Хэвлэх DOC Татаж авах
ИРГЭНД ХИШИГ, ХУВЬ ХҮРТЭЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ИРГЭНД ХИШИГ, ХУВЬ ХҮРТЭЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 347



Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.1, 17.4, Хүний хөгжил сангийн 2011 оны Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, Улсын Их Хурлын 2010 оны 67 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. "Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.


(Хавсралтад 2011-08-31-ний 264, 2012-03-28-ны 96-р  тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)


2. Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”-ын 3.3, 3.4.2 -ыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:


“3.3. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг Сангийн яамны Төрийн сангийн газар хянан үзээд бэлэн мөнгөөр хүртэх хишиг, хувийн санхүүжилтийг аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хүний хөгжлийн сангаас иргэнд хишиг, хувь хүртээх санхүүжилтийн дансанд, сургалтын төлбөр хэлбэрээр хүртэх хишиг, хувийн санхүүжилтийг Сургалтын төрийн сангийн дансанд, эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хүртэх хишиг, хувийн санхүүжилтийг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд Монголбанк дахь Хүний хөгжил сангийн данснаас тус тус шилжүүлнэ.”


“3.4.2. иргэн бэлэн бус (сургалтын төлбөр болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл гэх мэт)-аар хишиг, хувь хүртэхээр сонголт хийсэн бол иргэн бүрийн “Хүний хөгжил сан” дэвтэрт бичилт хийж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын дансанд мөнгийг шилжүүлнэ.”


3. Дараахь арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай:


а) Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээх ажлыг зохион байгуулахтай холбогдуулан уг ажлыг дуусталхи хугацаанд санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 5 ажилтан, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 5 ажилтан, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад 6 ажилтан, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн шинээр байгуулагдсан хороодод 11 ажилтан, аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 60 гэрээт ажилтныг нэмж ажиллуулах, шинээр нэмэгдэж байгаа ажилтнуудын цалин хөлсний зардал болон зайлшгүй шаардлагатай зарим техник хэрэгсэл худалдан авахад зориулж 538.3 (таван зуун гучин найман сая гурван зуун мянган) сая төгрөг, 2011 онд иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбоотой асуудлаар нийгмийн ажилтнуудын сургалт зохион байгуулах, хууль тогтоомж сурталчлахад зориулж 60.0 (жаран) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, цаашид улсын төсөвт тусган шийдвэрлүүлэх;


б) Хүний хөгжил сангаас 2010 онд хуваарилагдсан хишиг, хувиа тухайн ондоо багтаан аваагүй иргэдийн хишиг, хувийг 2011 онд саадгүй нөхөн олгож, холбогдон гарах зардлыг Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлүүлэх.


4. Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээх ажлыг зохион байгуулахад улсын бүртгэлийн болон нийгмийн халамжийн байгууллагад бүх талын дэмжлэг үзүүлж, шаардлагатай тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд хүний нөөц, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


5. Иргэний шинэчилсэн бүртгэлд Монгол Улсын иргэнийг бүртгэх, Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээх ажлын дүнг 2012 оны 2 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.



6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны орон тооны хязгаарыг “60” гэж тогтоосныг “65” гэж, “Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай” Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд Сангийн яамны орон тооны хязгаарыг “136” гэж тогтоосныг “141” гэж тус тус өөрчлөн, “Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 3 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай


. /Энэ зүйлийг ЗГ-ын 2012-8-29-ний 14-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/    


Монгол Улсын Ерөнхий сайд                                      С.БАТБОЛД 


   Нийгмийн хамгаалал, 


   хөдөлмөрийн сайд                                                       Т.ГАНДИ