Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ АЙМАГТ ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ ХҮНДЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ АЙМАГТ ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ ХҮНДЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2009 оны 12 дугаар сарын 11–ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 367



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Улсын нөөцөөс гаргаж аймгуудад олгох малын эм, биобэлдмэлийн хуваарийг 1 дүгээр хавсралт, улсын нөөцийн салбар, цэгт нэмж байршуулах өвс, тэжээлийн хэмжээ болон түүнийг тээвэрлэх зардлын тооцоог 2 дугаар хавсралт, улсын нөөцөөс аймгуудад олгож, нөхөн бүрдүүлэх автомашин, дизель станцын хуваарийг 3 дугаар хавсралт, улсын нөөцийн зарим салбараас өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад худалдан борлуулах өвс, тэжээлийн хуваарийг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.


2. Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай:


2.1. 2010 оны 1 дүгээр сард багтаан энэхүү тогтоолын дагуу улсын нөөцөөс гаргаж аймгуудад олгосон малын эм, биобэлдмэл болон автомашин, дизель станцыг нөхөн бүрдүүлэх, өвс, тэжээлийг улсын нөөцийн салбарт нэмж байршуулах ажлыг зохион байгуулах;


2.2. энэхүү тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан хуваарийн дагуу малчдад өвс, тэжээл худалдан борлуулах ажлыг зохион байгуулан борлуулалтын орлогоор нь 4500 тонн малын тэжээл худалдан авч 2009 оны 12 дугаар сарын 25-ны дотор багтаан нөхөн бүрдүүлэх, 4 дүгээр хавсралтад зааснаас бусад аймгийн улсын нөөцийн салбар, цэгт байршуулсан өвс, тэжээлийг нэмэлт хэрэгцээ, шаардлагыг харгалзан улсын хэмжээнд төлөвлөн малчдад худалдан борлуулах арга хэмжээ авах;


3. Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй:


3.1. энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан малын эм, биобэлдмэлийг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 21.0 (хорин нэгэн) сая төгрөг, 2 дугаар хавсралтад заасан улсын нөөцийн салбар, цэгт өвс, тэжээл нэмж байршуулах тээврийн зардалд шаардагдах 547.753.5 (таван зуун дөчин долоон сая долоон зуун тавин гурван мянга таван зуун) мянган төгрөг, 3 дугаар хавсралтад заасан дизель станцын үнэ 27.8 (хорин долоон сая найман зуун мянган) сая төгрөгийг 2010 оны 1 дүгээр сард багтаан Засгийн газрын нөөц сангаас тус тус гаргаж Онцгой байдлын ерөнхий газарт олгох;


3.2. отор нүүдэл хийж байгаа аймгуудад “Отрын штаб” байгуулан ажиллуулж, малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, үйл ажиллагаатай холбогдуулан гарах нэмэлт зардалд зориулан Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт 30.0 (гучин) сая төгрөг, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газарт 35.0 (гучин таван) сая төгрөг, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт 50.0 (тавин) сая төгрөг, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт 30.0 (гучин) сая төгрөг, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт 50.0 (тавин) сая төгрөг, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт 30.0 (гучин) сая төгрөг, Архангай, Баян-Өлгий, Увс, Төв, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт тус бүр 15.0 (арван таван) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас олгох.


4. Энэ тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу улсын нөөцөөс гаргаж аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд олгосон машины үнэ болох 36.0 (гучин зургаан) сая төгрөг, сумын хүн эмнэлэгт олгосон автомашины үнэ болох 119.0 (нэг зуун арван есөн сая) төгрөгийг 2010 оны төсвийн багцаасаа тус тус гаргаж Онцгой байдлын ерөнхий газарт 2010 оны I улиралд багтаан олгохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарт даалгасугай.


5. Өвс, тэжээл оруулах зорилгоор Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаандэл-Уул гэдэг газарт хилийн түр гарцыг нэг удаагийн арга хэмжээ болгон нээх, Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтоор өвс, тэжээл, мал, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох асуудлыг БНХАУ-тай тохиролцох арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.


6. Төвийн бүсэд аймаг дундын отрын бэлчээр шинээр байгуулан тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж 2009 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасугай.


7. Орон нутагт бэлтгэсэн стандарт, чанарын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнийг батлан хамгаалах, хилийн цэрэг, нийслэлийн төсвийн байгууллагад гэрээгээр нийлүүлэх, бэлтгэсэн махыг тээвэрлэх ажлыг өвс, тэжээлийн тээвэртэй уялдуулах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай.


8. Отор нүүдлээр өөр аймгийн нутагт өвөлжиж байгаа малчид, тэдний гэр бүлийн гишүүдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг аймгийн удирдлагатай хамтран зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд төвөөс мэргэжлийн эмч нарын баг ажиллуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.


9. Өөр аймаг, сумын малчин өрх, малыг отор нүүдлээр өвөлжүүлж байгаа Төв, Булган, Хэнтий аймгуудад бэлчээр усжуулах, бэлчээрийн хортон шавьж, мэрэгч амьтантай тэмцэх, бэлчээрийг нөхөн сэргээхтэй холбогдон гаргах нэмэлт зардлыг 2010 оны батлагдсан төсөвтөө багтаан зохицуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай.


10. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр гарсан Засгийн газрын шийдвэр, албан даалгаврыг хангалтгүй биелүүлсэн Дундговь аймгийн Засаг дарга Ш.Төрбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаа, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Бямбажав, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав нарт хариуцлагаа дээшлүүлж ажиллахыг анхааруулсугай.


11. Сум, багийн харилцаа холбооны техник хэрэгслийн найдвартай ажиллагааг хангаж, цаг агаар хүндэрсэн үед холбоо барих ажлыг шуурхай зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансарт үүрэг болгосугай. 12. Дараахь арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:


12.1. нутаг дэвсгэртээ болон бусад аймаг, сумын нутагт мал отор нүүдлээр өвөлжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах;


12.2. улсын нөөцөөс гарган худалдан борлуулж байгаа малын эм, биобэлдмэл болон өвс, тэжээлийг сумдад хуваарилан малчдад ямар нэгэн дамжлагагүйгээр шууд хүргэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах;


12.3. Отрын штабыг 2009 оны 12 дугаар сараас 2010 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд ажиллуулж, малчдад эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх, нийгмийн болон төрийн бусад үйлчилгээг тасралтгүй, шуурхай хүргэх арга хэмжээ авах;


12.4. ямаа, үхрийн махаар борц бэлтгэн нөөцлөх зохион байгуулалтын арга хэмжээ авах;


12.5. малчдын бэлтгэсэн махыг хадгалах, хамгаалах, гарал үүслийг тодорхойлох арга хэмжээ авч, бэлтгэсэн махны төрөл, тоо хэмжээ, чанарын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд үнэн зөв мэдээлэл өгч, дотоод, гадаад зах зээлд нэгдсэн зохион байгуулалттайгаар борлуулах чиглэлээр холбогдох яамдтай хамтран ажиллах;


12.6. мал өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хангалтгүй зохион байгуулсан, өвлийн отрыг урсгалаар нь орхигдуулсан сумдын удирдлагад хариуцлага тооцон эргэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдээлэх.


13. “Хэрлэнбаян-Улааны улсын тусгай хэрэгцээний нутгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2009 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 165 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “2009 оны 6 дугаар сарын 10-наас эхлэн 2 жилийн” гэснийг “жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 1 хүртэл” гэж өөрчилсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд                            С.БАТБОЛД


Сангийн сайд                                                       С.БАЯРЦОГТ


Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн 


        үйлдвэрийн сайд                                         Т.БАДАМЖУНАЙ