A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

КИНО УРЛАГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 65

Кино урлагийг нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэх, зах зээлийн харилцаанд шилжих эхний шатанд кино үзвэрийн үйлчилгээг сайжруулах, ялангуяа хөдөөгийн хүн амд хүргэх ажилд төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Соёлын сайд Н.Энхбаярт даалгах нь:

а)баримтат кино, кино мэдээ, хүүхдэд зориулсан хүмүүжлийн онцгой ач холбогдолтой тодорхой тооны уран сайхны киног жил бүр улсын захиалгад оруулан бүтээлгэж байсугай;

б)уран бүтээлчдээс жил бүр тодорхой тооны уран сайхны кино худалдан авч орон нутгийн үзвэрийн газруудад хөнгөлөлттэй үнээр худалдах, орон нутгийн кино үзвэрийн газраас захиалж байгаа бусад киног хугацаа тохиролцон түрээслэх (прокат) замаар хөдөөгийн хүн амыг кино урлагаар үйлчлэх арга хэмжээ авсугай;

в)төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан кино театруудтай тохиролцсоны үндсэн дээр тэдний орлогоос тодорхой хувийг авч кино бүтээлгэх ажлыг санхүүжүүлэхэд зориулан үр дүнтэй ашиглах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласугай;

г)өмчийн бүх төрөлд хамаарах аж ахуйн нэгж, байгууллага, уран бүтээлчдийн бүтээсэн киног кино, телевизийн дэлгэцнээ гаргахын өмнө тус улсын хууль тогтоомжоор хориглосон аливаа сурталчилгаа хийгдээгүй байх, түүнчлэн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, ёс суртахуун, уран сайхны шаардлагыг хангасан байх талаас нь зохих журмын дагуу хяналт тавьж байсугай;

д)аж ахуйн нэгж, байгууллагын кино, видео урлагийн үйлчилгээ явуулах, киног гадаад, дотоодын зах зээлд борлуулах, худалдан авах, гадаад орнуудтай хамтран кино хийх, гадаадын байгууллага, хүмүүсээс манайд ирж дэлгэцийн болон видео кино хийхэд мөрдөх журмыг зохих байгууллагуудтай тохиролцон 1994 оны П улиралд багтаан гаргаж мөрдүүлсүгэй;

е)киноны хальс боловсруулахад хэрэглэсэн хор болон актлагдсан хальснаас ялгаруулан авсан цагаан мөнгийг Монголбанкнаас тогтоосон тухайн үеийн үнээр борлуулж, олсон орлогоо кино бүтээх, олшруулахад шаардагдах техник хэрэгсэл, сэлбэг, материал худалдан авахад ашиглаж байсугай.

2.Баримтат кино студийг Соёлын яамны харьяанд байгуулж түүний бүтэц, зохион байгуулалт, санхүүжүлэх журмыг 1994 оны 5 дугаар сард багтаан тогтоож мөрдүүлэхийг Соёлын яам (Н.ЭНХБАЯР), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д даалгасугай. /Засгийн газрын 1997 оны 74 дүгээр тогтоолоор 2 дахь хэсэг хүчингүй болсонд тооцсон/

3.Улсын архивын хэрэг эрхлэх газрын кино, гэрэл зураг, дуу авианы архивын санг ашиглах журмыг 1994 оны эхний хагаст багтаан хамтран гаргаж мөрдүүлэхийг Хууль зүйн яам (Н.ЛУВСАНЖАВ), Соёлын яам (Н.ЭНХБАЯР), "МОНЦАМЭ" агентлаг (Ч.ЭРДЭНЭ)-т даалгасугай.

4.Улсын захиалгаар баримтат кино, кино мэдээ-сэтгүүл гаргах, хүүхэд зориулсан кино бүтээх, түүнчлэн хөдөөгийн кино үзвэрийн аж ахуйн нэгжийн урын санг баяжуулах зориулалтаар гадаад, дотоодын байгууллага, уран бүтээлчдээс уран сайхны зохих тооны кино худалдан авах, тэдгээрийг хувилж олшруулах, киног архивт хадгалахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д даалгасугай. /Засгийн газрын 1996 оны 17 дүгээр тогтоолоор 4 дэх хэсэг хүчингүй болсонд тооцсон/

5.Монгол киноны төв нэгтгэлийн техникийн шинэчлэлтийг гадаад орон, олон улсын байгууллагаас тус улсад 1994-1996 онд үзүүлэх зээл,тусламжийн хөрөнгөөр хийх асуудлыг судалж шийдвэрлэх арга хэмжээ авахыг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Соёлын яам (Н.ЭНХБАЯР)-д даалгасугай.

6.Улаанбаатар телевизийн "Өлзий" компанийн кино үйлдвэрлэх тоног төхөөрөмж, техник хэрэгслийг Баримтат кино студад балансаас балансад шилжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга (Ц.БААСАНЖАВ), Соёлын яам (Н.ЭНХБАЯР)-д, Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын захиалгын дагуу Баримтат кино студиэр телевизэд зориулсан кино үйлдвэрлүүлж байхыг Соёлын яам (Н.ЭНХБАЯР)-д тус тус даалгасугай.

7.Кино зураг авах, уран бүтээл хийх зориулалтаар ашиглаж байгаа 4,5 га талбайг газрын төлбөрөөс чөлөөлөхийг Нийслэлийн засаг дарга Ц.Баасанжавт даалгасугай.

8.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Кино уран бүтээлийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1991 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 156 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Соёлын сайд Н.ЭНХБАЯР