A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЦАГИЙН БАЙДАЛ,ТҮҮНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 77

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт 2001 оны 2 дугаар сарын эхээр олон улсын "А" жагсаалтын малын гоц халдварт шүлхий өвчин гарч, улмаар мөн аймгийн болон Дорнод, Хэнтий аймгийн зарим сумын нутаг, нийслэлийн гурван дүүргийн зарим хорооны дэвсгэрт халдварлан тархсанаас хорио цээрийн онцгой дэглэм тогтоосон 26 голомтын бүсэд 784 өрхийн 3632 хүн, 65497 мал хамрагдсан байна. Хорио цээрийн дэглэмийг сахиулах, уг өвчин халдварлан тархахаас урьдчилан сэргийлэх ажилд 2900 гаруй хүн, 170 машин, механизм, хяналтын пост 252, ариутгалын 33, устгалын 28 цэг ажиллаж, 2430,5 мянган малд хоёр удаа вакцинжуулалт хийв. Гоц халдварт өвчнөөр 197 мал үхэж, өвчилсөн 1174 мал, амьтныг зориудаар устгалаа. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, халдварлан тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан эхний ээлжинд Засгийн газрын нөөц хөрөнгөөс 945,7 сая төгрөгийн зардал гаргаад байна.

Манай оронд малын гоц халдварт өвчин дэгдэлт хэлбэрээр халдварлах, тархах нь зогсоод байгаа болон энэ өвчний дэлхий дахины цагийн байдлыг үндэс болгон Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

/ 1-3 дэх хэсгийг Засгийн Газрын 2001 оны 101-р тогтоолоор хүчингүй болсон/

4. Аймгийн Засаг дарга нарт даалгах нь:

а/иргэний хамгаалалтын төлөвлөгөөндөө 2001 оны 6 дугаар сард багтаан тодотгол хийж, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах арга хэмжээ авсугай;

б/төсөв, төлөвлөгөөндөө зохицуулалт хийх замаар Улсын байнгын онцгой комиссоос тогтоож өгсөн нормативын дагуу хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед ажиллах чадвартай нэгээс доошгүй хээрийн штаб дэлгэх, түүнд шаардагдах эм, ариутгалын бодисыг нөөцлөх, ажиллах хүчийг томилгоожуулан сургаж бэлтгэх арга хэмжээг энэ онд багтаан авсугай;

в/малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх сэдвээр мал аж ахуйн мэргэжилтнийг оролцуулсан семинар, үзүүлэх сургуулийг 2001 оны Ш улиралд багтаан нэгдсэн төлөвлөгөө, аргачлалын дагуу зохион байгуулсугай;

г/ сум бүрийг 2001 онд багтаан мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчтай болгож, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг эрчимжүүлсүгэй.

5. Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

/5-р хэсгийн "а" заалтыг Засгийн Газрын 2001 оны 101-р тогтоолоор хүчингүй болсон/

б/зуд, байгалийн гамшиг, өвчний улмаас хорогдсон мал, ан амьтны сэг зэмийг цуглуулж устгах, бэлчээр, бууц, худаг, тэдгээрийн орчин, ил задгай усны эх булгийг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх, хүн, малын ундны усны эхийг ариун цэврийн хамгаалалтын бүстэй болгох арга хэмжээг энэ оны эхний хагас жилд багтаан авсугай.

6. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгах нь:

а/олон улсын "А" жагсаалтад хамаарах малын гоц халдварт өвчнийг дотооддоо найдвартай оношлох лаборатори байгуулах, урьдчилан сэргийлэх биобэлдмэл үйлдвэрлэх чиглэлээр төсөл боловсруулж 2001 онд багтаан Засгийн газарт оруулсугай;

б/малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх сэдвээр орон нутагт зохион байгуулах семинар, үзүүлэх сургуульд шаардагдах нэгдсэн төлөвлөгөө, аргачлал, гарын авлагыг 2001 оны 7 дугаар сард багтаан боловсруулж хүргүүлэх, энэ чиглэлээр 2002 оноос эхлэн тусгайлсан сургалт явуулж, мал эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийг дээшлүүлэх арга хэмжээ авсугай;

в/мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, дамжин өнгөрүүлэхэд тавих мал эмнэлгийн хорио цээр, ариун цэврийн хяналт, шаардлагыг чангатгах асуудлаар санал боловсруулж энэ оны 7 дугаар сард багтаан Засгийн газарт оруулсугай.

7. Малын гоц халдварт өвчний гаралт, халдварын тархалтын гадаад, дотоод цагийн байдал, магадлалыг харгалзан халдварын голомттой байсан, эрсдэл ихтэй аймаг, хотын болон улсын хилийн дагуухь сумдын малыг дархлаажуулах ажлыг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэх, түүнд шаардагдах зардлыг мал эмнэлгийн эмчлэн сэргийлэх арга хэмжээний төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

8. Сургалтын төлөвлөгөө, төсөвтөө нэмж тусгах замаар малын гоц халдварт өвчний оношилгоо, уг өвчинтэй тэмцэх стратегийн чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх арга хэмжээг 2001-2002 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид нарт даалгасугай.

9. Хүн, малын гоц халдварт өвчин хил дамжин тархахаас сэргийлэх зорилгоор бүх төрлийн тээврийн хэрэгсэл, зорчигчдыг ариутгал хийн хил нэвтрүүлж байх бэлтгэлийг энэ оны 6 дугаар сард багтаан хангахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, хилийн боомт бүхий аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

10. Зээр, бусад зэрлэг амьтны хөдөлгөөн, өвчлөлийн байдалд байнга тандалт, судалгаа, ажиглалт хийж, шаардлагатай мэдээллээр Улсын байнгын онцгой комисс, холбогдох албадыг хангаж байхыг Байгаль орчны сайд У.Барсболд, нутгийн захиргааны бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

11. Нийслэлд байгаа мал, амьтан болон түүхий эдийн захыг оновчтой байршуулах талаар санал, хөтөлбөрийн төсөл боловсруулан 2001 оны 7 дугаар сард багтаан Засгийн газарт оруулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдод үүрэг болгосугай.

12. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хамгаалах, хангамж нөөцийн улсын албанд тавигдах иргэний хамгаалалтын шаардлагыг боловсруулан гаргаж, түүний үйл ажиллагааг удирдан чиглүүлж байхыг Улсын иргэний хамгаалалтын газрын дарга О.Үржинд даалгасугай.

13. Малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэмийг зөрчсөн болон бусад хэлбэрээр хариуцлага алдсан албан тушаалтан, иргэдтэй зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохыг Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн Засаг дарга, хууль сахиулах байгууллагын эрх баригч нарт үүрэг болгосугай.

14. Энэ тогтоол гарсантай холбогдуулан дор дурдсан тогтоол, тогтоолын заалтыг хүчингүй болсонд тооцсугай:

а/"Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэх тухай" Засгийн газрын 2001 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр тогтоолын 2-10, 15, 16 дугаар зүйл;

б/"Нэмэлт арга хэмжээ авах тухай" Засгийн газрын 2001 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар тогтоол;

в/"Малын гоц халдварт өвчний цагийн байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2001 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар тогтоол;

г/"Гоц халдварт өвчний цагийн байдалтай уялдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2001 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 42 дугаар тогтоолын 1-5, 8-11 дүгээр зүйл;

д/"Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэх тухай" Засгийн газрын 2001 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл.

Хэвлэх

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД