A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2004 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 104

Улаанбаатар хот

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЦАГИЙН БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Сүхбаатар, Дундговь аймгийн зарим сумын нутагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтыг устгах арга хэмжээ болон халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын үр дүн, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, Гамшигтай тэмцэх комиссын хуралдааны шийдвэрийг харгалзан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Наран сумын нутаг дэвсгэрт тогтоосон хорио цээрийн онцгой дэглэм, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж 5 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтоон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй./ Засгийн газрын 2004 оны 125 дугаар тогтоолоор 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсон./

2. Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг дэвсгэрт тогтоосон хорио цээрийн онцгой дэглэм, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг болон Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян, Халзан, Дарьганга сумын нутагт тогтоосон хорио цээрийн хязгаарлалтын дэглэм, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2004 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн цуцалсугай..

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаар тогтоолын 1, 2 дугаар зүйл, "Хорио цээрийн дэглэм, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулах, цуцлах тухай" Засгийн газрын 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 90 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ