A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын агаарын зайд иргэний агаарын хөлгөөр нислэг үйлдэх, нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2 дугаар зүйл.Иргэний нисэхийн тухай хууль тогтоомж

2.1.Иргэний нисэхийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн нэр томъёог дараахь утгаар ойлгоно:

3.1.1.“агаарын зам” гэж агаарын хөлгийн нислэгийг аюулгүйгээр гүйцэтгэхэд зориулагдсан өндөр ба өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай;

3.1.2.“агаарын навигаци” гэж агаарын хөлгийн байршил, хөдөлгөөнийг тодорхойлох, удирдан чиглүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны цогцолбор;

3.1.3.“агаарын хаалга” гэж улсын хилийг агаарын замаар нэвтрэх газар зүйн байрлал;

3.1.4.“агаарын хөлөг” гэж агаарын өгсөх урсгалын нөлөөллөөр бус, өөрөө агаартай харилцан үйлчилсний хүчинд агаарт тогтож, хөдөлгөөн хийж чадах аливаа төхөөрөмж;

/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.5.“агаарын хөлгийн дарга” гэж агаарын хөлгийн удирдлагыг гүйцэтгэж, нислэгийн аюулгүй ажиллагааг биечлэн хариуцаж байгаа нисэгч;

/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.6.“аэродром” гэж агаарын хөлгийг байрлуулах, хөөргөх, буулгах, явгалахад зориулж тусгайлан тоноглосон газар болон усан гадаргуу;

3.1.7.“аэродром орчмын аюулгүйн бүс” гэж аэродромыг байгуулахдаа нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг үндэслэн тогтоосон тодорхой хэмжээний хуурай газар, усан гадаргуу, орон зай;

/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.8.“аюултай ачаа” гэж агаараар тээвэрлэх үед өөрийн шинж чанараараа иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө болон нислэгийн аюулгүй ажиллагаанд үлэмж хор хүргэж болох биет зүйл болон бодис;

/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.9.“улсын агаарын хөлөг” гэж цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын агаарын хөлөг

/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.10.“иргэний агаарын хөлөг” гэж улсын агаарын хөлгөөс бусад бүх төрлийн агаарын хөлөг;

3.1.11.“Монгол Улсын агаарын зай” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрээс дээшхи хийн мандлын агаарын давхрагын орон зай;

/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.12.“нислэг” гэж агаараас хүнд агаарын хөлгийн хувьд хөөрөх зорилгоор зогсоолоос хөдлөхөөс эхлэн газарт эргэн бууж хөдөлгөөнөө бүрэн зогсоох хүртэлх; агаараас хөнгөн агаарын хөлгийн хувьд газрын гадаргуугаас хөөрөхөөс эхлэн газардах хүртэлх үйл ажиллагаа;

3.1.13.“нисэхийн аюулгүй ажиллагаа” гэж нислэгийн үйл ажиллагаа болон түүнд хамаарах бусад үйл ажиллагааг хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулахгүйгээр гүйцэтгэх нөхцөл байдал болон чадварыг;

/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.14.“нислэгийн Мах-ын тоо” гэж агаарын бодит хурдыг дууны хурдад харьцуулсан харьцаа;

3.1.15.“нислэгт тэнцэх чадвар” гэж агаарын хөлөг, түүний эд ангиуд нь тэдгээрт тавих аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэж байгаа байдал;

/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.16.“нисэх” гэж агаарын хөлөг болон түүнд хамаарах бүтээгдэхүүнийг зохион бүтээх, үйлдвэрлэх, тэдгээрээр үйл ажиллагаа эрхлэх цогцолбор ойлголт;

3.1.17.“нисэхийн аюулгүй байдал” гэж нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалахтай холбогдсон цогцолбор арга хэмжээ;

3.1.18.“нисэх буудал” гэж аэродром, агаарын тээврийн үйлчилгээний барилга, байгууламжийн цогцолбор;

3.1.19.“нисэхийн бичиг баримт” гэж энэ хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу нисэхэд хамаарах үйл ажиллагаа (хуулийн этгээд, аэродром, агаарын хөлөг, түүнд хамаарах бүтээгдэхүүн болон тэдгээрийн үйлдвэрлэл, нисэхэд холбоотой бусад үйлчилгээ)-нд иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон гэрчилгээ, үнэмлэх, зөвшөөрөл болон бусад бичиг баримт;

/Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.20.“олон улсын нислэг” гэж хоёр буюу түүнээс дээш улсын агаарын зайд үйлдэх нислэг;

/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.21.“шинжлэн шалгах” гэж гарч болзошгүй нислэг-техникийн хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл цуглуулах, дүгнэлт хийх, түүнчлэн гарсан хэргийн шалтгааныг тогтоон аюулгүй байдлын зөвлөмж бэлтгэх үйл ажиллагаа;

3.1.22.“Чикагогийн конвенци” гэж Монгол Улс 1989 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр нэгдэн орсон Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Чикаго хотноо батлагдсан олон улсын конвенци болон түүний Хавсралтууд гэж тус тус ойлгоно;

/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.1.23.“агаарын тээвэрлэгч” гэж агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний үндсэн дээр агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;

/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.1.24.“агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ” гэж агаарын хөлгөөр арилжааны нислэгийн үйл ажиллагаа эрхэлж эрх олгож буй тусгай зөвшөөрөл;

/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.1.25.“нисэх баг” гэж нислэгийн хугацаанд агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангах хариуцлага хүлээсэн, хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэхтэй агаарын хөлгийн багийн гишүүд;

/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.1.26.“агаарын хөлгийн зорчигч” гэж агаарын хөлгөөр зорчихоор агаарын тээвэрлэгчтэй гэрээ байгуулсан этгээд.

/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Энэ хууль нь Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэхтэй холбогдсон дараахь үйл ажиллагааг зохицуулна:

4.1.1.өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсын иргэний нисэхийн бүх үйл ажиллагаа;

4.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа буюу тус улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа иргэний агаарын бүх хөлгийн үйл ажиллагаа;

4.1.3.гадаад улсын хуульд өөрөөр заагаагүй бол тухайн улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа Монгол Улсын иргэний агаарын хөлгийн үйл ажиллагаа;

4.1.4.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа гадаад улсын агаарын хөлгийн үйл ажиллагаа.

/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.2.Энэ хууль нь улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөн болон улсын агаарын хөлгөөр арилжааны нислэг үйлдэх бүх үйл ажиллагааг зохицуулна.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрлөн найруулсан/

4.3.Энэ хуулийн 4.2 дахь хэсэг байлдааны үүргийн нислэгийн хөдөлгөөнд хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ИРГЭНИЙ НИСЭХИЙГ ТӨРӨӨС ЗОХИЦУУЛАХ

5 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

5.1.Улсын Их Хурал иргэний нисэхийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;

5.1.2.иргэний нисэхийн тухай хууль тогтоомжийг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

5.1.3.иргэний нисэхийн асуудлаарх олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;

5.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

6.1.Засгийн газар иргэний нисэхийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаарх төрийн бодлого, иргэний нисэхийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

6.1.2.иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга болон Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын Улсын ерөнхий байцаагчийг томилох, иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүрмийг батлах;

/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

6.1.3. /Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хассан/

6.1.4.Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийг батлах;

6.1.5. /Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хассан/

6.1.6. /Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хассан/

7 дугаар зүйл.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

7.1.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.иргэний нисэхэд хамаарах асуудлыг зохицуулан удирдах, салбарын хөгжлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;

7.1.2. /Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хассан/

7.1.3.Монгол Улсын агаарын зайд иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын зам, агаарын хаалгыг тогтоох, олон улсын нислэгийн чиглэлийг нээх, хаах;

/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.1.4.олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулах арга хэмжээ авах;

/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.1.5. /Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хассан/

7.1.6. /Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хассан/

7.1.7.иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зохион байгуулалтын бүтцийг батлах;

/Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.8.Иргэний нисэхийн багц дүрмийг батлах;

7.1.9.иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг батлах;

7.1.10.энэ хуулийн 8.3-т заасан дүрэмт хувцасны загвар батлах;

/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.11.иргэний нисэхийн салбарт олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг тогтоох, нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэлтийн эрх олгох, тарифыг баталгаажуулах, агаарын хөлгийг хамтран эзэмших буюу түрээслэхтэй холбогдсон асуудлыг зохицуулах;

/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.1.12.нислэг-техникийн осол, зөрчлийн Ерөнхий шинжээч /цаашид “Ерөнхий шинжээч” гэх/, шинжээчийг томилж чөлөөлөх, Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны дүрмийг батлах.

/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.2.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 7.1.7, 7.1.8, 7.1.9, 7.1.10, 7.1.12-т зааснаас бусад бүрэн эрхээ бүхэлд нь буюу заримыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлж болно.

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8 дугаар зүйл.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.1.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.2.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаагаа иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангуулахад чиглүүлнэ.

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.3.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцсан байцаагч тусгай дүрэмт хувцас хэрэглэнэ.

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.4.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.4.1.Чикагогийн конвенцийн Хавсралтуудад нийцсэн аюулгүй ажиллагааны стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах буюу бүртгүүлэх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.4.2. /Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хассан/

8.4.3.агаарын навигацийн төлбөртэй үйлчилгээтэй холбогдох асуудлыг эрхлэн шийдэх;

8.4.4.иргэний нисэхийн салбарт холбогдох мэдээлэл цуглуулах, бэлтгэх, солилцох, түгээх, түүнчлэн энэ талаар бусад этгээдтэй хамтран ажиллах;

8.4.5.иргэний нисэхийн үйлчилгээний орлогыг хууль тогтоомжийн хүрээнд нисэхийн аюулгүй ажиллагааг хангах үйл ажиллагаанд зориулан захиран зарцуулах;

/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.4.6.иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шууд харъяа алба, байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийг батлах, иргэний нисэхийн бусад байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавих; 

/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

8.4.7.нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгасан дүгнэлтийг үндэслэн цаашид осол, зөрчил давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.4.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

8.5.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нисэхийн аюулгүй ажиллагаанд хамаарах бүрэн эрхийнхээ тодорхой хэсгийг Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан, томилогдсон байцаагч нарт гэрээний үндсэн дээр албан ёсоор шилжүүлэн гүйцэтгүүлж болно. Энэхүү гэрээнд ажилтны үүрэг, хариуцлагыг тодорхой тусгана.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

8.6.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь бэлэгдэлтэй байна.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.7.Иргэний нисэхийн үйл ажиллагаанд тавих хяналтыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба бие даан хэрэгжүүлэх бөгөөд албаны дарга нь Улсын ерөнхий байцаагч байна.

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9 дүгээр зүйл.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцсан байцаагчийн бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

9.1.Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч нь дараахь бүрэн эрхтэй:

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.1.1.иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбогдолтой газруудад шалгалт хийх зорилгоор саадгүй нэвтрэх;

9.1.2.иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбогдол бүхий баримт бичгийн хувийг шаардан гаргуулж авах;

9.1.3.шаардлагатай тохиолдолд агаарын хөлгийг саатуулах;

9.1.4.шаардлагатай тохиолдолд аливаа этгээдийн иргэний нисэхийн бичиг баримтыг түр хураах.

10 дугаар зүйл.Нислэгийн хөдөлгөөнд үйлчлэх зориулалттай нэгдмэл системийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг өмчлөх

10.1.Нислэгийн хөдөлгөөнд үйлчлэх зориулалттай нэгдмэл системийн барилга байгууламж, тоног төхөөрөмж төрийн өмчид байна.

11 дүгээр зүйл.Иргэний нисэхийн багц дүрэм

11.1.Иргэний нисэхийн үйл ажиллагааг Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн зохицуулахдаа Иргэний нисэхийн багц дүрмийг баримтална.

11.2.Иргэний нисэхийн багц дүрмээр дараахь үйл ажиллагааг зохицуулна:

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.2.1.Монгол Улсад агаарын хөлгийг бүртгэх;

11.2.2.нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох;

11.2.3.агаарын хөлөг, түүний эд ангиудын үйлчилгээ засварын газар, нисэхийн үйлчилгээний байгууллагад үзлэг, шалгалт хийх, тэдгээрт нэвтрэх;

11.2.4.нисэхийн салбарт гэрээгээр ажил гүйцэтгүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагатай хамтран ажиллах, агаарын хөлгийн үзлэг, шалгалт хийх эрх олгох;

11.2.5.Монгол Улсын хилээр агаарын хөлөг нэвтрэх, аэродромд буух, хөөрөх, түүнчлэн Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх, нислэгийн хөдөлгөөн удирдах;

11.2.6.агаарын хөлгийг зорчигч, тээш, ачаа тээвэрлэх болон бусад зориулалтаар ашиглах;

11.2.7.иргэний нисэхэд навигацийн хэрэгслийг ашиглах явцад гарч болох сөрөг нөлөөг багасгах, тийм нөлөөллөөс болон агаарын хөлөгт аюул учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоног төхөөрөмж, гэрэл, дохиог суурилуулах, ашиглах;

11.2.8.агаарын навигацийн аюулгүй ажиллагаа, үр өгөөж, зохицуулалтыг хангах, агаарын хөлөг болон зорчигч, эд зүйлсийн аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх;

11.2.9.нислэгийг цаг уурын мэдээгээр хангах байгууллагыг гэрчилгээжүүлэх;

11.2.10.агаарын хөлөгтэй харилцах холбоо, дохиог ашиглах;

11.2.11.Монгол Улсын агаарын зайн хориотой бүсэд нислэг үйлдэх;

11.2.12.иргэний нисэхийн холбогдолтой бүх төрлийн гэрчилгээ, үнэмлэх болон бусад баримт бичгийн загварыг тодорхойлох, тэдгээрийг олгох, үйлчлэлийг нь түр зогсоох, хураах, хадгалах; 

11.2.13.нислэг, түүний үйл ажиллагаанд оролцогч ажилтнуудын ажлын цагийг хуваарилах;

11.2.14.иргэний нисэхийн төлбөртэй үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээ, үйлчилгээний орлогыг зарцуулах журмыг тогтоох;

11.2.15.Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлөгт дуу чимээний хязгаарлалт тогтоох.

12 дугаар зүйл.Онц болон дайны байдлын үеийн зохицуулалт

12.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт онц болон дайны байдал зарласан буюу гамшиг, аюулт үзэгдэл, осол үүссэн үед иргэний нисэхийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

/Энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13 дугаар зүйл.Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэхэд олгох тусгай зөвшөөрөл

13.1.Иргэн, аж ахуйн нэгж иргэний нисэхийн дараахь үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл авна:

13.1.1.агаарын хөлгөөр нислэгийн үйл ажиллагаа эрхлэх;

13.1.2.аэродром, нисэх буудлын үйлчилгээ эрхлэх;

13.1.3.агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан тусгай зөвшөөрлийг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Иргэний нисэхийн багц дүрмийн дагуу олгоно.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14 дүгээр зүйл.Иргэний нисэхэд гадаад хэл хэрэглэх

14.1.Иргэний нисэхэд ашиглах техник, технологийн баримт бичгийг англи, орос хэл дээр хэрэглэж болно.

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14.2.Монгол Улсын агаарын зайд нислэгийг англи хэл дээр удирдаж болно.

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ИРГЭНИЙ АГААРЫН ХӨЛӨГ

15 дугаар зүйл.Иргэний агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар

/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.1.Иргэний агаарын хөлгийг Монгол Улсад бүтээх, түүнд өөрчлөлт, сайжруулалт хийх ажлыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэй гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.2.Гадаад улсад үйлдвэрлэгдсэн агаарын хөлөг /маяг/-ийг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хүлээн зөвшөөрсөн тохиолдолд уг агаарын хөлгийг Монгол Улсад иргэний нислэг үйлдэх зорилгоор ашиглахыг зөвшөөрнө.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16 дугаар зүйл.Иргэний агаарын хөлгийг бүртгэх, бүртгэлээс хасах

16.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмчлөлд байгаа иргэний агаарын хөлгийг гадаад улсад бүртгүүлээгүй бол Монгол Улсын бүртгэлд бүртгүүлж үндэсний таних тэмдэг, бүртгэлийн гэрчилгээ авна.

16.2.Иргэний агаарын хөлгийг ашиглалтаас хассан, гадаад улсад шилжүүлсэн тохиолдолд улсын бүртгэлээс хасна.

16.3.Иргэний агаарын хөлгийг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах үйл ажиллагааг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.4.Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийг даатгуулна.

17 дугаар зүйл.Иргэний агаарын хөлгийн баг

/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.1.Иргэний агаарын хөлгийн баг нь нисэх баг, багийн бусад гишүүдээс бүрдэнэ.

17.2.Монгол Улсын иргэний агаарын хөлгийн нисэх баг нь иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон бүрэлдэхүүнтэй байна.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.3.Монгол Улсын иргэний агаарын хөлгийн нисэх багийн бүрэлдэхүүнд гадаад улсын иргэн байж болно.

17.4.Нислэгийн үед агаарын хөлгийн бүхээгт байгаа хөлгийн үйлчлэгч, нислэгтэй холбогдох үйл ажиллагаа явуулах бусад ажилтнууд нь хөлгийн багийн бусад гишүүнд хамаарна.

17.5.Бүрэн бус бүрэлдэхүүнтэй нисэх баг нислэг үйлдэхийг хориглоно.

17.6. /Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хассан/

18 дугаар зүйл.Иргэний агаарын хөлгийн даргын бүрэн эрх

18.1.Нислэг үйлдэх, нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, түүнчлэн зорчигчдын амь нас, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор хөлгийн даргаас өгсөн үүргийг агаарын хөлгийн бүхээгт байгаа хөлгийн багийн гишүүн болон зорчигч биелүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.2.Иргэний агаарын хөлгийн дарга нь дор дурьдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.2.1.агаарын хөлөг болон түүний бүхээгт байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах;

18.2.2.агаарын хөлгийг хөөргөх, буулгах, нислэг үйлдэх, нислэгийг үргэлжлүүлэх, түүнчлэн агаарын хөлгийн аргагүйдсэн буулт хийх талаар эцсийн шийдвэр гаргах;

18.2.3.нислэгийн аюулгүй байдалд илт аюул тулгарсан тохиолдолд агаарын хөлөг болон түүний бүхээгт байгаа хүмүүсийн амь насыг аврах зорилгоор нислэгийн төлөвлөгөө болон нислэгийн удирдагчийн өгснөөс өөр шийдвэр гаргах;

18.2.4.нислэгийн үед агаарын хөлөгт дэг журам сахиулах, нислэгийн аюулгүй байдалд шууд заналхийлж байгаа этгээдийн үйлдлийг таслан зогсоох боломжтой бүх арга хэмжээ авах;

18.2.5.нислэгийг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй онцгой тохиолдлын талаар нислэгийн удирдагчид нэн даруй мэдэгдэх.

18.3.Агаарын хөлөгт аюул учирсан тохиолдолд хөлгийн дарга нь зорчигчдын амь насыг аврах боломжтой бүх арга хэмжээг авсан нөхцөлд агаарын хөлгийг орхиж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

АЭРОДРОМ

19 дүгээр зүйл.Аэродром байгуулах

19.1.Аэродром байгуулах, ашиглах, үйл ажиллагааг нь зогсоох, түүнчлэн улсын бүртгэлд бүртгэх, гэрчилгээ олгох, бүртгэлээс хасах, түр аэродром ашиглах журмыг Иргэний нисэхийн багц дүрмээр зохицуулна.

19.2.Улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр тогтмол үйл ажиллагаатай аэродром ашиглахыг хориглоно.

20 дугаар зүйл.Аэродром орчмын аюулгүйн бүс

/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

20.1.Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах шаардлагын үүднээс иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага харъяалах сум, дүүргийн Засаг даргатай хамтарч аэродром орчмын аюулгүйн бүсийг тогтооно.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

20.2.Аюулгүйн бүсийн нутаг дэвсгэрийн ашиглалттай холбогдсон асуудлыг Иргэний нисэхийн багц дүрмээр зохицуулна.

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

21 дүгээр зүйл.Аэродромын дохио, тэмдэг

21.1.Агаарын хөлөг хөөрөх, буух, явгалах үед агаарын хөлгийн баг чиг баримжаагаа тогтооход зориулсан аюулгүй байдлын дохио, тэмдгийг Иргэний нисэхийн багц дүрэмд заасны дагуу аэродром, түүний орчинд байрлуулна.

21.2.Аэродром орчмын дэвсгэр газарт энэ хуулийн 21.1-д заасан дохио, тэмдэгтэй ижил төстэй зүйл байрлуулахыг хориглоно.

22 дугаар зүйл.Барилга байгууламж дээрх дохио, тэмдэг

22.1.Барилга байгууламж өмчлөгч буюу эзэмшигч нь агаарын хөлгийн нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор уг барилга байгууламж дээр аюулгүй байдлын дохио, тэмдгийг Иргэний нисэхийн багц дүрэмд заасны дагуу байрлуулна.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ТАВДУГААР БҮЛЭГ

АГААРЫН ХӨЛГИЙН НИСЛЭГ

23 дугаар зүйл.Нислэг үйлдэх

23.1.Агаарын хөлгөөр нислэг үйлдэхэд дараахь шаардлагыг хангасан байна:

23.1.1.агаарын хөлөг болон агаарын хөлгийн баг нь Иргэний нисэхийн багц дүрэмд заасны дагуу нислэгт бэлтгэгдэж, нислэг үйлдэх зөвшөөрөл авсан байх;

23.1.2.тухайн төрлийн агаарын хөлгийг нисгэх эрх бүхий нисэх багтай байх;

23.1.3.нислэг үйлдэх агаарын хөлөг нь агаарын хөлгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, хөлгийн дотоод бүртгэл, радио станцыг ашиглах зөвшөөрөл зэрэг баримт бичгийг бүрдүүлсэн байх.

23.2.Энэ хуулийн 23.1.2, 23.1.3 дахь заалт нь хэт хөнгөн агаарын хөлөг, агаарын бөмбөлөг болон агаарын хөлгийн загвар /модель/-ын нислэгт хамаарахгүй.

24 дүгээр зүйл.Нислэгийн хөдөлгөөний зохицуулалт

24.1.Монгол Улсын агаарын зайд агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөн удирдах үйлчилгээг иргэний нисэхийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

24.2.Монгол Улсын агаарын зайд үйлдэх нислэгийн хоорондын аюулгүйн зай, агаарын зам, түүний өргөн, өндөр нь олон улсын стандартад нийцсэн байна.

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

24.3.Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх замыг холбоо, навигацийн төхөөрөмжөөр нислэгийн аюулгүй байдлыг хангах түвшинд тоноглосон байна.

24.4.Монгол Улсын хил нэвтэрч нислэг үйлдэх зөвшөөрлийг иргэний нисэхийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас авна.

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

24.5.Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх болон улсын хилийг агаарын хаалгаар нэвтрэн өнгөрөх журмыг зөрчсөн, түүнчлэн эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүй улсын хил нэвтэрсэн агаарын хөлгийг зөрчил гаргасан агаарын хөлөг гэж үзнэ.

24.6.Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба энэ хуулийн 24.5-д заасан агаарын хөлгийн тухай Монгол Улсын агаарын зайд аюулгүй байдлыг хангах эрх бүхий байгууллагад мэдэгдэж, агаарын хөлгийн нисэх багт зөрчлөө нэн даруй зогсоох буюу заасан газар хөлгөө буулгах шаардлага тавина.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25 дугаар зүйл.Хот, тосгон дээгүүр нислэг үйлдэх

25.1.Агаарын хөлгөөр хот, тосгон дээгүүр нислэг үйлдэхдээ нислэгийг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд тухайн хот, тосгоны нутаг дэвсгэрийн гадна буюу ойролцоох аэродромд буух боломжтой өндөрт гүйцэтгэнэ.

25.2.Хот, тосгон дээгүүр агаарын хөлгөөр сургалт, туршилт болон уран жолоодлогын нислэг үйлдэхийг хориглоно.

25.3.Иргэний агаарын хөлгөөр Монгол Улсын хот, тосгон дээгүүр 1-тэй тэнцүү буюу түүнээс их нислэгийн Мах-ын тоотой хурдаар нислэг үйлдэхийг хориглоно.

26 дугаар зүйл.Агаарын зайн аюулгүй байдлыг хангах

26.1.Монгол Улсын иргэний нисэхийн зориулалтаар ашиглаж буй агаарын зай болон агаарын замд буудлага, дэлбэлэлт хийх, пуужин харвах зэргээр нислэгт аюул учруулж болзошгүй үйл ажиллагаа явуулахад иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

26.2.Улсыг агаарын довтолгооноос хамгаалах зорилгоор байлдааны пуужин харвах, буудлага үйлдэхэд энэ хуулийн 26.1 дэх заалт хамаарахгүй.

27 дугаар зүйл.Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах

/Энэ зүйлийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

28 дугаар зүйл.Нийтийн холбооны хэрэгсэл ашиглах

28.1.Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд зориулсан холбоо ашиглалтгүй болсон тохиолдолд нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, нислэгийн хөдөлгөөн удирдах хойшлуулшгүй ажиллагаатай холбогдсон мэдээллийг нийтийн холбооны бүх төрлийн хэрэгслээр тэргүүн ээлжинд саадгүй дамжуулна.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29 дүгээр зүйл.Агаарын хөлөгт тусламж үзүүлэх

29.1.Аюулд нэрвэгдсэн болон аюул тулгарсан иргэний агаарын хөлгийг авран туслах, эрж хайх үйл ажиллагааг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тухайн агаарын хөлөг эзэмшигч болон онцгой байдлын байгууллагатай хамтран тусгайлан бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, хүч, техник хэрэгсэл ашиглан гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

29.2.Нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд аюулд нэрвэгдсэн агаарын хөлгийн талаар өөрт мэдэгдсэн мэдээ сэлтийг зохих байгууллагад нэн даруй мэдээлэх, хүмүүсийн амь насыг аврах, тэдэнд эмнэлгийн болон бусад зайлшгүй тусламж үзүүлэх, түүнчлэн агаарын хөлөг, түүний баримт бичгийг хамгаалалтад авах үүрэгтэй.

29.3.Агаарын хөлөгт аюул тулгарсан, эсхүл аюулд нэрвэгдсэн тохиолдолд зорчигч болон багийнханд цаг алдалгүй мэдэгдэх зорилгоор хөлгийг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон жагсаалтын дагуу түгшүүр, аюулын тухай анхааруулсан дохионы хэрэгслээр тоноглосон байна.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.4.Аюул тулгарсан буюу аюулд нэрвэгдсэн агаарын хөлгийг эрж хайх, авран туслах болон осол, сүйрлийн үр дагаврыг арилгахтай холбогдсон зардлыг тухайн агаарын хөлгийг эзэмшигчээр нөхөн төлүүлж болно.

29.5.Монгол Улсын агаарын хөлөг гадаад улсын нутагт нислэг үйлдэх үед аюул тулгарсан буюу аюулд нэрвэгдсэн тохиолдолд түүний зорчигч болон багийнхныг эрэн хайх, авран туслах ажилд тухайн улсад тогтоосон журам, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөнө.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ОЛОН УЛСЫН НИСЛЭГ

30 дугаар зүйл.Олон улсын нислэг үйлдэх зөвшөөрөл, даатгал

30.1.Монгол Улсын болон гадаад улсын агаарын хөлөг нь иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр олон улсын нислэг үйлдэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.2.Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх гадаад улсын агаарын хөлөг нь гуравдагч этгээдэд учирч болзошгүй хохирлыг хариуцах баталгаа бүхий даатгалтай байна.

30.3.Гадаад улсын иргэний нисэхийн байгууллага, иргэн нь Монгол Улсын агаарын зайд олон улсын нислэг үйлдэх агаарын хөлгийн таних тэмдэг болон нислэгтэй холбогдох бусад мэдээллийг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.4.Олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгч нь олон улсын нислэг үйлдэхдээ зорчигчийн мэдээллийг иргэний агаарын хөлөг хөөрөхөөс өмнө Монгол Улсын эрх бүхий байгууллагад урьдчилан хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

31 дүгээр зүйл.Олон улсын агаарын зам, нисэх буудал

31.1.Гадаад улсын агаарын хөлөг нь Монгол Улсын агаарын зайд энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагаас тогтоосон агаарын замаар нислэг үйлдэнэ.

31.2.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь олон улсын агаарын зам болон олон улсын нислэгт үйлчлэх нисэх буудлын жагсаалтыг баталж, тэдгээрийн үндсэн үзүүлэлтийг агаарын навигацийн мэдээллийн лавлахад тусгасан байна.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.3.Олон улсын нислэгт үйлчлэх нисэх буудалд хилийн шалган нэвтрүүлэх боомт, гааль, эрүүл ахуй, хорио цээрийн алба байрлана.

31.4.Иргэний нисэхийн болон энэ хуулийн 31.3-т заасан байгууллагууд хоорондын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр зохицуулна.

32 дугаар зүйл.Агаарын хөлөг Монгол Улсын хилийн агаарын хаалгаар нэвтрэн орох, гарах

/Энэ зүйлийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

33 дугаар зүйл.Гадаад улсын агаарын хөлгийн баримт бичгийг хүлээн зөвшөөрөх

33.1.Гадаад улсын агаарын хөлгийн баримт бичиг нь олон улсын гэрээ, хэлэлцээрийн заалтад нийцэж байвал түүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчинтэйд тооцно.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ТЭЭВЭРЛЭЛТ

34 дүгээр зүйл.Зорчигч, ачаа, тээш, шуудан тээвэрлэх

34.1.Агаарын тээвэрлэгч нь Агаарын хөлгөөр тээвэр хийх нийтлэг дүрмийн шаардлагыг дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

34.2.Агаараар шуудан тээвэрлэх асуудал нь тээвэрлэгч болон шуудан, холбооны асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр зохицуулагдана.

35 дугаар зүйл.Агаарын хөлгөөр аюултай ачаа тээвэрлэх

35.1.Агаарын хөлгөөр аюултай ачаа тээвэрлэх ажлыг хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан дүрмийн дагуу гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

36 дугаар зүйл.Зорчигчийн даатгал

36.1.Иргэний агаарын хөлгөөр зорчигч нь өөрийн амь насыг даатгуулах үүрэгтэй.

37 дугаар зүйл.Иргэний агаарын хөлгийн багийн гишүүдийн даатгал

37.1.Иргэний агаарын хөлгийн багийн гишүүдийг албан үүргээ гүйцэтгэж байгаа үед тэдний амь нас, эрүүл мэндийг тэдгээрийг ажиллуулагч аж ахуйн нэгж, байгууллага даатгуулах үүрэгтэй.

38 дугаар зүйл.Тээвэрлэгчийн хариуцлагын даатгал

38.1.Агаарын тээвэрлэгч нь агаарын хөлгөөр зорчигчийн амь нас, эрүүл мэнд болон гуравдагч этгээдэд учруулсан хохирол, түүнчлэн зорчигчийн ачаа, тээш, шуудан алдагдах, дутах буюу гэмтсэн тохиолдолд нөхөн олговор олгох зориулалттай хариуцлагын даатгалд даатгуулна.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

НАЙМДУГААР БҮЛЭГ

ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗОХИЦУУЛАЛТ

/Энэ бүлгийн гарчигт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

39 дүгээр зүйл.Нисэхийн аюулгүй байдлыг хангах 

39.1.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нисэхийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөртэй байна.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

39.2.Орон нутгийн болон олон улсын нислэгийн тээвэрлэгч, үйлчлэгч байгууллага нь иргэний нисэхийн үйл ажиллагааг хөндлөнгийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход шаардлагатай бүх арга хэмжээг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлнэ. 

391 дүгээр зүйл.Нисэхийн ажилтны мэргэжлийн үнэмлэх 

391.1.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь иргэний нисэхийн ажилтанд мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн гэрчилгээ олгоно. Үнэмлэх, гэрчилгээ олгох журмыг Иргэний нисэхийн багц дүрмээр тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

392 дугаар зүйл.Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ

392.1.Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсад бүртгэлтэй иргэний агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгоно. Гэрчилгээнд тухайн агаарын хөлгийн ашиглалтын төрөл, гэрчилгээний хугацаа болон аюулгүй ажиллагаанд шаардлагатай бусад нөхцөл, хязгаарлалт, мэдээлэл зэргийг тусгана.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

393 дугаар зүйл.Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ

393.1.Энэ хуулийн 13.1.1-д заасан агаарын хөлгөөр арилжааны нислэгийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага энэ хууль болон холбогдох дүрэм, журмын шаардлагыг хангасан тохиолдолд иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгоно.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

394 дүгээр зүйл.Агаарын тээвэрлэгчийн үүрэг

394.1.Агаарын тээвэрлэгч нь нислэгийн үйл ажиллагааны болон агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын шаардлагад нийцсэн заавар, журам боловсруулж мөрдөх, холбогдох дүрэм, журмын дагуу нийтийн ашиг сонирхолд нийцсэн, найдвартай үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.

/Энэ зүйлийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

40 дүгээр зүйл.Агаарын хөлгийн баг, зорчигчийн бие болон тээшинд үзлэг хийх

/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

40.1.Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, агаарын хөлгийн багийн гишүүд, зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор агаарын хөлгийн багийн гишүүн, зорчигчийн бие болон тээшинд агаарын тээвэрлэгч буюу эрх бүхий байгууллага иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу үзлэг хийнэ.

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

40.2.Зорчигч үзлэг хийлгэхээс татгалзвал агаарын хөлгөөр тээвэрлэх гэрээг цуцална.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

НИСЛЭГ-ТЕХНИКИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ

/Энэ бүлгийн гарчигт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

41 дүгээр зүйл.Нислэг-техникийн осол, зөрчлийн тухай ойлголт

/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

41.1.Нислэг-техникийн осол, зөрчил гэдгийг Чикагогийн конвенцийн 13 дугаар хавсралтад зааснаар ойлгож хэрэглэнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

42 дугаар зүйл.Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагаа

/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

42.1.Нислэг-техникийн осол, зөрчил болон нислэг-техникийн осол, зөрчлийн урьдчилсан нөхцөл үүссэн тухай асуудлыг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх ажиллагааг Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

42.2.Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албыг Ерөнхий шинжээч удирдана.

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

42.3.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гарсан нислэг-техникийн хэрэг зөрчлийн газарт Ерөнхий шинжээч өөрийн бүрэн хяналтыг тогтооно.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

42.4.Ерөнхий шинжээч нь нислэг-техникийн осол, зөрчлийн шалтгааныг тогтоох, шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагатай гэж үзвэл дотоод, гадаадын мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

42.5.Нислэг-техникийн осол, зөрчил Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гарсан тохиолдолд иргэд, нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллага, зэвсэгт хүчний салбар ангиуд энэ хуулийн 29 дүгээр зүйлийн заалтуудыг биелүүлэхээс гадна нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагад үйл ажиллагаагаа явуулахад нь шаардагдах туслалцааг цаг тухайд нь үзүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

42.6.Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлөгт тус улсын хилийн гадна нислэг-техникийн осол, зөрчил тохиолдсон бол уг осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааг олон улсын гэрээ, хэлэлцээрийн заалтын дагуу явуулах бөгөөд Монгол Улсын талаас шинжлэн шалгах үйл ажиллагааг Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

43 дугаар зүйл.Нислэг-техникийн хэргийг шинжлэн шалгах улсын байцаагч, түүний бүрэн эрх

43.1. /Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хассан/

43.2.Нислэг-техникийн осол, зөрчлийн шинжээч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.2.1.нислэг-техникийн осол, зөрчлийн шалтгааныг үнэн зөвөөр шалган тогтоох;

/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

43.2.2.Чикагогийн конвенцийн 13 дугаар Хавсралт болон Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны дүрэмд заасан үйл ажиллагаа явуулах;

/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

43.2.3.өөрийн гаргасан шийдвэр, дүгнэлтийн үнэн зөвийг хариуцах;

43.2.4. /Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хассан/

43.2.5.хууль тогтоомжоор тогтоосон бусад бүрэн эрх.

43.3.Нислэг-техникийн осол зөрчлийн шинжээч дор дурдсан эрхтэй:

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.3.1.нислэг-техникийн осол, зөрчил гарсан газарт саадгүй нэвтрэх, осол, зөрчлийн газрыг хамгаалах арга хэмжээ авах асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

43.3.2.албан үүргээ гүйцэтгэхдээ иргэний нисэхэд хамаарах бүх объект, барилга байгууламжид саадгүй нэвтрэх;

43.3.3.шинжлэн шалгах ажилд шаардагдах мэдээ, судалгаа, тодорхойлолт, бусад бичиг баримтыг холбогдох этгээдээс шаардан гаргуулж авах;

43.3.4.шаардлагатай үед холбооны хэрэгслийг тэргүүн ээлжинд ашиглах;

/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.3.5.онцлох тэмдэг хэрэглэх, байгалийн хүнд нөхцөлд ажиллахад шаардагдах хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээр хангагдах;

43.3.6.хууль тогтоомжоор олгосон бусад эрх.

АРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

44 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

44.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

44.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ