Хэвлэх DOC Татаж авах
ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛЛСЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2008 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 5



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Хүн амын өрхийн болон хаягийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтыг шинэчлэн гаргаж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг бүх шатны Засаг дарга нарт, эдгээр жагсаалтыг 2008 оны 3 дугаар сарын 1-ний дотор Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд ирүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.


2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхэд шаардагдах техник хэрэгсэл, программ хангамж худалдан авах, сургалт, сурталчилгаа явуулах, хороодод нэмж ажиллуулах 163 гэрээт ажилтны урамшуулалд зарцуулах 540, 227. 605 (таван зуун дөчин сая хоёр зуун хорин долоон мянга зургаан зуун таван) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.


3. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр албан бус хаяг (задгай)-т оршин суугаа өрхийг хаягжуулах ажлыг батлагдсан төсөвтөө багтаан 2008 оны 2 дугаар сарын 20-ны дотор зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, уг ажлыг зохион байгуулах аргачлал боловсруулж мөрдүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболд нарт тус тус даалгасугай.


4. Хүн амын өрхийн болон хаягийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтыг гаргах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, иргэний бүртгэлтэй холбоотой хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж 2008 оны 1 дүгээр сард Засгийн газарт оруулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                           С.БАЯР


Сангийн сайд                                                                                                     Ч.УЛААН


Хууль зүй, дотоод


хэргийн сайд                                                                                                     Ц.МӨНХ-ОРГИЛ