A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2007 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 129

Засгийн газрын тухай хуулийн 7.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6.7-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Иргэний бүртгэл, мэдээллийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор 2007 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сумдад иргэний бүртгэл хариуцсан 158 ажилтныг нэмж ажиллуулахад шаардагдах 189.789.600 (нэг зуун наян есөн сая долоон зуун наян есөн мянга зургаан зуун) төгрөгийг иргэний бүртгэл, мэдээллийн байгууллагын 2006 оны үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлж, цаашид жил бүрийн төсөвт тусгаж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Сангийн сайд Н.Баяртсайхан, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

2. Сумдад иргэний бүртгэл хариуцан ажиллах орон тооны ажилтныг ажлын байр, шаардлагатай техник хэрэгслээр ханган, цаашид иргэний бүртгэл хариуцсан орон тооны ажилтныг сум, хороо бүрт ажиллуулах зардлыг нь орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Иргэний бүртгэл, мэдээлэл, шилжилт хөдөлгөөний асуудлыг цэгцлэх зорилгоор "Иргэний бүртгэлийн улсын үзлэг"-ийг Үндэсний статистикийн газраас гаргасан аргачилалд үндэслэн 2007 оны эхний хагаст багтаан явуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Иргэний бүртгэлийн улсын үзлэг явуулахад шаардагдах 61.154.300 (жаран нэгэн сая нэг зуун тавин дөрвөн мянга гурван зуун) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Сангийн сайд Хууль зүй, дотоод хэргийн сайд
М.ЭНХБОЛД Н.БАЯРТСАЙХАН Д.ОДБАЯР