Хэвлэх DOC Татаж авах
КУВЕЙТЫН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

КУВЕЙТЫН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ


1998 оны 2 дугаар сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 26



Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сантай Монгол Улс цаашид хамтран ажиллах асуудлыг цэгцтэй болгох үүднээс Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангаас цаашид зээл авч, улс орны дэд бүтцийг хөгжүүлэхэд нөлөөлөх зарим чухал төслийг санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.


2.Говь-алтай аймагт баригдах Улаанбоомын усан цахилгаан станцын нарийвчилсан зураг боловсруулах, улмаар уг станцыг барьж байгуулахад шаардагдах хөрөнгө болон Замын-үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид шаардагдах хөрөнгийн дутагдаж буй хэсгийг Кувейтын сангаас зээлийн хэлбэрээр авах асуудлыг тэдний талд албан ёсоор тавьж шийдүүлэхийг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, Сангийн сайд П.Цагаан нарт даалгасугай.


З.Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Кувейтын сангаас банкны зээл авах эсэх асуудлыг судалж, асуудал боловсруулан энэ оны эхний хагаст багтаан Засгийн газарт оруулахыг Сангийн сайд П.Цагаанд үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН


Гадаад харилцааны сайд Ш.АЛТАНГЭРЭЛ