууллагууд, түүний дотор Зээлдэгчийн Төв банк буюу Төв банкны үүргийг гүйцэтгэж буй аливаа бусад байгууллагыг хэлэх бөгөөд "барьцаа" гэсэн нэр томъёо нь аливаа төрлийн орон сууцны зээл, барьцаа, төлбөр, давуу эрх, тэргүүн ээлжийн эрхийг хэлнэ.

4.17. Зээлийн үндсэн өр, хүү, бусад хураамжийг төлөхдөө Зээлдэгчийн нутаг дэвсгэрт одоо мөрдөж байгаа болон цаашид мөрдөх Зээлдэгчийн орны хууль тогтоомжийн хүрээнд ногдуулах аливаа татвар, хураамжийг суутгахгүй, тийм татвар, хураамжаас чөлөөлнө.

4.18. Энэхүү Гэрээ нь Зээлдэгчийн нутаг дэвсгэрт одоо мөрдөж байгаа болон цаашид мөрдөх Зээлдэгчийн орны хууль тогтоомжийн хүрээнд Гэрээг үйлдэх, байгуулах, хүргүүлэх, бүртгүүлэхтэй холбогдуулан ногдуулах аливаа төрлийн татвар, хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хэрэв Зээлийг эргэн төлөх валютын орон буюу орнууд (Кувейт Улсаас бусад)-ын хууль тогтоомжийн хүрээнд аливаа татвар, хураамж ногдуулбал тэдгээр бүх татвар, хураамжийг Зээлдэгч төлөх буюу төлөх арга хэмжээ авна.

4.19. Зээлийн үндсэн өр, хүү, бусад хураамжийг ямарваа хязгаарлалт, түүний дотор Зээлдэгчийн нутаг дэвсгэрт одоо мөрдөж байгаа болон цаашид мөрдөх Зээлдэгчийн орны хууль тогтоомжийн хүрээнд ногдуулах валютын хязгаарлалтаас чөлөөтэйгөөр төлнө.

4.20. Зээлдэгч нь Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх бүх барааг даатгалын хариуцлагатай байгууллагад даатгуулах буюу даатгуулах нөхцлийг бүрдүүлнэ. Уг даатгалд барааг худалдан авч Зээлдэгчийн нутаг дэвсгэрт оруулах, Төсөл хэрэгжих газарт хүргэхээр усан замаар, дамжин өнгөрүүлж тээвэрлэхтэй холбогдон үүсэх эрсдэл болон бусад эрсдэл хамрагдах бөгөөд даатгалын үнэ нь худалдааны зохих жишигт нийцсэн байна. Даатгалын төлбөрийг даатгагдсан барааны үнийг төлөх валютаар эсхүл чөлөөтэй хөрвөх валютаар хийнэ.

Зээлдэгч нь Төсөлтэй холбоотой аливаа эрсдлийг даатгалын хариуцлагатай байгууллагад худалдааны зохих жишигт нийцсэн хэмжээгээр даатгуулах буюу даатгуулах арга хэмжээ авна.

4.21. Зээлдэгч нь өөрийн зүгээс Төслийг гүйцэтгэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авах буюу ийм арга хэмжээ авах нөхцлийг бүрдүүлэх бөгөөд Төслийг гүйцэтгэх буюу хэрэгжүүлэх, эсхүл энэхүү Гэрээний заалтуудыг биелүүлэхэд саад болох аливаа үйлдлийг хийхгүй, тийм үйлдлийг зөвшөөрөхгүй.

4.22. Зээлдэгч нь Сангийн бүх баримт бичиг, бүртгэл тэмдэглэл, захидал харилцаа, эдгээртэй ижил төрлийн бусад материалыг нууц гэж үзэх бөгөөд тэдгээр баримт бичгийн хувьд хяналт, шалгалтаас бүрэн чөлөөлөгдөх эрхийг Санд олгоно.

4.23. Сангийн бүх өмч хөрөнгө, орлого тэдгээрийг улсын өмч болгох, хураах, битүүмжлэх үйлдлээс чөлөөлөгдсөн байна.

V ЗҮЙЛ

Цуцлах ба түдгэлзүүлэх

5.01. Зээлдэгч нь Санд мэдэгдэх замаар уг мэдэгдлийг өгөхөөс өмнө гаргаж аваагүй байсан Зээлийн ямар ч хөрөнгийг цуцалж болох бөгөөд харин энэхүү Гэрээний 3.02 хэсгийн дагуу Сан тусгай үүрэг хүлээсэн Зээлийн хөрөнгийг цуцалж болохгүй.

5.02. Хэрэв дараахь нөхцөл байдал үүссэн буюу үргэлжилсээр байгаа бол Сан нь Зээлдэгчид мэдэгдсэнээр Зээлээс хөрөнгө гарган авах Зээлдэгчийн эрхийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түдгэлзүүлж болно. Үүнд:

Энэхүү Гэрээ буюу Зээлдэгч, Сан хоёрын хооронд байгуулсан аливаа өөр Зээлийн гэрээний хүрээнд төлөх ёстой зээлийн үндсэн өр, хүү, бусад төлбөр хийгдээгүй;

Энэхүү Гэрээний хүрээнд Зээлдэгч нь хүлээсэн аливаа бусад үүрэг буюу тохиролцоогоо биелүүлээгүй;

Зээлдэгч үүргээ гүйцэтгээгүйн улмаас Сан нь Зээлдэгч, Сан хоёрын хооронд байгуулсан зээлийн аливаа бусад гэрээний хүрээнд хөрөнгө гарган авах Зээлдэгчийн эрхийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түдгэлзүүлсэн;

Зээлдэгчийг энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болгосон онцгой нөхцөл байдал үүссэн.

Энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс хойш бөгөөд хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө үүссэн аливаа нөхцөл байдлын улмаас уг нөхцөл байдал үүсэхэд энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байсантай адилаар Сан Зээлдэгчийн хөрөнгө гарган авах эрхийг түдгэлзүүлэхэд хүргэвэл Сан уг нөхцөл байдлыг Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш үүссэнтэй адилаар үзэж Зээлийн хөрөнгө гарган авахыг түдгэлзүүлэх эрхтэй болно.

Зээлдэгчийн эрхийг түдгэлзүүлэхэд хүргэсэн нөхцөл байдал арилсан буюу хөрөнгө гарган авах эрхийг сэргээсэн тухай Сангаас Зээлдэгчид мэдэгдэх хүртэл Зээлийн хүрээнд хөрөнгө гарган авах Зээлдэгчийн эрх бүхэлдээ буюу хэсэгчлэн түдгэлзсэн хэвээр байна. Гэвч хөрөнгө гарган авах эрх нь тухайн эрхийг сэргээсэн тухай мэдэгдэлд заасан нөхцөл, хэмжээгээр сэргээгдэх бөгөөд ийм мэдэгдэл нь энэ хэсэгт заасан аливаа бусад нөхцөл байдлын хувьд Сангийн ямарваа эрх, мэдэл, эрх зүйн хамгаалалтад сөргөөр нөлөөлөхгүй.

5.03. Хэрэв 5.02. хэсгийн (а)-д тодорхойлсон аль нэг нөхцөл байдал үүсч, уг нөхцөл байдал нь энэ талаар Сангаас Зээлдэгчид мэдэгдэл өгснөөс хойш гуч хоногийн турш үргэлжилсээр байх эсхүл хэрэв 5.02 хэсгийн (b), (c), (d)-д тодорхойлсон аль нэг нөхцөл байдал үүсч, уг нөхцөл байдал нь энэ талаар Сангаас Зээлдэгчид мэдэгдэл өгснөөс хойш жар хоногийн турш үргэлжилсээр байвал тийнхүү үргэлжилж байх хугацаанд хэдийд ч Сан нь энэхүү Гэрээнд өөрөөр заасныг үл харгалзан өөрийн сонголтоор Зээлийн үндсэн өрийг нэн даруй төлөхийг шаардаж болох бөгөөд энэхүү шаардлагын дагуу үндсэн өрийг нэн даруй төлөх шаардлагатай болно.

5.04. Хэрэв (а) Зээлийн хөрөнгөөс аливаа хөрөнгө гарган авах Зээлдэгчийн эрхийг Зээлийн аливаа хэсгийн хувьд дараалсан гуч хоногийн турш түдгэлзүүлсэн эсхүл (b) Хаалтын өдөр гэж 3.09 хэсэгт заагдсан өдрийн байдлаар Зээлийн хөрөнгийг гаргаж аваагүй бол Сан нь Зээлдэгчид мэдэгдсэнээр тэрхүү мөнгөн дүнг гарган авах Зээлдэгчийн эрхийг дуусгавар болгож болно. Энэхүү мэдэгдлийг өгснөөр Зээлийн хөрөнгийн тухайн мөнгөн дүнг цуцална.

5.05. Сангаас цуцалсан буюу түдгэлзүүлсэн нь 3.02 хэсгийн дагуу Сангийн хүлээсэн аливаа тусгай үүргийн дагуу төлөх хөрөнгөд тухайн үүргээр тусгайлан зааснаас бусад тохиолдолд хамаарахгүй.

5.06. Сангаас өөрөөр зөвшөөрөөгүй бол аливаа цуцлалт нь тийнхүү цуцалсан өдрөөс хойш төлөгдөх ёстой Зээлийн үндсэн өрийн хэд хэдэн хэсэгт тэгш хуваарилагдан үйлчилнэ.

5.07. Аливаа цуцалсан, түдгэлзүүлснийг үл харгалзан энэ зүйлд тусгайлан зааснаас бусад тохиолдолд энэхүү Гэрээний бүх заалт бүрэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

VI ЗҮЙЛ

Гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх; эрхээ хэрэгжүүлэхгүй байх; арбитр

6.01. Энэхүү Гэрээгээр хүлээсэн Сангийн болон Зээлдэгчийн эрх, үүрэг дотоодын хууль тогтоомжид өөрөөр заасан байсан ч хүчин төгөлдөр үйлчилж мөрдөгдөнө. Зээлдэгч ба Сангийн аль нь ч энэхүү Гэрээний аливаа заалтыг ямарваа шалтгааны улмаас хүчингүй буюу хүчин төгөлдөр мөрдөгдөхгүй гэж ямар ч нөхцөлд үзэх эрхгүй.

6.02. Энэхүү Гэрээний аль ч тал Гэрээний дагуу эдлэх эрх, мэдэл, эрх зүйн хамгаалалтаа эс үйлдлээс үүдэн хэрэгжүүлээгүй буюу хэрэгжүүлэхийг хугацаа хожимдуулсан нь тухайн эрх, мэдэл, эрх зүйн хамгаалалтад сөргөөр нөлөөлөхгүй, түүнчлэн үүнийг тухайн тал тэдгээр эрхээсээ татгалзсан эсхүл .тухайн эс үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлахгүй бөгөөд тухайн талын уг эс үйлдэлтэй холбогдуулан арга хэмжээ авсан буюу тухайн эс үйлдлийг хүлээн зөвшөөрсөн нь тухайн талын аливаа өөр буюу цаашид үүсэх эс үйлдлийн талаар тухайн талын эдлэх эрх, мэдэл, эрх зүйн хамгаалалтад сөргөөр нөлөөлөхгүй.

6.03. Энэхүү Гэрээний талуудын хооронд гарах аливаа маргаан болон аль нэг тал энэхүү Гэрээтэй холбогдуулан нөгөө талынхаа эсрэг гаргах аливаа гомдлыг талууд тохиролцон шийдвэрлэх бөгөөд хэрэв тохиролцоонд хүрч чадахгүй бол уг маргаан буюу гомдлыг дараагийн хэсэгт заасанчлан арбитраар шийдвэрлүүлнэ.

6.04. Арбитрын шүүх нь дараахь маягаар томилогдсон гурван арбитрчаас бүрдэнэ. Үүнд: нэг дэх арбитрчийг Зээлдэгч; хоёр дахь арбитрчийг Сан; гурав дахь арбитрч (цаашид зарим үед Даргалагч арбитрч гэнэ)-ийг талуудын тохиролцсоноор томилно. Хэрэв энэ хэсэгт заасны дагуу томилсон арбитрчийн аль нэг нь ажлаас чөлөөлөгдсөн, нас барсан эсхүл үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон бол дараагийн арбитрчийг анхны арбитрчийг томилсонтой адил дээр заасан журмаар томилох бөгөөд дараагийн арбитрч нь өмнөх арбитрчийн адил эрх, үүрэгтэй байна.

Арбитрын ажиллагаа нэг тал нөгөөдөө мэдэгдэл хүргүүлснээр энэ хэсэгт заасны дагуу эхлэнэ. Энэ мэдэгдэлд арбитрд шилжүүлэх болсон маргаан буюу гомдлын агуулга, хохирлыг төлөх аргын агуулга, хэмжээ, арбитрын ажиллагааг эхлүүлж буй талын томилж буй арбитрчийн нэрийг тусгасан байна.

Мэдэгдэл өгснөөс хойш гуч хоногийн дотор нөгөө тал нь арбитрын ажиллагааг эхлүүлсэн талдаа өөрийн томилсон арбитрчийн нэрийг мэдэгдэх бөгөөд мэдэгдээгүй нөхцөлд тэрхүү арбитрчийг арбитрын ажиллагааг эхлүүлсэн талын хүсэлтээр Олон улсын шүүхийн Дарга томилно.

Хэрэв арбитрын ажиллагааг эхлүүлсэн тухай мэдэгдлийг өгснөөс хойш жар хоногийн дотор талууд Даргалагч арбитрчийг томилох талаар тохиролцоонд хүрч чадаагүй бол аль нэг тал Даргалагч арбитрчийг сонгохыг Олон улсын шүүхийн Даргаас хүсч болно.

Арбитрын шүүхийн анхны хуралдаан Даргалагч арбитрчийн товлосон газар, цагт болно. Дараагийн хуралдаануудыг хэзээ, хаана хуралдахыг Арбитрын шүүх тодорхойлно.

Энэ хэсгийн заалтын дагуу, мөн талууд өөрөөр тохиролцоогүй бол, Арбитрын шүүх өөрийн эрх хэмжээнд хамаарах бүх асуудлыг шийдвэрлэж, тал тус бүрт тайлбар хийх эрхийг шударга тэгш олгохуйцаар хуралдааны горимыг тогтоох бөгөөд талуудын аль аль нь хуралдаанд байлцсан эсхүл аль нэг тал нь байлцаагүй ч хэлэлцэх асуудлыг шийдвэрлэнэ. Арбитрын шүүхийн шийдвэрийг олонхийн саналаар гаргах бөгөөд шүүх шийдвэрээ бичгээр гаргана. Энэ шийдвэрт наад зах нь Арбитрын шүүхийн гишүүдийн олонхи гарын үсэг зурсан байх ёстой бөгөөд гарын үсэг зурсан хувийг тал тус бүрт өгнө. Энэ хэсгийн заалтын дагуу гаргасан Арбитрын шүүхийн шийдвэр нь талуудын хувьд эцсийн, заавал биелэгдэх хүчинтэй байх бөгөөд талууд уг шийдвэрийг мөрдөж биелүүлнэ.

Талууд арбитрын ажиллагааг явуулахтай холбогдуулан шаардлагатай арбитрч болон бусад этгээдийн хөлсний хэмжээг тодорхойлно. Хэрэв талууд Арбитрын шүүхийн хуралдаан эхлэхээс өмнө дээрх хэмжээг тогтоож чадахгүй бол Арбитрын шүүх тухайн нөхцөл байдалд тохируулан уг хэмжээг тогтооно. Тал тус бүр арбитрын ажиллагаанд гаргасан өөрийн зардлаа хариуцна. Талууд Арбитрын шүүхийн зардлыг тэнцүү хувааж төлнө. Арбитрын шүүхийн зардлын хуваарилалт, тухайн зардлыг төлөх горимтой холбоотой асуудлыг Арбитрын шүүх шийдвэрлэнэ.

Арбитрын шүүх нь Зээлдэгчийн улс болон Кувейт Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн нийтлэг зарчмууд, мөн шударга ёсны зарчмыг баримтлана.

6.05. Энэ зүйлд тусгасан арбитрын ажиллагаатай холбоотой заалтууд нь энэхүү Гэрээний талуудын хооронд үүссэн маргаан, энэхүү Гэрээний дагуу нэг талаас нөгөө талынхаа эсрэг гаргасан гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон аливаа бусад горимыг орлоно.

6.06. Энэ зүйлд заасан ажиллагааны хүрээнд мэдэгдэл хүргэх буюу бусад үйлдлийг 7.01 хэсэгт заасанчлан хийж болно. Энэхүү Гэрээний талууд ийм мэдэгдэл хүргэх буюу бусад үйлдэлтэй холбоотой аливаа болон бүх шаардлагаас татгалзаж болно.

VII ЗҮЙЛ

Бусад заалт

7.01. Энэхүү Гэрээний хүрээнд шаардлагатай буюу зөвшөөрөгдсөн аливаа мэдэгдэл, хүсэлтийг бичгээр гаргана. 8.03 хэсэгт өөрөөр зааснаас бусад тохиолдолд ийм мэдэгдэл, хүсэлтийг өгөх буюу гаргах шаардлагатай буюу зөвшөөрөгдсөн талд энэхүү Гэрээнд заасан тухайн талын хаяг эсхүл мэдэгдэл буюу хүсэлт өгч буюу гаргаж байгаа талд нөгөө талын мэдэгдсэн өөр хаягаар биечлэн, телекс, цахилгаан, кабелиар гардуулсан тохиолдолд уг мэдэгдэл буюу хүсэлтийг зохих журмын дагуу гаргасанд тооцно.

7.02. Зээлдэгч нь III зүйлд заасан өргөдөлд гарын үсэг зурах буюу Зээлдэгчийн нэрийн өмнөөс энэхүү Гэрээний хүрээнд Зээлдэгчийн авах шаардлагатай буюу зөвшөөрөгдсөн бусад арга хэмжээг авах эсхүл Зээлдэгчийн үйлдэх шаардлагатай буюу зөвшөөрөгдсөн бусад баримт бичгийг үйлдэх этгээд буюу этгээдүүдийг эрхийг нотлох хангалттай баримтыг тэдгээр этгээд тус бүрийн гарын үсгийн жинхэнэ загварын хамт Санд гаргаж өгнө.

7.03. Сангийн сайд буюу түүний бичгээр эрх олгосон аливаа этгээд энэхүү Гэрээний хүрээнд Зээлдэгчийн нэрийн өмнөөс авах шаардлагатай буюу зөвшөөрөгдсөн аливаа арга хэмжээг авч, үйлдэх шаардлагатай буюу зөвшөөрөгдсөн аливаа баримт бичгийг үйлдэнэ. Энэхүү гэрээний заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дээр дурдсан Зээлдэгчийн төлөөлөгч эсхүл түүний бичгээр эрх олгосон аливаа этгээдийн бичгээр үйлдсэн баримт бичгээр Зээлдэгчийн нэрийн өмнөөс зөвшилцөж оруулна. Чингэхдээ дээрх нэмэлт, өөрчлөлт нь тухайн нөхцөл байдалд тохирохуйц бөгөөд энэхүү гэрээгээр хүлээх Зээлдэгчийн үүргийг нэмэгдүүлэхээргүй гэж Зээлдэгчийн төлөөлөгч үзсэн байвал зохино. Аливаа ийм баримт бичгийг тухайн төлөөлөгч буюу өөр этгээд үйлдсэнийг Сан тухайн баримт бичгээр энэхүү Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь тухайн нөхцөл байдалд тохирохуйц бөгөөд энэхүү Гэрээгээр хүлээх Зээлдэгчийн үүргийг нэмэгдүүлэхээргүй гэж Зээлдэгчийн төлөөлөгч үзсэнийг нотлох эцсийн нотолгоо хэмээн хүлээн зөвшөөрч болно.

VIII ЗҮЙЛ

Хүчин төгөлдөр болох хугацаа; дуусгавар болгох

8.01. Зээлдэгчийн нэрийн өмнөөс энэхүү Гэрээг засгийн газрын бүх шаардлагатай журмын дагуу зохих ёсоор зөвшөөрч, соёрхон баталсан болохыг нотлох Сангийн шаардлага хангахуйц нотолгоог Санд гаргаж өгөх хүртэл энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болохгүй.

8.02. Зээлдэгч энэхүү Гэрээг зөвшөөрсөн буюу соёрхон баталсан, мөн өөрийн нэрийн өмнөөс зохих ёсоор үйлдэж байгуулсан бөгөөд энэхүү Гэрээ нь түүнд заасан нөхцлийнхөө дагуу Зээлдэгчийн хувьд хүчин төгөлдөр, заавал биелэгдэх үүрэг болохыг нотлох эрх бүхий байгууллагын дүгнэлт буюу дүгнэлтүүдийг Зээлдэгч нь 8.01 хэсэгт заасны дагуу гаргаж өгөх нотолгооны нэг хэсэг болгож Санд хүргүүлнэ.

8.03. Сан ба Зээлдэгчийн хооронд өөрөөр тохиролцоогүй бол энэхүү Гэрээ нь 8.01 хэсэгт заасан нотолгоог хүлээн авч буйгаа Сан Зээлдэгчид кабелиар мэдэгдсэн өдөр хүчин төгөлдөр болно.

8.04. Хэрэв 8.01 хэсэгт заасны дагуу биелүүлэх ёстой бүх үйлдлийг энэхүү Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эсхүл Сан, Зээлдэгч хоёрын тохиролцсон өөр өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол тэр хугацаанаас хойш Сан өөрийн сонголтоор Зээлдэгчид мэдэгдэл хүргүүлснээр энэхүү Гэрээг цуцалж болно. Ийм мэдэгдлийг өгснөөр энэхүү Гэрээ болон түүний дагуу талуудын хүлээх бүх үүрэг дуусгавар болно.

8.05. Зээлийн үндсэн өрийг бүхэлд нь, мөн Зээлд хуримтлагдсан хүү, бусад хураамжийг төлөхөд буюу төлбөл энэхүү Гэрээ болон түүний дагуу талуудын хүлээх бүх үүрэг дуусгавар болно.

IX ЗҮЙЛ

Нэр томъёоны тодорхойлолт

9.01. Тухайн агуулгаас өөрөөр ойлгогдохоос бусад тохиолдолд дараахь нэр томьёог энэхүү Гэрээ буюу Гэрээний хавсралтад доорхи утгаар хэрэглэнэ. Үүнд:

"Төсөл" гэдэг нэр томъёо нь энэхүү Гэрээний 2 дугаар хавсралтад тодорхойлсон Зээл олгогдож байгаа Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэлэх бөгөөд төслийн тодорхойлолтод Сан ба Зээлдэгчийн хооронд тохиролцсоноор тухай бүр нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

"Бараа" гэдэг нэр томъёо нь Төсөлд шаардлагатай тоног төхөөрөмж, хангамж, үйлчилгээг хэлнэ. Барааны өртгийг дурьдах бүрийд барааг Зээлдэгчийн нутаг дэвсгэрт оруулж ирэх зардлыг энэ өртөгт багтааж ойлгоно.

7.01 хэсгийн зорилгоор доорхи хаягийг тодорхойлов. Үүнд:

Зээлдэгчийн хувьд:

Монгол Улс

Улаанбаатар – 210646

Нэгдсэн Үндэстний гудамж 5/1

Сангийн яам

Кабель ба телексэд зориулсан бусад хаяг:

И-мэйл Факс

bolormaa_by@mof.gov.mn 976-11-260247

khurenbaatar_b@mof.gov.mn 976-11-262272

Утасны дугаар 976 -11-262272

Сангийн хувьд:

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын Сан

Шуудангийн хайрцаг 2921, Сафат

Кувейт – 13030

Кабель ба телексэд зориулсан бусад хаяг:

Кабель

И-мэйл

Факс

ALSUNDUK

KUWAIT

operations@kuwait-fund.org

(965) 2419091

(965) 2436289

Талууд зохих ёсоор эрх олгогдсон төлөөлөгчөөрөө дамжуулан энэхүү Гэрээг Улаанбаатар хотноо энэхүү Гэрээний эхэнд заасан өдөр өөрийн нэрээр нь гарын үсэг зуруулж хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх хувь тус бүр жинхэнэ эхэд тооцогдож, адил хүчинтэй байна.

Арабын эдийн засгийн хөгжлийн

Кувейтын сан

Монгол Улс

.......................................

(Эрх бүхий төлөөлөгч)

.........................................

(Эрх бүхий төлөөлөгч)

1 ДҮГЭЭР ХАВСРАЛТ

Зээл эргэн төлөХ НөхцӨЛ

Зээлийн үндсэн өрийг 36 хагас жилд хуваан эргүүлэн төлөх бөгөөд төлбөр тус бүрийн хэмжээ ба дарааллыг энэ Хавсралтад хавсаргасан хуваарьд заасан болно. Эхний төлбөрийг Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүү, бусад хураамжийг төлөх ёстой өдөр хийнэ. Чингэхдээ энэ өдөр нь Зээлдэгч зээлийн хөрөнгө гарган авах анхны өргөдөл гаргасны дагуу Сан зээл олгож эхэлсэн өдөр эсхүл зээлийн хөрөнгө гарган авах анхны өргөдөлд Зээлийн гэрээний 3.02 хэсэгт заасан үүргийг хүлээх хүсэлтийг гаргасан бол уг үүргийг Сан хүлээсэн өдөр буюу энэ хоёр өдрийн аль эрт тохиосон өдрөөс эхлэн 4 жилийн нэмэлт хугацаа өнгөрсний дараа таарна. Үндсэн өрийн үлдсэн төлбөрийг эхний төлбөр хийгдсэн өдрөөс хойш зургаан сар тутамд дараалан хийнэ.

1 ДҮГЭЭР ХУВААРЬ

эргэн төлөХ ХУВААРЬ

ҮНДСЭН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨР

(КУВЕЙТ ДИНАРААР)

Төлбөр төлөх хугацаа

166,700.00

1

166,700.00

2

166,700.00

3

166,700.00

4

166,700.00

5

166,700.00

6

166,700.00

7

166,700.00

8

166,700.00

9

166,700.00

10

166,700.00

11

166,700.00

12

166,700.00

13

166,700.00

14

166,700.00

15

166,700.00

16

166,700.00

17

166,700.00

18

166,700.00

19

166,700.00

20

166,700.00

21

166,700.00

22

166,700.00

23

166,700.00

24

166,700.00

25

166,700.00

26

166,700.00

27

166,700.00

28

166,700.00

29

166,700.00

30

166,700.00

31

166,700.00

32

166,700.00

33

166,700.00

34

166,700.00

35

165,500.00

36

6,000,000

Нийт

2 ДУГААР ХАВСРАЛТ

Төслийн тодорхойлолт

Төслийн зорилго нь Монгол Улсын төвийн дээд бүсэд байршилтай Булган, Хөвсгөл аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэх, үүний зэрэгцээ Хөвсгөл аймгийг нийслэл Улаанбаатар хоттой холбон эдийн засгийн үйл ажиллагааг, ялангуяа Хөвсгөл аймаг дахь аялал жуулчлалыг эрчимжүүлэхэд оршино.

Төсөл нь Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньтаас Тариалангийн хооронд хоёр талаараа 1,5 метр зах бүхий, хатуу хучилттай, бүх цаг агаарын нөхцөлд тохирсон, 7 м өргөнтэй, 88 орчим км авто замын барилгын ажлаас бүрдэнэ.

Төсөл нь дараах бүрэлдэхүүн хэсгүүдтэй байна. Үүнд:

Газар шорооны ажил, замын хучлага тавих ажил, гүүрийн ажил, ус зайлуулах болон аюулгүйн байгууламж.

Барилгын ажлыг хянах зорилготой зөвлөх үйлчилгээ.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд (авто замын салбарт) институцийн дэмжлэг үзүүлэх.

Төслийг 2011 онд хэрэгжүүлж дуусахаар төлөвлөсөн.

Хавсралт захидал №1

МОНГОЛ УЛС

Он, сар, өдөр...................................

Кувейт, 13030

Сафат, Ш/х 2921

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан

Хүндэт эрхэм ээ,

Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг санхүүжүүлэх зорилгоор бидний хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3.06 болон 4.04 хэсэгтэй холбогдуулан бид Зээлээр санхүүжүүлэх барааны төрөл, төрөл тус бүрт хуваарилах Зээлийн хэмжээ, тийнхүү санхүүжүүлэх зардлын хувь хэмжээг харуулсан Барааны жагсаалтыг хавсаргав.

Зээлийн хөрөнгийг Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилдэг хууль тогтоомжийн дагуу ногдох ямарваа татвар, хураамжийн төлбөрт аливаа байдлаар ашиглахгүй болохыг бид баталж байна.

Мөн Сантай өөрөөр тохиролцоогүй тохиолдолд Төслийн худалдан авах үйл ажиллагааг дараахь журмаар гүйцэтгэхээ бид баталж байна. Үүнд:

Зөвлөх үйлчилгээний хувьд болон энэхүү Зээлийн гэрээний 4.04 хэсгийн хувьд тендер нь Кувейт болон Монголын зөвлөхүүдийн хамтарсан компаниудаар хязгаарлагдана. Кувейтын Сан бидэнд Кувейтын зөвлөх компаниудын жагсаалт гаргаж өгнө. Бид Кувейт, Монголын хамтарсан зөвлөх компаниудын жагсаалтыг гаргаж Кувейтын Санд хүргүүлэн зөвшөөрөл авна. Тендерийн саналын үнэлгээг техникийн ба санхүүгийн шалгуур үзүүлэлтээр хийх бөгөөд эхлээд техникийн үнэлгээ, дараа нь санхүүгийн үнэлгээ хийнэ. Чингэхдээ техникийн үнэлгээний хувийн жин 70%, санхүүгийн үнэлгээний хувийн жин 30% байна. Үнэлгээний эцсийн тайланг зөвшөөрөл авахаар Санд илгээнэ. Дээрхид үндэслэн техник ба санхүүгийн хамтарсан үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан, Сангаас зөвшөөрсөн компанитай гэрээ байгуулна. Үүний дараагаар бид зөвлөх компанитай байгуулах гэрээний эцэслэсэн төслийг батлуулахаар Санд хүргүүлнэ.

Зам барих ажлыг гүйцэтгэгч компанийг тендерийн урилга хүргүүлэхээс өмнө урьдчилан шалгаруулна. Урьдчилан шалгаруулалтад оролцох хүсэлтийг зөвхөн Кувейт, Монголын хамтарсан компаниудаас хүлээн авна. Урьдчилан шалгаруулалтын асуулга, үнэлгээний онооны системийг хянуулж батлуулахаар Санд хүргүүлнэ. Урьдчилсан шалгаруулалтад оролцох урилгыг дотоодын хэвлэл болон Кувейтын өдөр тутмын наад зах нь хоёр сонинд нийтэлнэ. Бид өргөдлийн үнэлгээний тайлан болон гүйцэтгэгчийг урьдчилан шалгаруулах зөвлөмжийг бэлтгэн хянуулж батлуулахаар Санд хүргүүлнэ.

Урьдчилсан шалгаруулалтаар шалгарсан компаниудад тендерт оролцох урилга хүргүүлэхээс өмнө тендерийн баримт бичгийн төслийг хянуулж батлуулахаар Санд хүргүүлнэ. Бид Сангийн үндэслэлтэй хүсэлтийн дагуу эдгээр баримт бичиг буюу үнийн санал гаргах журамд өөрчлөлт оруулж болно. Тендерийн саналуудыг хүлээн авч, дүн шинжилгээ хийсний дараа бид үнэлгээний тайлан, сонгон шалгаруулах саналаа Санд хүргүүлэн батлуулна. Энэхүү заалтын зорилгоор гүйцэтгэгч компанийн наад зах нь 51%-ийг Кувейт эсхүл Монголын харъяат этгээд эзэмшиж байвал уг компанийг Кувейтын эсхүл Монголын компани гэж үзнэ.

Зээлээр санхүүжүүлэх аливаа гэрээний нөхцөл, болзолд гэрээ байгуулсны дараа эсхүл өмнө ямарваа томоохон өөрчлөлт оруулахаар санал болгосон бол саналыг Санд танилцуулж батлуулна. Бид мөн Зээлээр санхүүжүүлэх гэрээний баталгаажсан хувийг зарцуулалт болон бүртгэлд ашиглах зорилгоор танайд хүргүүлэх болно.

Дээр дурдсан зүйл болон хавсаргасан Барааны жагсаалтыг зөвшөөрч буйгаа энэ захидлын хавсаргасан хувьд гарын үсэг зуран баталж бидэнд буцаан ирүүлнэ үү.

Монгол Улс

___________________________

(Эрх бүхий төлөөлөгч)

Баталсан:

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан

__________________________

(Эрх бүхий төлөөлөгч)

Барааны жагсаалт

Дугаар

Барааны төрөл

Хөрөнгийн хуваарилалт

(кувейт динар)

Тухайн төрлийн барааны нийт зардалд хувь хэмжээ (%)

1

Зам, барилгын ажил

4,900,000

80

2

Хяналт хийх зөвлөхийн үйлчилгээ

190,000

80

3

Яаманд (авто замын салбарт) институцийн дэмжлэг үзүүлэх

125,000

100

4

Төлөвлөгдөөгүй зардал

785,000

Зээлийн нийт дүн

6,000,000

Хавсралт захидал №2

МОНГОЛ УЛС

Он, сар, өдөр...................................

Кувейт, 13030

Сафат, Ш/х 2921

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан

Хүндэт эрхэм ээ,

Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг санхүүжүүлэх зорилгоор бидний хооронд өнөөдөр байгуулсан Зээлийн гэрээтэй холбогдуулан, Кувейт Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмаар хориглосон аливаа аж ахуйн нэгж, компани оролцсон хэлцэлд улсын хөрөнгө ашиглахыг эдгээр журмын дагуу хориглосон байдаг тухай бидэнд зохих ёсоор мэдэгдсэн болохыг үүгээр баталж байна.

Иймд бид дээр дурдсан Зээлийн хөрөнгийг Кувейт Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмын дагуу хориглосон аливаа улс, компани, аж ахуйн нэгжийн гаралтай бараа, үйлчилгээг шууд буюу шууд бус санхүүжүүлэхэд ямарваа байдлаар ашиглахгүй байх үүргийг хүлээж байна.

Монгол Улс

___________________________

(Эрх бүхий төлөөлөгч)

Баталсан:

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан

__________________________

(Эрх бүхий төлөөлөгч)

Хавсралт захидал № 3

МОНГОЛ УЛС

Он, сар, өдөр...................................

Кувейт, 13030

Сафат, Ш/х 2921

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан

Хүндэт эрхэм ээ,

Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг санхүүжүүлэх зорилгоор бидний хооронд энэ өдөр байгуулсан Зээлийн гэрээний 3.04 хэсэгтэй холбогдуулан бид ийнхүү хандаж байна. Бид Зээлийн зарцуулалт, зээлийн үйлчилгээний төлбөрт ашиглагдах кувейт динар болон бусад валютын ханшийг дараах байдлаар тодорхойлогдоно хэмээн ойлгож байна. Үүнд: (а) зарцуулалтад ашиглагдах ханш нь кувейт динараас өөр ямар нэгэн валютаар Зээлээс төлбөр хийж буй банкнаас санал болгосон ханш байх бөгөөд (b), кувейт динараас өөр Сангаас зөвшөөрөгдсөн валютаар хийгдэх зээлийн үйлчилгээний төлбөрийн тухайд, тухайн валют ба кувейт динар хоорондын ханш нь төлбөр хүлээн авсан өдрийн Кувейтын Төв банкны зарласан ханш байна.

Дээр дурдсан зүйлийг зөвшөөрч буйгаа энэ захидлын хавсаргасан хувьд гарын үсэг зуран баталж бидэнд буцаан ирүүлнэ үү.

Монгол Улс

___________________________

(Эрх бүхий төлөөлөгч)

Баталсан:

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан

__________________________

(Эрх бүхий төлөөлөгч)