Хэвлэх DOC Татаж авах
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2001 оны 5 дугаар сарын 2-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 104



Иргэний нисэхийн нислэгийн аюулгүй байдлыг хангах, төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэлд иргэний нисэхийн талаар тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Иргэний нисэхийн салбарт явуулах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхдээ ажлын зохион байгуулалт, дэг журмыг бэхжүүлж ажилтнуудын мэргэжлийн чадварыг дээшлүүлэхэд анхааран дотоодын хяналтыг эрс чангатгахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд үүрэг болгосугай.


2. Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдорж нарт даалгасугай:


а/хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа, үйлчилгээг нь сайжруулах нөхцөлтэйгээр олон улсын уралдаант шалгаруулалтын аргаар “МИАТ” компанийг хувьчлах, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, өөрийн нислэгийн баазыг бий болгож түүнийгээ ашиглан олон улсын дамжин өнгөрөх тээвэрлэлт зохион байгуулах сонирхолтой нэр хүнд бүхий гадаадын нисэх компанийг татан оролцуулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах;


б/үйл ажиллагааны чиглэлийн онцлогийг харгалзан одоогоор ашиглаж байгаа Ан-2, Ан-24, Ан-26 онгоц, Ми-8 нисдэг тэргийг эхний ээлжинд түрээслүүлж, ашиглагдахгүй байгааг нь хууль тогтоомжийн дагуу худалдаж борлуулах;


в/”МИАТ” компанийн үйл ажиллагааг нислэгийн аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтийн ажлын технологийг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлж, иргэний нисэхийн салбарт өмчийн олон хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор газрын үйлчилгээ, шатахуун болон зорчигчдын хоол хүнсний хангалт зэрэг нийтлэг үйлчилгээг зах зээлийн харилцаанд нийцүүлэн зохион байгуулах.


3. Агаарын хөлгийн паркийг шинэчлэх болон орон нутгийн нисэх буудлуудын хучилттай зурвас, Улаанбаатарт олон улсын нөөц аэродром барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн талаархи санал боловсруулж 2001 оны Ш улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт үүрэг болгосугай.


4. Улсын агаарын хөлөг /тусгай зориулалттай/-ийг иргэний нисэхийн зориулалтаар ашиглахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих зөвшөөрөл авч байх нь зүйтэй гэж үзсүгэй.


5. Төв, орон нутгийн нисэх буудлуудын аэродромын аюулгүйн бүсэд тавигдах шаардлагыг хангаж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга М.Дагва, аймаг, нийслэл болон холбогдох сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД