A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ ЗАРИМ ТҮҮХИЙ ЭДИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2000 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 50

Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэнд даалгах нь:

а/"Ноолуур" хөтөлбөрийг 2000 оны П улиралд багтаан боловсруулсугай;

б/ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн техник, технологийн түвшин, бүтээгдэхүүний чанарыг холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран 2000 оны 5 дугаар сард багтаан аттестатчилах арга хэмжээ авсугай;

в/Баяндэлгэр, Эрчим, Буурал, Өлгийн улаан зэрэг нутгийн шилмэл омгийн ямааг сонгон үржүүлэх, сайжруулагчаар ашиглах бүс нутгийг тогтоосугай.

2.Мал аж ахуйн гаралтай зарим түүхий эдийн экспортыг сайн дурын хязгаарлалтад хамруулах, түүхий эд экспортлох эрхийг багцлан дуудлага худалдаагаар олгох тогтолцоо бий болгох боломжийг судлан санал боловсруулж энэ оны П улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Гадаад харилцааны сайд Н.Туяа нарт даалгасугай..

3.Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн чанарын стандартыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх, экспортод гаргаж буй түүхий эдэд тавих мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтыг бүх шатанд сайжруулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Я.Очирсүх, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн нарт даалгасугай.

4.Ноолуурын салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Сангийн сайд Я.Очирсүхэд даалгасугай.

5.Ноолуур, ямааны арьсыг гүний болон байнгын ажиллагаатай гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлт хийж улсын хилээр гаргахыг Улсын гаалийн ерөнхий газрын дарга Т.Лхагваад даалгасугай.

(2009-04-29-ний өдрийн 132 дугаар тогтоолоор энэ зүйлийн хэрэгжилтийг 2009-05-01-нээс 2009-12-31 өдрийг хүртэл хугацаанд зогсоосон)

6.Мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа, гаалийн бүрдүүлэлтгүй хууль зөрчин улсын хилээр гаргахыг завдсан болон гаргасан түүхий эдийн тухай мэдээллийг холбогдох байгууллагад өгсөн, зөрчлийг илрүүлсэн байгууллага, албан тушаалтан, иргэдэд зөрчлийн улмаас хураагдсан түүхий эдийн орлого болон борлуулалтын орлогын дүнгийн 15 хүртэл хувийг урамшуулал болгон олгож, 15 хувийг орон нутгийн төсөвт олгох журмыг 4 дүгээр сарын эхний 15 хоногт баталж мөрдүүлэхийг Сангийн сайд Я.Очирсүхэд даалгасугай.

7.Аймаг, сумын Засаг дарга нарт даалгах нь:

а/ямааны үүлдэрлэг байдал, сүргийн бүтцийг нарийвчлан тогтоож, нарийн ноолуур бүхий цөм сүргийг бүрдүүлэх, бүртгэл мэдээллийн сүлжээ бий болгох арга хэмжээ авсугай;

б/гойд ашиг шимт ямааны дуудлага болон үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулсугай;

в/ямааг бруцеллёз, хамуу зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй.

8.Түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолтыг тухайн сумын Засаг даргаас олгодог журам тогтоох асуудлыг судлан үзэж шийдвэрлэхийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Сангийн сайд Я.Очирсүх, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

9.Ноолуур, ямааны арьсыг экспортод гаргахад тавих төрийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд туслах, давхар хяналт тавих хөдөлгөөн өрнүүлж ажиллахыг холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэр, аж ахуйн газрын удирдлагад зөвлөсүгэй.

10.Энэ тогтоолын 5 дугаар заалтыг 2000 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Дэд бүтцийн хөгжлийн сайд бөгөөд Хөдөө аж ахуй,үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.БАТХҮҮ