Хэвлэх DOC Татаж авах
КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 185



Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 94 дэх хэсгийн “Концессын зүйлийн нэр” баганы “Төмөр замын нэгдүгээр үе шат” гэснийг “Төмөр замын нэг, хоёрдугаар үе шат”, “Концессын зүйлийн тодорхойлолт” баганы “Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн 1040 км төмөр зам барих” гэснийг “Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Нарийнсухайт-Шивээхүрэн, Ухаа худаг-Гашуунсухайт, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг, Хөөт-Бичигт чиглэлийн 2000 км төмөр зам барих” гэж тус тус өөрчилсүгэй.


2. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 4.1.2-ын 2 дахь хэсэгт заасан төмөр замын шугамын царигийн өргөнтэй холбоотой асуудлыг Засгийн газарт оруулж улмаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд даалгасугай.


3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан төмөр замын нэг болон хоёрдугаар үе шатын концессын зүйлийг холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн 2011 онд багтаан зохион байгуулах арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай. 


           Монгол Улсын Ерөнхий сайд                                                         С.БАТБОЛД 


          Монгол Улсын сайд, 


         Засгийн газрын Хэрэг 


         эрхлэх газрын дарга                                                                         Ч.ХҮРЭЛБААТАР