A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН 2010-2011 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 184

Улаанбаатар хот

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН 2010-2011 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай:

а) цаг агаарын хүндрэлтэй үед улсын чанартай авто зам, замын байгууламжид эвдрэл гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах явдлаас урьдчилан сэргийлэх, авто тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын засвар, арчлалтын ажлын чанарыг сайжруулан тогтмолжуулах, ургац хураалтын тээвэрт ашиглагдах зам, гүүрийн шинэчлэлт, засварын ажлыг яаралтай эхлүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгүүлэх, гэнэтийн эвдрэлийг шуурхай засварлаж байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;

б) нийтийн тээврийн хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн гараашийн засвар, дулаалгыг хугацаанд нь чанартай хийж, сэлбэг хэрэгсэл болон өвлийн улирлын шатахуун, тослох материалыг зохих хэмжээнд нь нөөцөлж, иргэдэд найдвартай үйлчлэх нөхцөл бүрдүүлэх;

в) дулааны цахилгаан станц, нийтийн тээврийн аж ахуйн нэгж, байгууллагын түлээ, нүүрс нөөцлөх, түлш, шатахуун татан авах тээвэрлэлтэд хяналт тавьж ажиллах;

г) иргэний нисэхийн салбар /нисэх онгоцны буудал, харьяа албад/-ын өвөлжилтийн бэлтгэл болон нислэгийн аюулгүй байдлыг хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;

д) төв, суурин газрын барилга байгууламж, орон сууцны цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээний ээлжит засвар, үйлчилгээ, угаалга, туршилтыг төлөвлөсөн хугацаанд нь хийж дуусгах талаар холбогдох арга хэмжээ авах.

2. Орон нутгийн тээврийн болон барилга, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагын өвлийн бэлтгэлийг хангуулж, түлээ, нүүрс нөөцлөх, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл татан авах ажлыг зохион байгуулах, төв суурин газрын барилга байгууламж, орон сууцны цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээний ээлжит засвар, үйлчилгээ, угаалга, туршилт, авто замын засвар арчлалтыг төлөвлөсөн хугацаанд нь хийж дуусгах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА