A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2001 оны 6 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 118

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГҮҮДЭД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэг, "Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэг, тэдгээрт шилжих журам"-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан 2001 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Шаамар, Ерөө, Жавхлант, Дархан-Уул аймгийн Орхон сумын нутгийн захиргааны болон хууль хяналтын бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хамгаалалтын албадыг иргэний хамгаалалтын бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, эдгээр сумдад хорио цээрийн онцгой дэглэм тогтоосугай.

2. Малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Сүхбаатар, Алтанбулаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутгийн захиргааны болон хууль хяналтын бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хамгаалалтын албадыг иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, эдгээр сумдад хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтоосугай.

3. "Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэх тухай" Засгийн газрын 2001 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 111 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлд заасан арга хэмжээг иж бүрнээр авч хэрэгжүүлэхийг Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Засаг дарга Р.Нямсүрэн, Д.Хаянхярваа нарт даалгасугай.

4. Онцгой болон хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд байгаа сумд, түүнчлэн шаардлагатай бусад сумын мал, гэрийн тэжээмэл амьтанд ойрын үед үзлэг тандалт хийж, вакцинжуулах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Засаг дарга нарт, хорио цээрийн онцгой болон хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт харуул хамгаалалт, хяналтын цэгүүдийг зохих шаардлагын дагуу байгуулан ажиллуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаа нарт тус тус даалгасугай.

5. Голомтын байршил, цагийн байдалтай холбогдуулан төмөр замын болон авто тээврийн хэрэгсэл, зорчигчдын хөдөлгөөнийг тухай бүр зохицуулж байхыг Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаа, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт даалгасугай.

6. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгах нь:

а/малын гоц халдварт өвчний тархалтын хүрээг бүрэн тогтоож, хорио цээрийн онцгой болон хязгаарлалтын дэглэмийг мөрдүүлэх арга хэмжээ авсугай;

б/гоц халдварт өвчний халдварын эх булаг, түүний үүсгэгчийн төрөл, хэвшил, онцлогийг шинжлэн тогтоож, тэмцэх арга хэмжээг оновчтойгоор сонгон хэрэгжүүлсүгэй;

в/өвчний халдварын голомтыг устгах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсүгэй;

г/Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг газар дээр нь хариуцан зохион байгуулах мэргэжлийн алба, мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг шуурхай хангуулж, халдварын бүс нутагт оруулж ажиллуулах арга хэмжээ авсугай;

д/иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлсэн бүсэд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, уг өвчинтэй тэмцэх мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн арга хэмжээний талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулах, гарын авлага, мэргэжил, арга зүйн удирдлага, заавар, зөвлөмжөөр бүрэн хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд шуурхай мэдээлэх арга хэмжээ авч байсугай;

е/малын гоц халдварт өвчний голомтод байсан болон өвчин гарсан бүх бүс дэх өвчлөмтгий мал, гэрийн тэжээмэл амьтан, мах, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг өөр аймаг, сумын нутагт оруулах, тэдгээрээс гаргах асуудлыг олон улсад мөрдөж байгаа дүрэм, журам, шаардлагын дагуу зохицуулж байсугай.

7. Гоц халдварт өвчний голомт, хорио цээрийн онцгой болон хязгаарлалтын бүсэд мөрдөн ажиллавал зохих дүрэм, журам, ариун цэврийн дэглэм, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Улсын иргэний хамгаалалтын газрын дарга О.Үржин нарт даалгасугай.

8. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тухай ОХУ-ын зохих байгууллагад мэдээлж, хамтран ажиллах арга хэмжээ авахыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт үүрэг болгосугай.

9. Малын гоц халдварт өвчний цагийн байдлын тухай мэдээг Засгийн газарт зохих журмын дагуу танилцуулж байхыг Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаад даалгасугай. /Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн 149 дугаар тогтоолоор дээрх зүйл, заалтуудыг хүчингүй болсон./

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА