A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 3

Улаанбаатар хот

ИРГЭНД ХИШИГ, ХУВЬ ХҮРТЭЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.1, 15.3, 17.4, Улсын Их Хурлын 2009 оны 85 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам"-ыг 1 дүгээр, "Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталж, "Хүний хөгжил сан" дэвтрийн загварыг 3 дугаар хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.

(ЗГ-ын 2010-12-29-ний 347-р тогтоолоор 2-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсон. ЗГ-ын 2012-9-29-ний 71-р тогтоолоор 1-р хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон).

2. Иргэний бүртгэлийн тухай хууль тогтоомжийн зөрчилгүй иргэнд Хүний хөгжил сангаас хишиг, хувь үе шаттай хүртээх ажлыг 2010 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.

3. 2010 онд Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийг 2 хуваан олгож, үүнээс эхний ээлжийн 70.0 (далан) мянган төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс, үлдэх хэсгийг 2010 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн сар бүр тэнцүү хэмжээгээр хуваан олгох ажлыг зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид, уг арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод тус тус даалгасугай. (3 дугаар зүйлийг 2010-07-20-ны өдрийн 193-ртогтоолоор өөрчлөн найруулсан)

4. Дараахь арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай:

а) иргэний шинэчилсэн бүртгэл явуулах үйл ажиллагааны нэмэлт зардалд 1,773.0 (нэг тэрбум долоон зуун далан гурван сая) сая төгрөг, Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээх бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагааны зардалд 236.0 (хоёр зуун гучин зургаан сая) сая төгрөгийг тус тус Засгийн газрын нөөц сангаас гаргаж, цаашид Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулах;

б) иргэн бүрт олгох "Хүний хөгжил сан" дэвтэр болон маягт хэвлүүлэх зардалд зориулан 1,150.0 (нэг тэрбум нэг зуун тавин сая) сая төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр улсын төсвөөс санхүүжүүлж дэвтрийн үнийг иргэдээс хураан авч улсын төсөвт төвлөрүүлэх.

5. "Хүний хөгжил сан" дэвтрийн үнэ болон нийлүүлэх хугацааг харгалзан дэвтэр, маягт хэвлэх ажлын гүйцэтгэгчийг шууд гэрээ байгуулах аргаар сонгон шалгаруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй.

6. Улсын Их Хурлын 2009 оны 100 дугаар тогтоолд заасны дагуу иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 оны 10 дугаар сард багтаан явуулах зорилгоор шинэчилсэн бүртгэл явуулах бэлтгэлийг хангах зөвлөх үйлчилгээ, программ хангамж, тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг шууд гэрээ байгуулах аргаар сонгон шалгаруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарт зөвшөөрсүгэй.

7. Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 онд явуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт, цаашид шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн талаар мэдээлэлд орсон өөрчлөлтийг сар бүр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлж байхыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарт, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэнд хишиг, хувийг 2010 онд багтаан хүртээж дуусгахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт тус тус үүрэг болгосугай.

8. Иргэний шинэчилсэн бүртгэлд Монгол Улсын иргэнийг бүртгэх, Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээх ажлыг зохион байгуулахад улсын бүртгэл болон нийгмийн халамжийн байгууллагад бүх талын дэмжлэг үзүүлж, бүрэн эрхийнхээ хүрээнд шаардлагатай хүний нөөц, хөрөнгө гарган ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

9. Иргэний шинэчилсэн бүртгэлд Монгол Улсын иргэнийг бүртгэх, Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээх ажлын дүнг 2011 оны 2 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ