Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БОЛОН ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН НИЙТЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ХЭМ ХЭМЖЭЭ, ЗАРЧМЫГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

               МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2008 оны 2 дугаар                                                                                                                                                                                                                                          Улаанбаатар

сарын 28-ны өдөр                                                                                                          Дугаар 09                                                                                                                       хот

 

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БОЛОН

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН НИЙТЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН

ХЭМ ХЭМЖЭЭ, ЗАРЧМЫГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

 

Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлд зааснаар олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчим болон Монгол Улсын олон улсын гэрээ нь тус улсын эрх зүйн тогтолцооны нэг хэсэг бөгөөд Монгол Улс нь олон улсын эрх зүйн үндсэн зарчмуудын нэг болох “гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх” зарчмыг баримтлах талаар Үндсэн хуулийн мөн зүйлийн 2 дахь хэсэгт тунхаглажээ. Олон улсын гэрээ нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх гол хэрэгсэл болж, төрийн болон төрийн бус байгууллагын, тэдгээрийн дотор үндэсний эрх зүйн харилцааны субъектуудын оролцоотой олон улсын харилцааг өргөжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах салбарт анхдагч үүрэг гүйцэтгэдэг билээ. Ийм учраас олон улсын гэрээний заалтыг дотоодод хэрэгжүүлэхтэй холбоотой шүүхийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.3.-т заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ болон Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан.

“Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах” эрх нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний үндсэн эрхийн нэг тул хүний эрх, эрх чөлөөг хангах, эдлүүлэх асуудал шүүхийн шүүн таслах ажиллагааны үйлчлэлийн хүрээнд нэгэн адил хамаарна. Хүний эрх, эрх чөлөө нь хуулийн утга, агуулга, түүний хэрэглээг тодорхойлдгийн зэрэгцээ хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжиж, шүүн таслах ажиллагаагаар хангагдан хамгаалагдана. Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим гэж олон улсын эрх зүйн үндсэн агуулгыг илэрхийлэх, улс хоорондын хэвийн ажиллагааг хангахад чухал ач холбогдол бүхий хууль зүйн дээд хүчин чадалтай, улс орнуудын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг хэлнэ. Тухайлбал, хүний эрхийг бүх нийтээр хүлээн зөвшөөрч, хүндэтгэх, олон улсын үүргээ шударгаар биелүүлэх зэрэг нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимд хамаарна. Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгээс тогтоож, хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн хувьд заавал даган биелэгдэх хүчин чадалтай зан үйлийн дүрэм гэж ойлгоно.

Дээрх зарчим болон хэм хэмжээний агуулгыг Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагуудын баримт бичигт дэлгэрүүлсэн байж болно.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасны дагуу олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ нь тус улсын эрх зүйн тогтолцооны нэг хэсэг болно.

БНМАУ-аас бусад улс оронтой байгуулсан болон нэгдэн орсон олон улсын хүчин төгөлдөр гэрээ Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй бол Монгол Улсын эрх зүйн тогтолцооны нэг хэсэг байна.Олон улсын гэрээг Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Монгол Улс, Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг буюу хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах хоёр буюу олон талын бичгээр үйлдсэн тохиролцоог хэлнэ” гэж тодорхойлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газар Монгол Улсын нэрийн өмнөөс улс хоорондын, Монгол Улсын Их Хурал парламент хоорондын, Монгол Улсын Засгийн газар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн нэрийн өмнөөс Засгийн газар хоорондын, Монгол Улсын яам, агентлаг өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газрын нэрийн өмнөөс Засгийн газар хоорондын олон улсын гэрээг тус тус байгуулна.

Яам, агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, аймаг, нийслэлийн захиргааны байгууллагаас бусад улсын ижил төрлийн байгууллага, хувь хүн, хуулийн этгээдтэй өөрийн нэрийн өмнөөс байгуулсан гэрээ Олон улсын гэрээний тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй.

3.Олон улсын гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үндэсний хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж уг гэрээнд тусгайлан заагаагүй, Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй, албан ёсоор нийтлэгдсэн олон улсын гэрээний заалт Монгол Улсын нутаг дэвсгэрт шууд үйлчилнэ (өөрөө биелэгдэх шинж).

Харин гэрээний оролцогч улс орнууд энэхүү гэрээнд нэгдсэнээр өөрийн үндэсний хууль тогтоомжид холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай талаар олон улсын гэрээнд өөрт нь тусгайлан заасан бол уг гэрээний заалт Монгол Улсын нутаг дэвсгэрт шууд үйлчлэх боломжгүй юм.

Шүүх эрүүгийн хэрэг, иргэний болон захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр болсноор заавал даган мөрдөх шинжийг агуулсан, албан ёсоор нийтлэгдсэн, дотоодын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардсан заалтгүй, Үндсэн хуульд харшлаагүй, үндэсний эрх зүйн харилцааны оролцогч этгээдүүдэд шууд эрх, үүрэг үүсгэх чадалтай Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.

Үндэсний хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэрээг шүүх эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд шууд хэрэглэх боломжгүй. Харин энэхүү заалтын дагуу дотоодын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсон бол шүүх үндэсний хууль тогтоомжийг баримталж, хэргийг шийдвэрлэнэ.

4.Шүүхүүд олон улсын гэрээнд тусгагдсан эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхдээ тухайн гэрээ хүчин төгөлдөр болсон эсэхийг анхаарвал зохино.

Олон улсын гэрээ нь гэрээнд заасан, эсхүл хэлэлцээрт оролцсон талуудын тохиролцсон журам болон хугацаанд хүчин төгөлдөр болдог тул гэрээнд ийм заалт байхгүй, эсхүл талууд энэ талаар тусгайлсан тохиролцоогүй бол Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн 1969 оны Конвенцийн 24 дүгээр зүйлд зааснаар гэрээнд оролцогч улс орон бүр гэрээг заавал даган биелүүлэхийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болно.

Монгол Улс бүрэн эрх олгогдсон этгээдээр дамжуулан Олон улсын гэрээний тухай хуульд заасан арга, хэлбэрээр тухайн гэрээг байгуулна. Үүнд:

-    гэрээнд гарын үсэг зурах

-    гэрээг бүрдүүлэх баримт бичиг солилцох

-    гэрээг соёрхон батлах

-    гэрээг батлах

-    гэрээнд нэгдэн орох зэрэг арга хэлбэрүүд багтана.

Түүнчлэн олон улсын тухайн гэрээ Монгол Улсын хувьд хүчин төгөлдөр болсон эсэх нь түүнийг хэрэглэхэд онцгой ач холбогдолтой. Олон улсын гэрээг байгуулсан, эсхүл түүнд нэгдэн орсон улсын хувьд гэрээ хүчин төгөлдөр болох журмыг гэрээнд тусгайлан заасан байвал олон улсын гэрээ өөрөө хүчин төгөлдөр болсон хэдий ч тухайн улс орны хувьд зөвхөн энэ журмын дагуу хүчин төгөлдөр болно. Тухайлбал, гэрээнд гарын үсэг зурж, нэгдэн орсны дараа соёрхон баталсан улс батламж жуух бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш гэрээнд заасан хугацааны дараа тухайн улсын хувьд гэрээ хүчин төгөлдөр болох журам олон Конвенц, гэрээнд тусгагджээ.

5.Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно”, тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улсын Дээд шүүх, бусад шүүх нь ...албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй”, Олон улсын гэрээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээг нийтлэхдээ Монгол Улсын хууль нийтлэх журам, олон улсын бусад гэрээг нийтлэхдээ Засгийн газрын тогтоол нийтлэх журмыг тус тус баримтлана” гэж тус тус заасныг үндэслэн шүүхүүд хүчин төгөлдөр болсон олон улсын гэрээнүүдээс зөвхөн албан ёсоор нийтлэгдсэн гэрээг хэрэглэнэ.

Олон улсын гэрээ хүчин төгөлдөр болсон хэдий ч албан ёсоор нийтлэгдээгүй бол шүүх түүнийг хэрэглэхгүй.

Олон улсын гэрээний 25 дугаар зүйлийн 2-т “олон улсын гэрээг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрхлэн тусгай эмхтгэл болгон хэвлэж байна”, Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4.-т “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ”, мөн зүйлийн 43.5.-д “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, хуулийн талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар, яам, агентлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг бүрэн эхээр нь нийтэлнэ” гэж тус тус заасны дагуу Гадаад хэргийн яамнаас олон улсын гэрээг албан ёсоор орчуулсан эхийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэн нийтэлснийг “олон улсын гэрээний албан ёсны нийтлэл “ гэж үзнэ.

Монгол Улсын олон улсын гэрээ хүчин төгөлдөр болсон тухай мэдээллийг Гадаад хэргийн яам гаргаж өгнө.

6.Монгол Улсын олон улсын гэрээг эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхүүд дараах тохиолдолд шууд хэрэглэнэ:

6.1.Иргэний болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд: шүүхийн хэлэлцүүлгийн зүйл болж буй маргаантай харилцааг зохицуулсан материаллаг эрх зүйн дотоодын хуулийн зүйл, заалтаас олон улсын гэрээний зохицуулалт өөр байгаа бол;

6.2.Эрүүгийн байцаан шийтгэх болон иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд: шүүн таслах ажиллагааг явуулах эрүү, иргэн, захиргааны процессын эрх зүйн дотоодын хуулиар тогтоосон журмаас өөр журмыг олон улсын гэрээ тогтоосон бол;

6.3.Эрүүгийн байцаан шийтгэх болон иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд: шүүхийн хэлэлцүүлгийн зүйл болох харилцаа (тэдгээрийн дотор гадаадын этгээдийн оролцоотой) зөвхөн олон улсын гэрээгээр зохицуулагдаж байгаа бол;

6.4.Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд: захиргааны хариуцлагын тухай дотоодын хууль тогтоомжид заасан зохицуулалтаас олон улсын гэрээний зохицуулалт өөр байгаа бол.

Ингэхдээ Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа олон улсын гэрээг заавал соёрхон батлахаар Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т заасныг шүүхүүд анхаарвал зохино.

7.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д “Үйлдэл, эс үйлдхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг зөвхөн энэ хуулиар тодорхойлно” гэж заасан тул Эрүүгийн хуульд тусгайлан заасан тохиолдолд л эрүүгийн гэмт хэргийн шинжийг тодорхойлсон олон улсын эрх зүйн хэм хэмжээг шүүхүүд хэрэглэж болно.

 Тухайлбал, Эрүүгийн хуулийн 299 дүгээр зүйлд “Олзлогдогсод, энгийн хүн амтай харгис хэрцгий харьцсан, хүн амыг оршин суугаа нутгаас нь албадан зайлуулсан, эзлэгдсэн нутагт түүх соёлын үнэт зүйлийг тонон дээрэмдсэн, зэвсэгт мөргөлдөөний үеэр Монгол Улсын олон улсын гэрээгээр хориглосон арга хэрэгсэл хэрэглэсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Монгол улсын олон улсын гэрээгээр хориглосон хүн амыг үй олноор нь хөнөөх, устгах зэвсэг хэрэгсэл хэрэглэсэн бол арван таваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан тул энэ зүйлд заасан гэмт хэргийн объектив талыг тодорхойлоход Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай 1968 оны Конвенци, Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан, өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай Женевийн(I) Конвенци, Дайнд олзлогдогсодтой харьцах тухай Женевийн (III) Конвенци зэрэг олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн гэрээний заалтуудыг шүүхүүд шууд хэрэглэх боломжтой байна.

Эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тусгасан хэм хэмжээ бүхий олон улсын гэрээнд үндэсний хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулснаар гэрээний хэрэгжилт хангагдах талаар заасан байдаг тул Эрүүгийн хуульд заагдаагүй гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлсон Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг шүүхүүд хэрэглэхгүй.

8.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.-т “Гадаад улсын дипломат дархан эрх, эрх ямба эдэлж байгаа этгээд болон дагаж мөрдөж байгаа хууль, олон улсын гэрээний дагуу Монгол Улсын шүүхэд эрүүгийн хэргийн талаар харъяалагдахгүй бусад этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 193 дугаар зүйлд “Гадаад улсын дипломат дархан эрх, эрх ямба эдэлдэг иргэн болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд сайн дураар зөвшөөрснөөс бусад тохиолдолд Монгол Улсын шүүхийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарагдахгүй.

Монгол Улсын төрийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрөө удирдах байгууллагын урилгаар Монгол Улсад зочилж байгаа гадаад улсын төлөөлөгч, дагалдан яваа бусад хүмүүс Монгол Улсын шүүхэд үл харьяалагдана” гэж тус тус заасныг Дипломат харилцааны тухай Венийн 1961 оны Конвенц болон Консулын харилцааны тухай Венийн 1963 оны Конвенцийн зүйл, заалттай харьцуулан үзэж, эрүүгийн хэрэгт холбогдсон этгээд, иргэний хэргийн зохигч болон хэргийн бусад оролцогч дархан эрх, давуу эрх, эрх ямбын алиныг нь ямар хэмжээгээр эдлэх ёстой болохыг тодорхой тохиолдол бүрт шүүхүүд зааглан ялгаж байвал зохино.

9.Монгол Улсын олон улсын гэрээнд хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөхөөр Иргэний, Гэр бүлийн, Хөдөлмөрийн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиуд болон бусад хуульд заасныг Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”

гэж заасантай уялдуулан зөвхөн соёрхон баталсан олон улсын гэрээ дотоодын хуулиас дээгүүр хүчин чадалтай байна гэж ойлгоно.

Өөрөөр хэлбэл хууль хэлбэрээр хүлээн зөвшөөрсөн олон улсын гэрээ л дотоодын хуулиас илүү хүчин чадалтай байх буюу олон улсын гэрээний зохицуулалт хуулийн зохицуулалтаас өөр байвал олон улсын гэрээний заалт үйлчилнэ.

Монгол Улсын хуулиар соёрхон батлагдаагүй олон улсын гэрээ түүнийг байгуулсан төрийн тухайн байгууллагын хууль тогтоомжийн эрхийн актуудаас дээгүүр хүчин чадалтай байна.

10.Олон улсын гэрээг тайлбарлахад Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн 1969 оны Конвенцийн зохицуулалтыг шүүхүүд баримтална. (III анги, 31–33 дугаар зүйл) Олон улсын гэрээг тайлбарлахад хүндрэл учирвал Нэгдсэн Үндэстний байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын болон олон улсын бусад байгууллагын шийдвэр, эрхийн актыг ашиглах, олон улсын гэрээний хүчинтэй байх хугацаа, гэрээнд оролцогч улсын бүрэлдэхүүн, гэрээг хэрэглэж буй олон улсын практик зэрэг асуудлаар Гадаад хэргийн яамны гэрээ, эрх зүйн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас лавлагаа авч байвал зохино.

11.Гадаад улсын шүүхийн даалгаврыг биелүүлэх, гадаад улсад шүүхийн даалгавар явуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхүүд хэрэгжүүлэхдээ гадаадын тухайн улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцаа үзүүлэх Монгол Улсын хоёр талт олон улсын гэрээ, ийм гэрээ байхгүй бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 1954 оны Конвенцийн зүйл, заалтыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын хамт баримтална.

Иргэн, гэр бүлийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын хоёр талт олон улсын гэрээ нь нарийвчилсан зохицуулалттай, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1954 оны Конвенц нь ерөнхий зохицуулалттай гэрээ болно. Хоёр талт гэрээгээр тусгайлан зохицуулсан асуудалд Конвенцийн энэ талаарх заалтыг баримтлах шаардлагагүй ба харин хоёр талт гэрээнд тусгайлан зохицуулаагүй асуудлаар Конвенцийн заалтыг баримтлана.

12.Гадаад улсын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журам нь Монгол Улсын хууль тогтоомж, гадаад улстай байгуулсан буюу нэгдэн орсон Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлогдоно.

Монгол улс тухайн гадаад улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээнд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх асуудлыг тусгасан бол гэрээний уг заалт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай эрх бүхий этгээдийн хүсэлтээр шийдвэрлэнэ.

Монгол Улс тухайн гадаад улстай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулаагүй, эсхүл уг гэрээнд шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай асуудлыг тусгаагүй бол гадаад улсын шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах асуудлыг шүүх шийдвэрлэхгүй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 1954 оны Конвенцийн III бүлэгт шүүхийн бүх шийдвэрийг гүйцэтгэх талаар бус харин шүүхийн зардал төлүүлэх шийдвэрийг биелүүлэх талаар тусгасан байх тул шүүхийн зардал төлүүлэх тухай гадаад улсын шийдвэрийг албадан гүйцэтгэх асуудлыг шүүхүүд Монгол Улс тухайн гадаад улстай хоёр талт гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран Конвенцийн заалтыг баримтлан шийдвэрлэнэ.

Гадаад улсын шүүхийн шийдвэр гэдэгт тухайн маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг ойлгоно. Албадан гүйцэтгүүлэх шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон, шийдвэрийн үнэн зөв байдал нь түүнийг гаргасан шүүхээр баталгаажсан, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг тухайн шүүх зөвшөөрөн дэмжиж байгаа, шийдвэрийн эх албан ёсоор орчуулагдсан, зохих журмын дагуу ирүүлсэн байх шаардлагатайг шүүхүүд анхаарвал зохино.

Гадаадын арбитр буюу арбитрын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай хүсэлтийг Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай 1958 оны Конвенцийн зүйл, заалтын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт зааснаар шүүхүүд шийдвэрлэнэ. Гадаад улсын шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэснээр Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй, Монгол улсын нийтийн эрх зүйн дүрэмд харш, эсхүл зохигчдын хоорондох тухайн маргааныг Монгол Улсын шүүх хянан шийдвэрлэж, шүүхийн хүчин төгөлдөр өөр шийдвэр гарсан, эсхүл иргэний хэрэг үүсгэгдэн, хянан хэлэлцэгдэж байгаа, тухайн хэрэг Монгол Улсын шүүхийн онцгой харьяалалд хамаардаг, эсхүл гадаад улсын шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй буюу хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхой бус, шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар шаардлага тавих хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаа сэргээгдээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдвол гадаад улсын шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх тухай сонирхогч этгээдийн хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж, энэ талаарх үндэслэлийг шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд тодорхой заана.

13.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын Дээд шүүхийн Тамгын Газарт даалгах нь:

13.1.Хүний эрхийн Үндэсний комисс, Гадаад хэргийн яамны гэрээ, эрх зүйн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Монгол Улсын олон улсын гэрээний албан ёсны орчуулга, гэрээний жагсаалт, тэдгээрийн хүчинтэй байх хугацаа, хүчин төгөлдөр болсон хугацаа, Монгол Улсын нэгдэн орсон хугацаа, албан ёсоор хэвлэн нийтлэгдсэн байдал зэрэг асуудлаар нийт шүүх, шүүгчдийг үнэн, зөв мэдээллээр цаг алдалгүй хангаж байх.

13.2.Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төвтэй хамтарч шүүгчдийн болон шүүхийн ажилтнуудын үргэлжилсэн, давтан сургалтад олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ болон Монгол Улсын олон улсын гэрээг судлах, сургалтын материал гарын авлагаар хангах, сургалтын хөтөлбөрт оруулах зэрэг асуудлыг онцгой анхаарч ажиллах.

13.3.Улсын Дээд шүүхийн Эрүүгийн, Иргэний, Захиргааны хэргийн танхимууд болон Судалгааны төвтэй хамтран олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж буй шүүхийн практикийг судлаж, нийт шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааны хүрээнд судалгаа, сургалтын ажил зохион байгуулах

14.Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтыг лавлагааны журмаар ашиглахыг нийт шүүх, шүүгчдэд мэдэгдсүгэй.

 

 

 

                                                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

 

                                                                                   ИРГЭНИЙ ХЭРГИЙН

                                                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Ц.АМАРСАЙХАН

 

                                                                                 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

                                                                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Б.БАТСАЙХАН

 

                                                                                ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

                                                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                О.ЗАНДРАА