Хэвлэх DOC Татаж авах
КОМИССЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ /Монголын ховор амьтныг хамгаалах үндэсний комисс/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

КОМИССЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ /Монголын ховор амьтныг хамгаалах үндэсний комисс/


1994 оны 10 дугаар сарын 12-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 176



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1."Тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах үндэсний комисс"-ын үүргийг өргөтгөж тахийг уугуул нутагт нь нутагшуулахаас гадна нэн ховор болон ховордож болзошгүй бусад ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх асуудлыг нэмж хариуцуулан тус комиссыг "Монголын ховор амьтныг хамгаалах үндэсний комисс" болгон өөрчлөн зохион байгуулж, комиссын даргаар нь Байгаль орчны сайдыг томилсугай. /Засгийн газрын 1996 оны 238 дугаар тогтоолоор 1 дэх хэсэг хүчингүй болсонд тооцсон/


2.Монголын ховор амьтныг хамгаалах үндэсний комисс /З.БАТЖАРГАЛ/-т даалгах нь:


а/эрдэм шинжилгээний болон олон нийтийн холбогдох байгууллага, их, дээд сургуультай тохиролцсоны үндсэн дээр эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан комиссын бүрэлдэхүүнийг 1994 оны 11 дүгээр сард багтаан баталж ажиллуулсугай;


б/өөрийн орны хийгээд гадаад орон, олон улсын ивээн тэтгэгч байгууллага, хүмүүстэй хамтын ажиллагааг өргөтгөх үндсэн дээр нэн ховор болон ховордож болзошгүй ан амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэхэд зориулан хөрөнгийн эх үүсвэр бий болгох, уг хөрөнгийг үр ашигтай зарцуулах арга хэмжээ авч ажилласугай.


3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 1991 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 24 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Байгаль орчны сайд З.БАТЖАРГАЛ