A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2000 оны 5 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар 62

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Дорноговь аймгийн зарим сумдын нутагт олон улсын "А" жагсаалтын малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэг, тэдгээрт шилжих журам"-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Улаанбадрах, Эрдэнэ, Хөвсгөл, Сайншанд, Замын-үүд сумын нутгийг бүхэлд нь хорио цээрийн онцгой бүсэд, тус аймгийн бусад нутгийг хорио цээрийн хязгаарлалтын бүсэд хамруулан иргэний хамгаалалтын бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Дархан-уул, Орхон, Булган аймгийн нутгийн захиргааны болон хууль хамгаалах бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хамгаалалтын албадыг иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт тус тус 2000 оны 4 дүгээр сарын 30-наас эхлэн шилжүүлсүгэй.

2.Дорноговь аймгийн Засаг дарга Л.Ишдоржид даалгах нь:

а/иргэний хамгаалалтын штаб, мэргэжлийн ангиуд, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг зохих журам, удирдамжийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж А010 өвчний тархалтаас сэргийлэх, голомтыг устгах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсүгэй;

б/бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд иргэдийн зорчилт, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, малын шилжилт, хөдөлгөөнийг зогсоон журамлах арга хэмжээ авсугай.

3.Дорнод, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Дархан-уул, Орхон, Булган аймгийн Засаг дарга нарт даалгах нь:

а/нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хамгаалалтын үйл ажиллагааг өндөржүүлсэн бэлэн байдлын удирдамжийн дагуу зохион байгуулсугай;

б/өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд иргэд, мал сүрэг, машин техникийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, журамлах арга хэмжээ авсугай;

в/мал эмнэлгийн нарийн мэргэжлийн хөдөлгөөнт отрядуудыг бэлэн байдалд оруулж, бүх сум, баг, хот айлын малд А010 өвчний шинж байгаа эсэхийг магадлан тогтоолгох, малыг байнгын хариулга маллагаанд оруулан хот айлуудын байршлыг харгалзан ойролцоогоор 15-20 хот айл тутамд малын эмч мэргэжилтэй хүн томилон хяналт тавиулж, малчдад мэргэжлийн зөвлөгөө, зааварчилга өгүүлэх ажлыг зохион байгуулсугай.

4.Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэгт шилжсэн аймгийн Засаг дарга нарт даалгах нь:

а/малын гоц халдварт А010 өвчний халдвар, тархалтаас сэргийлэх, голомтыг устгах, түүнчлэн иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэгт шилжсэн тухай мэдээллийг нийтэд хүргэн ойлгуулах, таниулах арга хэмжээ авсугай;

б/А010 өвчний шинж тэмдэг, тархалт, халдвар хамгаалал, авч байгаа арга хэмжээний талаархи цагийн байдлыг зохих журмын дагуу Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам, Улсын иргэний хамгаалалтын газарт мэдээлж байсугай.

в/энэ тогтоолын 3 дугаар зүйлийн "в"-д заасны дагуу хэсэгчлэн хяналтад оруулсан хот айлын малд өвчний сэжиг илэрсэн тохиолдолд түүнийг хорио цээрийн арга хэмжээнд яаралтай оруулж, энэ талаар мэдээлэх, халдвар тархахаас хамгаалсан иж бүрэн арга хэмжээ авч байсугай.

5.Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэнд даалгах нь:

а/малын гоц халдварт өвчний тархалтын хүрээг бүрэн тогтоож, хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлэх бүс нутгуудын заагийг 2000 оны 5 дугаар сарын 5-ны дотор багтаан тодорхойлох арга хэмжээ авсугай;

б/гоц халдварт өвчний халдварын эх булаг, дамжсан зам, түүний үүсгэгчийн төрөл, хэвшил, онцлогийг шинжлэн тогтоож, тэмцэх арга хэмжээний үндэслэлийг боловсруулан хэрэгжүүлсүгэй;

в/хорио цээр, хязгаарлалт тогтоосон бүсүүдэд орох, гарах гол зам, гүүрүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг байгуулж байнгын ажиллагаанд оруулсугай;

г/өвчний халдварын голомтыг устгах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсүгэй;

д/Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг газар дээр нь хариуцан зохион байгуулах мэргэжлийн алба, мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг шуурхай хангуулж, халдварын бүс нутагт оруулж ажиллуулах арга хэмжээ авсугай;

е/иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бүс нутгуудад А010 өвчнөөс урьдчилан сэргийлэх, уг өвчинтэй тэмцэх мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн арга хэмжээний талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулах, гарын авлага, мэргэжил, арга зүйн удирдлага, заавар зөвлөмжөөр бүрэн хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд шуурхай мэдээлэх арга хэмжээ авч байсугай;

ж/гоц халдварт өвчний голомт, хорио цээр, хязгаарлалтын бүсэд мөрдөн ажиллавал зохих дүрэм, журам, ариун цэврийн дэглэм, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт тавьж байсугай.

6.Малын гоц халдварт А010 өвчний үүсгэгчийн гарал, үүсэл, ийлдсийн хэвшлийг тогтоох, оношилгооны цомог олж нийлүүлэх, эмгэгт материалын дээж явуулж шинжлүүлэх асуудлаар холбогдох орон, олон улсын байгууллагад хандахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Гадаад харилцааны сайд Н.Туяа нарт үүрэг болгосугай.

7.Хорио цээрийн онцгой болон хязгаарлалтын бүс тогтоосон нутаг дэвсгэрийг цэрэгжүүлсэн харуул хамгаалалттай болгохыг Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндоржид даалгасугай.

8.Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улс хоорондын ачааны болон олон улсын суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг хорио цээр, ариун цэврийн дэглэмийг сахиулан технологийн горимын дагуу зохицуулах арга хэмжээ авч ажиллахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү, Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга Р.Раш нарт даалгасугай. /2000 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 70 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./.

9.Улс хоорондын ачааны болон олон улсын суудлын галт тэрэгнээс бусад Дорноговь аймгийн нутгаар дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2000 оны 4 дүгээр сарын 30-наас эхлэн зогсоохыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүүд үүрэг болгосугай. /2000 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 70 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./.

10.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлийн дагуу иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн аймгуудад хорио цээр, хязгаарлалт, халдвар хамгааллын арга хэмжээг иргэний хамгаалалтын төлөвлөгөө, тэдгээрийн тодотголын дагуу шуурхай зохион байгуулахыг Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж, Улсын иргэний хамгаалалтын газрын дарга Д.Рэнцэнханд нарт даалгасугай.

11.Малын гоц халдварт А010 өвчний тархалтаас сэргийлэх, голомтыг устгах арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эхний ээлжинд 148,6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй.

12.Хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдон гарах нэмэлт зардлын тооцоо, үндэслэлийг тухай бүр гарган зохих журмын дагуу шийдвэрлүүлж байхыг Сангийн сайд Я.Очирсүх, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж нарт даалгасугай.

13.А010 өвчний тухай мэдээг нэгтгэн Засгийн газарт өдөр тутам танилцуулж байхыг Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн нарт даалгасугай.

14.Хорио цээр, хязгаарлалт тогтоосон бүс нутагт мэргэжлийн баг томилон ажиллуулж, хүний эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээг сайжруулах, малаас өвчний халдвар авахаас урьдчилан сэргийлэх, эм, бэлдмэлийн хангамжийг нэмэгдүүлэх, хүн амыг мэргэжлийн зөвлөмж, мэдээллээр хангах арга хэмжээ авахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонинд үүрэг болгосугай.

15.Цагдаагийн ерөнхий газрын дарга Ч.Амарболдод даалгах нь:

а/хорио цээрийн онцгой болон хязгаарлалт тогтоосон бүс нутгаас автомашин, мотоцикль, явган болон ердийн хөсгөөр зорчих бүх төрлийн хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээг 2000 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 00 цагаас эхлэн хэрэгжүүлсүгэй;

б/хорио цээр, хязгаарлалт тогтоосон бүс нутагт нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ

Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ

/2000 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 70 дугаар тогтоолын өөрчлөлтийг тусгав./