Хэвлэх DOC Татаж авах
ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГҮҮДЭД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГҮҮДЭД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ


2001 оны 2 дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 31



Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн З, 6 дахь хэсэг, Засгийн газрын 1994 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан “Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэг, тэдгээрт шилжих журам”-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:



1. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт олон улсын “А” жагсаалтын малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан эдгээр аймгийн нутгийн захиргааны болон холбогдох бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хамгаалалтын албадыг иргэний хамгаалалтын бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2001 оны 2 дугаар сарын 11-нээс эхлэн шилжүүлж, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Баруун-Урт, Сүхбаатар, Дарьганга, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Хэрлэн, Булган, Баянтүмэн, Чойбалсан, Матад сумын нутаг дэвсгэрт бүхэлд нь хорио цээрийн онцгой дэглэм, эдгээр аймгийн бусад сумын нутаг дэвсгэрт хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтоосугай.


/Энэ зүйлийн “Хөлөнбуйр, Хэрлэн, Булган, Баянтүмэн, Чойбалсан, Матад” гэсэн хэсгийг 2001 оны 32-р тогтоолоор хассан, мөн 2001 оны 33-р тогтоолоор 1-р зүйлийг хүчингүй болсонд тооцсон/



2. Сүхбаатар, Дорнод аймгийн зарим сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан Хэнтий, Дорноговь аймгийн нутгийн захиргааны болон холбогдох бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хамгаалалтын албадыг иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй.


3. Сүхбаатар, Дорнод аймгийн Засаг дарга Т.Дашсүрэн, Д.Одбаяр нарт даалгах нь:


а/иргэний хамгаалалтын штаб, мэргэжлийн ангиуд, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг зохих журам, удирдамжийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, малын гоц халдварт өвчний халдварын голомт, тархалтыг тогтоох, устгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсүгэй;


б/хорио цээрийн онцгой дэглэм тогтоосон хугацаанд иргэдийн зорчилт, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, малын шилжилт, хөдөлгөөнийг зогсоон журамлах арга хэмжээ авсугай.


4. Хэнтий, Дорноговь аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар, Ж.Батсуурь нарт даалгах нь:


а/нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хамгаалалтын албадын үйл ажиллагааг өндөржүүлсэн бэлэн байдлын удирдамжийн дагуу зохион байгуулсугай;


б/өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд иргэд, мал сүрэг, машин техникийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлан журамлах арга хэмжээ авсугай;


в/мал эмнэлгийн нарийн мэргэжлийн хөдөлгөөнт отрядуудыг бэлэн байдалд оруулж, бүх сум, баг, хот айлын малд гоц халдварт өвчний шинж байгаа эсэхийг магадлан тогтоолгох, малыг байнгын хариулга маллагаанд оруулж, хот айлуудын байршлыг харгалзан 15-20 хот айл тутамд малын эмч мэргэжилтэй хүн томилон хяналт тавиулж, малчдад мэргэжлийн зөвлөгөө, зааварчилга өгүүлэх ажлыг зохион байгуулсугай.


5. Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн Засаг дарга нарт даалгах нь:


а/малын гоц халдварт өвчний халдвар, тархалтаас сэргийлэх, голомтыг устгах, түүнчлэн иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэгт шилжсэн тухай мэдээллийг нийтэд хүргэн ойлгуулах, таниулах арга хэмжээ авсугай;


б/малын гоц халдварт өвчний шинж тэмдэг, тархалт, халдвар хамгаалал, авч байгаа арга хэмжээний талаархи цагийн байдлыг зохих журмын дагуу Улсын иргэний хамгаалалтын газарт мэдээлж байсугай;


в/энэ тогтоолын 4 дүгээр зүйлийн “в”-д заасны дагуу хэсэгчлэн хяналтад оруулсан хот айлын малд өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тэдгээрийг хорио цээрийн арга хэмжээнд яаралтай оруулж, энэ талаар мэдээлэх, халдвар тархахаас хамгаалсан иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байсугай;


г/хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт орох, гарах гол зам, гүүрүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, шалган нэвтрүүлэх цэг байгуулж байнгын ажиллагаанд оруулсугай.


6. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгах нь:


а/малын гоц халдварт өвчний халдварын тархалтын хүрээг бүрэн тодорхойлж, хорио цээр, хязгаарлалтын бүс нутгуудын заагийг 2001 оны 2 дугаар сарын 22-ны дотор багтаан тогтоох арга хэмжээ авсугай;


б/малын гоц халдварт өвчний халдварын эх булаг, дамжсан зам, түүний үүсгэгчийн хэвшил, онцлогийг шинжлэн тогтоож, түүнтэй тэмцэх арга хэмжээний үндэслэлийг боловсруулан хэрэгжүүлсүгэй;


в/малын гоц халдварт өвчний халдварын голомтыг устгах арга хэмжээг шуурхай авсугай;


г/Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг газар дээр нь хариуцан зохион байгуулах мэргэжлийн алба, мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг хангуулж, халдварын бүс нутагт оруулж ажиллуулах шуурхай арга хэмжээ авсугай;


д/иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, уг өвчинтэй тэмцэх мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн арга хэмжээний талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулах, гарын авлага, мэргэжил, арга зүйн удирдлага, заавар зөвлөмжөөр хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд шуурхай мэдээлэх арга хэмжээ авч байсугай.


7. Малын гоц халдварт өвчний халдварын голомт, хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт мөрдөж ажиллавал зохих дүрэм, журам, ариун цэврийн горим, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт тавьж ажиллах, усны эх булгийг ариутган халдваргүйжүүлэх арга хэмжээ авахыг Хээрийн штабын дарга, Улсын иргэний хамгаалалтын газрын дэд дарга, хурандаа Ё.Цэрэндаваа, Улсын иргэний хамгаалалтын газрын штабын орлогч дарга, хурандаа О.Намхай нарт даалгасугай.


8. Малын гоц халдварт өвчний үүсгэгчийн гарал, үүсэл, ийлдсийн хэвшлийг тогтоох, оношилгооны цомог олж нийлүүлэх, эмгэгт материалын дээж явуулж шинжлүүлэх асуудлаар холбогдох улс, олон улсын байгууллагад хандахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун нарт үүрэг болгосугай.


9. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгах нь:


а/хорио цээрийн онцгой болон хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт хэв журам сахиулах хүч хэрэгслийг гарган ажиллуулсугай;


б/хорио цээрийн онцгой болон хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрээс автомашин, мотоцикл, явган болон ердийн хөсгөөр зорчих бүх төрлийн хөдөлгөөнийг зогсоох, хязгаарлах арга хэмжээг 2001 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 00 цагаас эхлэн хэрэгжүүлсүгэй.


10. Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаад даалгах нь:


а/энэ тогтоолын 1, 2 дугаар зүйлийн дагуу иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлсэн аймгуудад хорио цээр, хязгаарлалт, халдвар хамгааллын арга хэмжээг иргэний хамгаалалтын төлөвлөгөө, тэдгээрийн тодотголын дагуу шуурхай зохион байгуулсугай;


б/малын гоц халдварт өвчний халдварын голомтууд дахь халдварын эх булаг болж буй өвчилсөн болон үхсэн малын сэг, зэмийг зохих журмын дагуу устгах ажлыг шуурхай зохион байгуулсугай;


в/малын гоц халдварт өвчний цагийн байдалтай холбогдсон мэдээ, мэдээллийг нэгтгэн Засгийн газарт өдөр тутам танилцуулж байсугай;


г/хорио цээрийн онцгой болон хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт ажиллаж байгаа хүмүүсийг орон байр, хүнс, хоол зэрэг нэн шаардлагатай зүйлсээр хангах арга хэмжээг холбогдох яам, газар, нутгийн захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэх, хүн, малд шаардлагатай эм, тариа, биобэлдмэлийг хүргэх ажлыг шуурхай зохицуулж байсугай;


д/хорио цээрийн онцгой дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл, зорчигчдыг нэвтрүүлэх асуудлыг зохих хууль тогтоомж, журмыг чанд сахиулах үндсэн дээр шуурхай зохицуулан шийдвэрлэж байсугай. /ЗГ-ын 2001 оны 77-р тогтоолоор хүчингүй болгосон/



11. Малын гоц халдварт өвчний халдварын тархалтаас сэргийлэх, голомтыг устгах арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эхний ээлжинд 350,0 /гурван зуун тавин/ сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж Улсын байнгын онцгой комиссын мэдэлд шилжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд, энэ хөрөнгийг зориулалтын дагуу зохистой ашиглахыг Улсын байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаад тус тус үүрэг болгосугай.


12. Хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдон гарах нэмэлт зардлын тооцоо, үндэслэлийг тухай бүр гарган зохих журмын дагуу шийдвэрлүүлж байхын хамтаар өвчилсний улмаас устгагдсан малын нөхөн төлбөрийн асуудлыг хорио цээрийн хугацааг цуцалснаас хойш 1 сарын дотор багтаан холбогдох акт, баримт бичгийг үндэслэн шийдвэрлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа нарт даалгасугай.


13. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт хүний эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээг сайжруулах, малаас өвчний халдвар авахаас урьдчилан сэргийлэх, эм, бэлдмэлийн хангамжийг нэмэгдүүлэх, хүн амыг мэргэжлийн зөвлөмж, мэдээллээр хангах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваад үүрэг болгосугай.


14. Улсын хил нэвтэрсэн малыг буцааж оруулах үед мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд оруулж, 21-ээс доошгүй хоног хорио цээрийн хяналтад байлгах, халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй нөхцөлд эздэд нь шилжүүлэн өгдөг журам тогтоож хэрэгжүүлэхийг Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт даалгасугай.


15. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан Дорнод аймгийн Баянхошуу, Хавирга, Сүхбаатар аймгийн Бичигтийн хилийн боомтоор гаргах экспортын зориулалттай мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийг зохих стандарт, шаардлагын дагуу ариутган халдваргүйжүүлэлт хийж, хил нэвтрүүлж байх асуудлыг БНХАУ-ын холбогдох байгууллагад тавьж шийдвэрлэхийг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуунд үүрэг болгосугай.


16. Зүүн бүсийн аймгуудад салаа турайт ан амьтдад гоц халдварт өвчний халдварын тандалт хийж, дүгнэлт гаргахыг Байгаль орчны сайд У.Барсболдод даалгасугай. /ЗГ-ын 2001 оны 77-р тогтоолоор хүчингүй болгосон/ 



 


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА